Филиппин улсын Манилла хотод аравдугаар сарын 28-29-ний Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд Монгол, БНХАУ, Филиппин, Индонези, Австрали зэрэг долоон орны 82 шилдэг тамирчин оролцсон байна.
Манай улсыг төлөөлөн 16 тамирчин Олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 22 алт, 14 мөнгө, 18 хүрэл буюу нийт 54 медаль хүртэн багаараа үнэмлэхүй амжилт үзүүлжээ. Тодруулбал, багийн төрөлд манай улсын баг тамирчид 19711 оноо цуглуулан аварга багаар шалгарчээ.
Мөн дараах төрөлд дэлхийн таван рекордыг шинэчилжээ. Үүнд,
1. Олон улсын мастер Г.Мянганбаяр-“Зураг”-507
2. Б.Анужин-“Зураг” – 450 (өсвөр)
3. Их мастер Ц.Оюун-Эрдэнэ-“Хоёртын тоолол” – 5049 (өсвөр)
4. Олон улсын мастер Ц.Номин-Эрдэнэ-“Баганан үгс” – 299 (өсвөр)
5. Олон улсын мастер Э.Үүрийнцолмон-“Тооны марафон” – 1780 (өсвөр)
Монголын оюун ухааны тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 65 дахь тэмцээндээ амжилттай оролцон 124 цом, 1333 медаль хүртлээ.