Categories
мэдээ улс-төр

С.Баярцогт: Намайг яагаад дуудсаныг ойлгохгүй байна DNN.mn

Нүүрсний хулгайн асуудлаарх УИХ-ын Хянан шалгах түр хорооны хоёрдугаар шатны хоёр дахь өдрийн сонсгол өчигдөр боллоо. Сонсголын эхэнд шинжээчийн зүгээс Эрдэнэс Тавантолгой компанийн худалдах, худалдан авах гэрээний ерөнхий мэдээллийг хүргэсэн.


ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -2011 оноос хойш 826.4 сая ам.долларын алдагдсан боломж байсан гэж шинжээч дүгнэж байна. Энэ зардал нь хаана зөрүү гарч алдагдсаныг Эрдэнэс Тавантолгой уурхайгаас Цагаанхад дахь талбай хоорондын замд тээврийн зардал тонн тутамд 10-14.2 ам.долларын зардал гардаг бол Цагаанхаднаас Гашуунсухайт боомт хүртэлх замд тээврийн зардал 28-121.8 ам.доллар гардаг.

2013 оны есдүгээр сард толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХК-ийн ТУЗ-ийн дарга болсон. Тэр үед уурхайн ажиллагаа хүнд, ТиЖиӨүК компани нь ажлаа хаячихсан, хилээр ганц нэг машин Чалкогийн өрөнд гардаг байсан. Мөнгө орж ирэхгүй бол хөрсөө хуулах зэргээр үйл ажиллагаа явуулж чадахгүй байдалд байсан. Гэрээний үйлчилгээний үнэ гэвэл мэдэхгүй. Харин гэрээт олборлогч, өмч хөрөнгөө үнэ төлбөргүй шилжүүлсэн тухай надад маш их мэдээлэл байгаа. Өмнө нь би өвчтэй байсан учраас ярьж чадаагүй. Намайг ажилд орох үед Чалко компанийн өрийг төлөх асуудал байсан. 2012 онд 300 гаруй сая ам.доллар зээлж аваад Хүний хөгжил санд төвлөрүүлэн халамж болгоод тараачихсан. Гэрээн дээр Зүүнцанхын нүүрс өрөнд явна гэдэг байсан.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: -Би 2012 онд томилогдсон. Олборлосон нүүрсийг нэг ч грамм дутаахгүйгээр гэрээний хүрээнд Чалко компанийн өрөнд жил гаруй явуулсан. Тухайн үед гэрээний үнэ сар бүр 70 ам.доллароор буурч байсан. Хятадын зах зээлийн индексийн дагуу үнэ унавал дагаж унадаг. Бид үнэ зохиодоггүй байсан. Тэр үнэ нь Хятадын зах зээлийн үнийг өөрсдөө зохиож, хатуу индексжүүлж сар бүр үнээ шинэчилдэг байсан.

Борлуулалтын хэлтсийн дарга Б.Серкажан: -Би “Эрдэнэс Тавантолгой” компанийн Борлуулалтын албанд 2011 оноос хойш ажиллаж байна. 2021 онд Ганцмод боомтод нүүрсний үнэ 437 ам.доллар хүрч байсан. Тухайн үед ТУЗ-ийн тогтоолоор нүүрсний үнэ тогтоох аргачлал баталсан. Энэ аргачлалаар улирал тутамд нүүрсний үнэ өөрчлөгддөг байсан. Ингэснээр манай нүүрсний үнэ 101.7 ам.долларт хүрсэн.

ХЗДХийн сайд Б.Энхбаяр: -НАБТ талбайн эрх ашиг хөндөгдсөн ямар бүлэглэл нөлөөлсөн гэж үздэг вэ. Бид өчигдөр (уржигдар) нэлээд тодорхой асуудлууд ярьсан. Таны яриа ч нотлогдсон. Өөрөөр хэлбэл нэр бүхий улстөрчид тухайн үед буюу анх НАБТ-ийн талбайг байгуулж, гадаадын иргэдтэй хамтарч Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, жижиг Тавантолгой компанийн ТУЗ-ийн гишүүд хамтарч монополи үүсгэж байсан. Эхний сонсголоор тус талбайд гадаадын иргэдийн хөрөнгө оруулалттай компаниудад газар олгосон асуудалд УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх н.Мөнхцэцэгийн компани явж байсан. Анх 2011 онд НАБТ-ийн талбайд компани байгуулсан гэж байгаа. Тэр эрх ашгийг нь хөндсөн юм уу, тэгээд хонгилдуулчихсан юм уу. Та бодит үнэнийг хэлэх хэрэгтэй байна. Энэ эрх ашиг том бүлэглэл бий болгож, 20 км зайд мөнгө хийдэг, төр үүнийг хөндөхөөр иргэдийг санхүүжүүлж акцалж маш их хэмжээний мөнгө угаадаг схемийн асуудал яригдаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХКийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: -Намайг ажилд орох үед Цагаанхадаар дамждаг байсан. Гүний гааль байгуулаад шууд ачдаг болгосон учраас тэр гэрээг нь хүчингүй болгосон. Гэтэл тус компани шүүхэд хандсан. Танайх тендер зарлаж ажил удчихаад цуцалсан байна. Тиймээс тус компанийн талбайг худалдаж ав гэсэн шүүхийн шийдвэр гарсан. 17 тэрбум гэдэг чинь тэр шүү дээ. Энэ дүн таван тэрбум гаруй байсан юм. Бид мөнгийг нь өгөхгүй хэсэг гүрийсэн. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай дансыг хааж байгаад мөнгийг нь аваад явсан. Манайхыг тухайн үед өдөр бүр шалгалт оруулж, байцаалт авч, бүх тендерт шалгалт оруулдаг байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гарсан асуудалд ял өгч хонгилдохын тулд шүүхээр шийдэгдсэн асуудлыг дахиж үнэ нь өндөр байна гэж өөрсдийн үнэлгээний компаниар 5.8 тэрбумыг 2.6 тэрбум болгосон байна гээд мөнгө шамшигдуулсан хэргээр ял өгсөн. Баяннуурын голчилсон бүлэглэл үнэхээр хүчтэй. Бид Цагаанхадыг Засгийн газрын шийдвэрээр хаалгаж байсан. Би хүний нэр дурдах боломжгүй байгаа тул шинжээчид УБЕГ-аас харсан нь зөв байх.

УИХын гишүүн Т.Доржханд: -Я.Батсуурь захирал хонгилдуулсан гээд ярьж байна. Цаад хүнийг нь Иргэний бүртгэлээс авчих гэлээ. Ингэхээр хулгайч явахгүй байна. Ялаа эдэлчихсэн юм байна. Айхгүйгээр нэрлэ л дээ. Уучлаарай, ямар нэгэн байдлаар хариуцлагаа хүлээчихсэн бол хэлэх хэрэгтэй. Манай төмөр замыг гацаасан үндэслэл энд байна. Илүү их мөнгө олдог машинууд байгаа учраас тэр. Уурхайгаас Гашуунсухайт руу зөөдөг байсан бол дунд нь нэг зогсоосон байна. Хятад компаниуд л зохион байгуулчихсан асуудал биш байх. Ард нь манай улстөрчид байгаа гэж харж байна. Монголын маш олон улстөрч өөрсдийн тээвэртэй. Нэг, хоёр машин авчихсан хувийн бизнес эрхлэгчдийг хэлээгүй шүү.

Сангийн сайд асан С.Баярцогт: -Намайг яагаад энэ асуудалтай холбогдуулж дуудсаныг ойлгохгүй байна. Сангийн сайд байхад стратегийн ордуудаас орлого төвлөрүүл гэдэг үүргийг УИХ-аас авч байсан. Эдийн засагт үзүүлж байсан нөлөө нь буруу байсан гэж шинжээчид дүгнээд байгаа юм уу. Энэ гэрээг хийхэд Засгийн газар оролцоогүй. Энд сууж байгаа гурван сайд бол 2008-2012 оны Засгийн газарт ажиллаж байсан сайд нар. Энэ үед Чалкогийн эхний гэрээ 250 сая ам.долларын гурван хувийн хүүтэй байхаар хийгдсэн. Монгол Улсын хувьд 2008, 2009 он бол хамгийн хүнд үе байсан. Оюу толгой болон Таван толгойн орд дээр хэлэлцээрүүдийг эрчимтэй хийж байсан. Монгол Улс дэлхийн хамгийн сонирхолтой бизнесийн орчин, хөрөнгө оруулах нөхцөлтэй гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татсан алтан үе. Ийм учраас маш богино хугацаанд амжилттай гэрээнүүдийг хийж, өндөр өсөлтийг бий болгож чадсан юм. Хоёр том ордыг хөдөлгөснөөр их хэмжээний ажлын байр, дагалдсан дунд болон жижиг үйлдвэрүүд бий болсон. 2012 оноос хойш үеийн асуудлуудыг дараагийн ажил хариуцсан хүмүүстэй нь ярих ёстой. Шинжээчийн гаргасан графикийг харахаар 2011, 2012 онд өндөр, 2013, 2014 онд унаад 2015 оноос хойш дандаа индексжүүлсэн үнэ давж байгаа буюу бодлого буруу явсан нь шууд харагдаж байна. Яригдаад байгаа хулгай чинь тэр хугарлын цэгээс хойш гарч байгаа зүйл.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн П.Өлзийнаран: -Үйлдвэр баригдахгүй байх, тогтвортой хөгжлийг хангах талын хөрөнгө оруулалтыг яагаад хийдэггүй байсан бэ гэвэл нэгд, улстөрчдийн тоног төхөөрөмж байдаг. Хоёрдугаарт, угаах үйлдвэр баригдвал “ЭТТ” ХК-ийг хувьчилж авах бодолтой байдаг бизнес бүлэглэлийн төлөвлөгөөнд саад болох учраас гэх мэтээр ЭТТ ХК-ийг хөгжүүлэхгүй байх шалтгаан их байгаа. Намайг ТУЗ-өөс гаргаж байгаад оффтэйк гэрээг хийсэн. Ер нь бол нууцат гэрээг нууцаас гаргах шаардлага тавьдаг байсан. ТУЗ-ийн хараат бус байсан гишүүдээс бүгдийг нь гэрчээр дуудаж яриулаасай гэж хүсч байна. 2016 оноос өмнөх ТУЗ-ийн бүх протоколыг устгасан байсан. Би үзэх гэсэн боловч байхгүй гээд үзүүлээгүй. ТУЗ-ийн бүх протокол байхгүй болчихсон байсан. 2012 онд “ТиДиЖиВиСиӨү” компанитай хийсэн нэмэлт гэрээ зэргийг манай шинжээчид бас олж хараасай гэж хүсч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *