Хаврын улиралд хүмүүсийн сэтгэл зүйд яагаад өөрчлөлт илэрдэг талаар “Сэтгэл зүйн зөвлөгөө” цуврал номын зохиолч, Австрийн Зигмунд Фройд их сургуулийн докторант Д.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
——————————————————————————————
-Хаврын синдром гэж үнэхээр байдаг уу. Үүний шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?
-Шинжлэх ухааны нэршил нь яг ч хаврын синдром биш Seasonal Affective Disorder буюу Улирлын сэтгэл санааны эмгэг. Тиймээс зөвхөн хавар ч биш, ямар ч улиралд Улирлын сэтгэл санааны эмгэг илрэх боломжтой. Өвөл, зун, хавар, намар аль ч улиралд тухайн хүний онцлогоос хамаарна. Жишээлбэл, өвөлтэй холбоотой, өвөл болж байсан таагүй дурсамжтай хүнд өвлийн улиралд энэ эмгэг илрэхийг үгүйсгэхгүй. Хаврын улиралд байгаль дэлхий сэргэж, ногоо нахиалж, амьтад ичээнээсээ гарахтай зэрэгцэн хүмүүст маниа буюу хөөрөл илэрдэг. Хүмүүсийн сэрэл мэдрэхүй ч бас сэргэж байдаг. Маниа гэдэг нь байполар буюу хоёр туйлт эмгэгт илэрдэг нэгэн шинж юм. Хоёр туйлт эмгэг нь нэг бол маш их хөөрөлд автдаг, эсвэл гүн сэтгэл гутралд ордог. Хүнийг гаднаас нь хараад хөөрөл нь давамгайлсан байна уу, гутрал давамгайлсан байна уу гэдгийг тодорхойлж болно. Хаврын улиралд хүмүүс хөөрөлд автаад унтах нь багасах, их ярих, хөдөлгөөний идэвхтэй болох гэх мэт шинж тэмдэг илэрдэг.
-Тиймээс хүмүүс хөөрөлд автдаг юм байна?
-Хүмүүс зөвхөн хөөрөлд автаад эрч хүчтэй байхаасаа гадна сэтгэл гутралд ч автаж байдаг. Нэг хэсэг нь хөөрөлд автдаг бол нэг хэсэг нь сэтгэл гутралд автдаг. Жишээлбэл, 2016 онд хийсэн нэгэн судалгаагаар хаврын улиралд амиа хорлолт бусад улирлаас илүү тохиодог. Хавар болоод уур амьсгал гоё байж болох ч хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хүмүүс энэ үеэр амиа хорлох өндөр эрсдэлтэй байдаг. Үргэлж инээгээд, баярлаад явж байсан хүн долоо хоногийн дараа орноосоо ч босох тэнхэлгүй болтлоо сэтгэл гутралд өртөж болно.
-Хүмүүст хөөрөл гэлтгүй хямрал бас үүсдэг байх нь?
– Хэрвээ сайн анзаарвал ажлын газрын тань хүмүүст ч хавар болсонтой холбоотой өөрчлөлт гарч байгаа. Даруухан, ичимхий, дотогшоогоо хүмүүс цоглог, санаачилгатай, гадагшаа хандлагатай болчихсон байдаг. Гадуур шоудах, хүмүүстэй уулзах гэх мэт нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоно. Мэдээж тухайн үедээ зүгээр ч гэсэн төгсгөл хэсэг буюу хөөрөл дуусах үед сэтгэл гутралд автах эрсдэлтэй байдаг. Тэр хэсэгт хүмүүс хоосорсон, цөхөрсөн мэдрэмжид автдаг. Хүн ганцаараа бие дааж сэтгэл зүйн хүнд нөхцөлөөс гарах бэрх. Тиймээс ойр тойрныхоо хүмүүсийг анхаарч байх хэрэгтэй.
-“Чингис хаантай уулзлаа, Эйнштентэй хамт аугаа онол нээчихлээ” гээд байдаг хүмүүс ямар учиртай вэ?
-Хийрхэх эмгэг буюу жүжигчлэх. Тэдгээр хүмүүс амьдралыг тайз гэж хардаг, өөрийгөө жүжигчин гэж итгэдэг.Бүх зүйлсийг жүжигчилсэн хэлбэрээр харуулах гэдэг тийм эмгэг юм. Шизофрений үндсэн хоёр шинж буюу дэмийрэх, хийрхэх гэсэн хоёр шинж илэрч байгаа юм. Бодит бус зүйл бодож, харж байна гэсэн үг.
-Хавар гудамжинд хувцасгүй гүйгээд байдаг хүмүүс ямар сэтгэл зүйн асуудалтай байдаг вэ?
-Ямар үйлдэл гаргаж байгаагаас хамаараад өөр өөр онолоор тодорхойлогддог. Жишээлбэл, хувцасгүй гадаа явж байгаа шалтгаан хөөрөлөөр тайлбарлагдана. Биеийн хэмээр ч тайлбарлагдаж болно. Нарны гэрэл нөлөөлж, цусны эргэлт хурдсаж биед өөрчлөлт ордог гэсэн үг. Нарнаас үүдэж хүний оюун ухаан, бодол санаанд өөрчлөлт орж байгаа юм.
-Энэ төрлийн эмгэгтэй хүмүүс өөрийгөө хянаж чадах уу?
-Хурцадмал шинж чанартай хүмүүс мэдээж СЭМҮТ-ийн хараа хяналтанд байдаг. Сэтгэл гутралтай, хөөрөл ихтэй байна гэдгээ өөрөө анзаарч чадах хүн ховор. Олон хүмүүс тусламж авч чаддаггүй. Хүүхэд залуус тэр дундаа мэргэжлийн хүнээс тусламж зөвөлгөө авах боломж хомс байна. Хүүхдүүдэд улирлын сэтгэл санааны эмгэг уур бухимдлаар илэрдэг. Хүүхдүүд тулгамдсан асуудлынхаа тухай хэлэхэд “үхсэндээ маяглаад байгаа юм” гэсэн хандлага эцэг эхчүүд гаргаж болохгүй. Хүүхдүүд мэдрэмжээ илэрхийлэх үед сонсож ойлгох гэж хичээх хэрэгтэй.
-Хаврын улиралд хүмүүс сэтгэл зүйн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?
-Орчин үед монголчууд энэ тал дээр анхаардаг болсон нь сайн хэрэг. Энгийн боловч хоол хүнсээр дамжуулан шим тэжээлээ сайн авах, бөх унтаж амрах хэрэгтэй. Усанд орох хүртэл их сайн. Сэтгэл гутралтай хүмүүст илэрдэг нийтлэг шинж нь усанд ордоггүй. Тиймээс усанд орох, хүнийг маш сайхан сэргээдэг. Дуртай спортоороо хичээллэх, амин дэм хэрэглэх зэрэг нь сайн.
-Эдгээр зүйлсийг хийсэн ч үр дүнд хүрэхгүй бол яах вэ?
-Хүн эдгээр зүйлсийг хийгээд хичнээн сэтгэлийн гүндээ, угтаа шарх болон асуудалтай бол түүнийг шийдвэрлэх, эдгээх хэрэгтэй. Хэт их ганцаараа давж туулах гэж хичээх нь буруу. Энэ нь сүүлдээ хийх ёстойн дарангуйлалд ордог. “Би бүгдийг оролдож үзлээ, гэтэл” гэдэг асуулттай нүүр тулдаг. Хүн унтаж чадахгүй, цөхрөлд автаад, байнга ядраад, хүмүүстэй харилцах хэцүү байгаа бол мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Бөөр өвдөөд байна гээд эдгэхийг нь хүлээгээд, эсвэл өөрөө эмчилдэггүй шүү дээ. Үүнтэй л ижил.
Н.Нарванчин