Categories
гадаад мэдээ

Путиныг “Гол гаргав” DNN.mn

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн зохион байгуулсан эдийн засгаар тэргүүлэгч улсуудын “Их 20”-ийн цахим чуулганд Украинд эхлүүлсэн бүрэн хэмжээний дайнаас хойш анх удаа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин оролцож үг хэлэв. Харин энэ чуулганд дэлхийн эдийн засгийг тэргүүлэгч АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар оролцолгүй В.Путиныг “гол гарган”, дэлхий нийтэд хэрэгтэй хүн хэвээр байгаа гэдгээ харуулах гэсэн түүний оролдлогыг бусниулж орхив.

В.Путин уг виртуал дээд хэмжээний уулзалтад “Зарим үг хэлсэн хүмүүс Москваг Украинд түрэмгийллээ үргэлжлүүлсээр байна хэмээн шүүмжилж байна. Та бүхэн Майданы төрийн эргэлт болсон өчигдөр, Газын зурваст хүүхдүүд амь үрэгдэж байгаа өнөөдрийг яагаад ярихгүй байна вэ. Дайны ажиллагаа мэдээж хүн бүхэнд ялангуяа гэр бүлд тун ч таагүй явдал. Иймээс бид дайныг зогсоох гэрээ хийхэд хэзээд бэлэн байсан. Харин Украины удирдлага Москватай гэрээ хийхгүй гэсэн шийдвэр гаргасан” гэж хамаагүй зүйлсийг хооронд нь холбож, үнэнийг гуйвуулан Кремлийн хуурамч мэдээнээс өөр мэдээлэлгүй тосгоны оросууддаа хэлдэг зүйлийг ярьсан нь ардчилсан улсуудын удирдагчдын эгдүүцлийг төрүүлжээ. Учир нь Майданы бослого нь Украиныг Европын холбоонд элсүүлэхгүй гэсэн Кремлийн тавиул ерөнхийлөгчийнхөө шийдвэрийг эсэргүүцсэн украинчуудын хувьсгал байсан бол Москвагийн халдлага Газын зурвасаас хэдэн арав дахин олон украин хүүхдийн аминд хүрч буйг дэлхий нийтээр мэдэж байгаа билээ. Харин Украины ерөнхийлөгч Москватай бус В.Путинтэй энхийн гэрээ байгуулахгүй гэсэн зарлигт гарын үсэг зурсан юм.

Олон улсын шинжээчид дэлхийд тэргүүлэгч хоёр гүрний удирдагчид энэхүү уулзалтад оролцоогүй нь В.Путинд өгч буй том цохилт төдийгүй Жо Байден, Си Жиньпин нар саяхан АНУ-д биечлэн уулзахдаа том тохиролцоонд хүрснийг баталж буй явдал байж магадгүй хэмээн бичиж байна. Үнэхээр ч энэхүү цахим чуулганы дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “АНУ-ын засаг захиргаа Оросыг дэмжих Хятадын байр суурийг өөрчлөх шахалт үзүүлсэн нь тодорхой ч америкчуудын дарамт шахалт ямар ч утгагүй зүйл болохыг цаг хугацаа удаа дараа харуулсан. Дэлхийд дангаар ноёлохын эсрэг байр суурь биднийг стратегийн хувьд Хятадтай нэгдмэл байх баталгаа болдог” гэж хэлсэн юм.

Гэтэл Бээжин Оростой нэгдмэл байр суурьтай, холбоотон улс биш гэдгээ олон нийтэд ил тод мэдэгддэг бөгөөд Хятадын удирдагч Си Жиньпин энэ удаа Жо Байдентай уулзахдаа В.Путины байнга давтан хэлдэг дэлхий олон талт байх ёстой гэдгийн яг эсрэг “Бусдыгаа тэргүүлж буй хоёр гүрэнд зэрэгцэн орших орон зай дэлхийд хангалттай байна” хэмээн Путин “гол гарсан” гэж хэлсэн юм.

 

Г.Амарсанаа

One reply on “Путиныг “Гол гаргав” DNN.mn”

Украйны Домбассд явуулсан 8 жилийн дайны аллага, Газын зурвасаас хэдэн арав дахин олон орос хүүхдийн аминд хүрч буйг дэлхий нийтээр мэдэж байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *