Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда ОХУ сүүлийн 15 жилийн хугацаанд тус бүгд найрамдах улсын аюулгүй байдалд хэрхэн нөлөөлснийг судлах комисс байгуулах тухай хуульд гарын үсэг зурав. Тус комисс “2007-2022 он хүртэлх хугацаанд Оросын нөлөөнд автаж өөрийн улсад хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй албан тушаалтнууд болон төрийн өндөр албан тушаалтнуудын үйл ажиллагааг шалгах” аж. Тус комисс нь зөвхөн Сеймээс томилж, чөлөөлөх эрхтэй есөн хүнээс бүрдэх юм байна. Энэ комисс нь прокурор, шүүхийн бүрэн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулах ажээ. Тус комисс буруутай албан тушаалтнуудыг 10 жил улс төрийн албанаас чөлөөлөх зэрэг шийтгэл оногдуулах эрхтэй.
Польшийн сөрөг хүчнийхэн энэ хуулийн зорилго нь Дудагийн өрсөлдөгч, ерөнхий сайд асан Дональд Тускийг “устгах” явдал гэж шүүмжилсэн байна. Мөн энэхүү шинэ хууль нь тус улсын Үндсэн хуулийг зөрчиж, хараат бус шүүхтэй байх эрхийг үгүйсгэж байгааг шүүмжлэгчид онцолж байна. Харин Анжей Дуда хариуд нь “Зөвхөн Польшид төдийгүй Европын холбоо даяар Оросын нөлөөг судлах шаардлагатай гэдэгт итгэлтэй байна” гээд ерөнхий сайд Матеуш Моравецкид Европын зөвлөлд энэ асуудлаар албан ёсоор хандахыг хүссэн юм. Мөн Польшийн ерөнхийлөгч Европын түвшний эдгээр комисс нь Европын янз бүрийн институцид нөлөөлсөн байж болох “Оросын нөлөө, Оросын лобби, Оросын авлигын асуудлуудыг авч үзэх ёстой” гэдгийг онцолжээ. Тухайлбал, “Норд урсгал”-ын хийн хоолойг барих шийдвэрт Европын холбоонд Орос нөлөөлсөн байж магадгүй гэж Дуда хэлээд “Бид Оросын төлөөлөл болсон этгээдүүдийг илрүүлж, шийтгэх ёстой” гэжээ.
Г.АМАРСАНАА