Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Жүжигчин О.Анхсүх: “Гарц” киногоор зөв, буруу үйлийн ялгаа, хор уршиг алсдаа ямар байдгийг ойлгуулахыг хүссэн DNN.mn

Жүжигчин О.Анхсүхтэй ярилцлаа.  Тэрбээр 2015 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Одоогоор“Гарц” олон ангит киноны гол дүрийг бүтээгээд байгаа билээ.


-Таны хувьд үзэгчдийн таашаалыг ихээр хүртээд байгаа “Гарц” олон ангит киноны Санчирын дүрийг бүтээсэн. Энэ кино таны тоглосон хэддэх уран бүтээл вэ?

-Тоолж үзээгүй болохоор сайн мэдэхгүй л байна. Гэхдээ 10-аад байгаа байх аа.

-Аливаа кино уран бүтээлийн дүр болгон өөрийн гэсэн онцлог, илэрхийлэх санаатай байдаг. Санчирын дүрээр ямар хүнийг гаргахыг зорьсон бэ?

-Санчир бол бүтэлгүй, хөгжилтэй маш цайлган залуу. Амьдралд засах ёстой алдаа, үнэлэгдэх сайн чанар нь тэнцүүхэн хүн байдаг даа. Яг тийм л гэнэн бүтэлгүй дүүгийн дүр.

-Кинон дээрх Санчир амьдрал дээрх Анхсүх хоёр хэр ялгаатай хүмүүс вэ?

-Тэс өөр хүн. Миний хувьд амьдрал дээрээ тэр бүр бүтэлгүйтэхийг хүсээд байдаггүй. Хариуцлагатай байж шаргуу хөдөлмөрлөхийг эрхэмлэж өдийг хүрсэн. Жишээ нь, би бодит амьдрал дээрээ хэзээ ч койнд хууртахгүй. Гэтэл Санчир бол эсрэгээрээ хүн шүү дээ.

-Таны амьдралдаа баримталдаг хамгийн гол гурван зарчим юу вэ?

-Ямарч зүйлд хариуцлагатай байхыг зорьдог. Хүний итгэлийг алдахгүй ажиллахыг маш их хичээдэг. Амжилтад хүрэх зорилготой учраас шаргуу хөдөлмөрлөх ёстой гэж боддог. Эдгээрийг л амьдралынхаа хамгийн гол зарчим болгоод хэрэгжүүлээд явж байна.

-Та саяхан аав болсон шүү дээ. Аав болох мэдрэмж ямар байсан бэ?

-Тэр бол үнэхээр гайхамшигтай бас урьд өмнө нь хэзээ ч авч байгаагүй сонин мэдрэмж байсан. Зургадугаар сарын 3-нд аав болоод хүүтэйгээ маргааш нь анх удаа уулзсан. Тэгээд киноныхоо клипний зураг авалт руугаа явж байхдаа их уйлсан. Яагаад уйлж байна вэ гэхээр хүүгээ хараад баярлаад, эхнэрээ бодоод… Мөн өөрөө аав болчихоор аав, ээжийгээ хүртэл бодохоор нулимс гардаг юм билээ. Миний хувьд аав болж байгаа анхны мэдрэмж ч гэлээ миний том охин ээжтэйгээ хамт надтай учирч байсан. Хоёр сайхан хүүхдийн аав болсондоо баяртай байдаг. Тэгээд бүх зүйлийн ард байдаг намайг дэмжиж тусалдаг гэрийнхэндээ, ханьдаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Таны хувьд гэрийн эзэн, аав хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-Гэргийтэйгээ, хүүхэдтэйгээ сайн ярилцдаг, ойлгодог байх хэрэгтэй. Мөн хариуцлагатай, хөдөлмөрч байх ёстой юм болов уу гэж боддог. Миний хувьд гэр бүлээ бат бөх авч явахыг хичээж байгаа.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Одоогоор кино зохиолоо бичээд найруулах  хүсэлтэй байгаа. Их сургуулиа төгсөөд нэлээдгүй олон уран бүтээлийн арын албанд ажилласан. Энэ салбарын бүх ажлыг ойлгож, суралцаж байж сайн чанартай уран бүтээл хийнэ. Тийм учраас өөрийгөө маш сайн бэлтгэх хэрэгтэй.

-“Гарц” олон ангит киногоор нийгэмд өгөхийг хүссэн хамгийн том мессеж юу байв?

-Хүн болгон алдаагаа залруулах гарцыг хайж байдаг. Харин тэр гарцыг яаж сонгох нь маш чухал гэдгийг харуулж байгаа. Зөв, буруу үйлийн ялгаа, хор уршиг алсдаа ямар байдгийг үзэгчдэд ойлгуулахыг хүссэн.

-Кино зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ?

-“Гарц” олон ангит киног үзэж байгаа нийт үзэгчдэдээ баярлалаа. Мөн кино багийнхандаа баяр хүргэе. Бид зургаан сарын хугацаанд зураг авалтаа хийсэн.  Хүн болгоноос маш их хөдөлмөр гарсан. “FALCO” энтертайнмент, найруулагч Б.Саруулбуян, гүйцэтгэх продюсер Сүхээ гээд залуучуудаараа маш их бахархаж байна. Маш зоригтой хөдөлж, маш сайн уран бүтээл гаргасан найруулагчдаа тусгайлан баяр хүргэмээр байна.

-Шинэ залуу үеийн дүү нартаа зориулж юу хэлмээр байна?

-Өөрөө өөртөө үнэнч байгаараа л гэж хэлмээр байна. Үнэн байх чинь өөрөө хүний амьдралын хамгийн гол зарчим шүү дээ. Өөрийгөө алдахгүй зөв хэмнэлээр амьдраарай гэж хэлмээр байна.

Б.АНУ

One reply on “Жүжигчин О.Анхсүх: “Гарц” киногоор зөв, буруу үйлийн ялгаа, хор уршиг алсдаа ямар байдгийг ойлгуулахыг хүссэн DNN.mn”

Сайн уу дүү ажилд нь амжилт амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *