Шатахуун хэрэглэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, инженер Ц.Сайнбаяртай ярилцлаа.
-Өнөөдөр манайд найруулсан шатахуун хэрэглэж байна. Энэ нь хүүхдийн өвчлөл болоод тээврийн хэрэгслийн эд ангиуд эвдрэх үндсэн шалтгаан болсон гэх байр суурийг хүмүүс илэрхийлэх юм. Та мэргэжлийн хүний зүгээс энэ асуудалд ямар байр суурь хэлэх вэ?
-Найруулсан шатахуун маш их хорыг агаарт ялгаруулж байдаг. Найруулах гэдгийг энгийнээр тайлбарлавал, шатахууны агуулахуудад том торхнууд байдаг. Үүнийг та мэдэх байх.
Энэ том савны талаас илүү буюу 70 орчим хувьд нь оргинал дизелийн түлш хийчихдэг. Үлдсэн хувьд нь нафта, керосин зэрэг бүтээгдэхүүнүүдийг нэмээд хольчихдог. Ингээд том торхны ёроолд нь сэнс байдаг бөгөөд тухайн сэнсний оролцоотойгоор хольдог. Холиод л шууд шатахуун түгээх станцын нөөцийн сав руу зөөдөг. Шатахуун түгээх станцын нөөцийн саванд сэнс байхгүй шүү дээ. Хольсон шатахуун хөдөлгөөнгүй удахаараа хүнд нь металл нь дороо тунаад, хөнгөн металл нь дээшээ ялгараад гардаг. Ийм түлш хэрэглэсэн машины апартур хамгийн удаандаа хагас жил болоод л эвдэрдэг. Найруулсан шатахуун хэрэглэсэн машины эд анги ч удаан тэсэхгүй, байсхийгээд л доголдоод эхэлдэг.
Хотын булан тохой бүрд авто засвар бий болоод байгаа нь нэг талаараа найруулсан шатахуунтай холбоотой. Тэд өндөр ашиг орлоготой байгаа болохоор өдрөөс өдөрт өргөжин тэлж, нэмэгдсээр байгаа юм. Манайд хуучин машин түгээмэл орж ирдэг болохоор энэ бүр ч аюултай.
-Найруулсан шатахууны хор уршиг нь ямар шинж тэмдгээр гарч байна вэ?
-Хэдхэн жилийн өмнө замын хажууд талын цахилгааны шонгийн суурь нь тортог цохиод тас хар болчихдог байлаа. Шон ч гэлтгүй хашаа ч тэр харлачихдаг. Энэ нь төрийн өмчийн нийтийн тээврийн автобуснууд хамгийн муу шатахуун хэрэглэдэгтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл найруулсан, чанаргүй шатахуунаас хүнд металлууд ялгардаг. Энэ хүнд металлаар нь хүүхдүүд амьсгалаад явж байна. Замын хажуугаар алхахад л өмхий үнэртэж, хоолой хорсдог. Энэ нь мөн л шатахуун, түлшний чанартай холбоотой.
-Энэ талаараа бага зэрэг тодруулахгүй юу?
-Агаарыг асар ихээр бохирдуулж байна л даа. Өнөөдөр такси үйлчилгээнд явдаг жижиг оврын автомашинууд керосин хольсон хуурамч шатахууныг аваад хэрэглэж байгаа. Утаа гэхлээр л гэр хороолол руу дайрдаг. Гол аюул нь хуурамч шатахуун хольсон тээврийн хэрэгслээс гарч байгаа утаа шүү дээ. Үүнд хамгийн ихээр хордож байгаа нь бага насны хүүхдүүд. Тэд жилийн дөрвөн улиралд хүнд металлаар утуулаад явж байна. Ийм байхад хүүхэд эрүүл саруул өсөх ямар ч үндэслэл байхгүй. Үндэсний аюулгүй байдлын хүрээнд л яригдах асуудал. Эрүүл мэндэд ч, эдийн засагт ч хор хохиролтой. Хүнд металлаар утуулж яваа хүүхдүүдэд хэдэн жилийн дараа ямар өөрчлөлт гарахыг таах арга байхгүй. Согогтой хүүхдүүдээр хот дүүрэх аюултай. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх бол тэр хол үлдсэн. Шатахуун найруулдаг асуудал өөр хаана ч байхгүй. Манайд аль, аль шатандаа стандарт мөрддөггүй учраас л хог новшоо ийш нь шахаж байна.
-Та үүнийг ямар баримтад үндэслэж ярьж байна вэ?
-Мэргэжлийн байгуулла гууд нь шалгаад тогтоочихсон асуудал шүү дээ. Шатахуун импортлогч болон үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийхэд лабораторийн шинжилгээгээр хэд хэдэн үзүүлэлт шаардлага хангаагүй дүн мэдээ гарсан. Тухайлбал, зах зээлд буй шатахууны физик, химийн үзүүлэлтүүд давсан, шатахуунд агуулагдах хүхрийн хэмжээ стандарт хэмжээнээс илүү байсан. Энэ зөрчил дутагдалтай холбоотойгоор шатахуун үйлдвэрлэгч хоёр аж ахуйн нэгжид тус бүрд нь 10 сая төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авсан шүү дээ. Би санаанаасаа зохиогоод яриад байгаа юм биш. Мэргэжлийн хяналтын байгууллага нь тогтоочихоод байхад л асуудал Үндсэн хуулийн цэц дээр очоод ямар асуудал болсныг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Агаарын бохирдолтой тэмцэх газраас хүхэрлэг хийн агууламж нэмэгдсэнийг тогтоосон. Энэ нь автомашины шатахуунтай холбоотойг онцолсон шүү дээ.
-Манайд шатахууныг яг ийм технологиор найруулна гэсэн заалт байдаг биз дээ. Манайхан огт мөрдөхгүй явсаар энд ирсэн юм уу?
-Батлагдсан технологи гэдэг нь Монгол Улсын эрх бүхий төрийн байгууллагаас баталж өгсөн технологи байх ёстой. Шатахуун үйлдвэрлэх түүхий эд нь дизель түлшний хувьд керосин байдаг. Цэвэр керосиныг сүүлийн жилүүдэд дотоодын бодит хэрэглээнээс хэт давсан хэмжээгээр импортолсон нь нүдэнд ил байна. Эдгээр нь дизель түлш үйлдвэрлэгдэхэд ашиглагдаж байгаа нь хяналт шалгалтын явцад тогтоогдчихсон. Ийм байхад л хяналт шалгалт хийдэг улс нь таг дуугуй явж байна. Б.Пүрэвдорж тэргүүтэй хэдхэн гишүүд энэ талаар дуу хоолой болж ирсэн ч сүүлдээ чимээгүй болсон. Үүнийг хөндөж байгаа хүн ч алга. Нөгөө талд найруулсан шатахуун хэрэглэсэн жолооч эд хөрөнгөөрөө хохирч байна. Хамгийн харамсалтай нь хүүхдүүдийн эрүүл мэнд. Дээд шатандаа энэ шийдвэрийг эргэж харж, нааштай арга хэмжээ авах байх аа. Яг өнөөдөр бол ашиг сонирхолтой хэдхэн нөхөр лоббидож хууль батлуулаад нийгэмд хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна шүү. Цаашид ийм байдлаар явж хэрхэвч болохгүй.
О.ДАШНЯМ
One reply on “Ц.Сайнбаяр: Ашиг сонирхолтой хэдхэн нөхөр хуурамч шатахуун шахаж байгаа нь хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа хэлбэр DNN.mn”
Ийм хуурамч шатхуун нийлүүлдэг байгууллагуудыг тогтоосон юм бол ямар арга хэмжээ авсан бэ? Тэр байгууллагуулын тусгайизөвшөөрөлүүд цуцлагдсан уу Ард Иргэдэд мэдээлэл өгдөггүй юмуу ?