Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Европт бас нэгэн том түнш хаалгаа нээгээд буцах шиг боллоо DNN.mn

Бүгд найрамдах Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуда энэ сарын 24-26-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Польшийн ерөнхийлөгч Анджей Дудагийн хувьд дэлхийд Украины ерөнхийлөгч Владимир Зеленксийн дараа тооцогдож буй баатар эр. В.Зеленскийг эх орноо авран хамгаалсан баатар гэдгийг дэлхий нэгэнт хүлээн зөвшөөрчихөөд байна. Түүнтэй очиж уулзсан, ярилцсан, гар барьсан улстөрчийн рейтинг эрс өсдөг цаг болчихлоо. Хүн болгон түүнтэй уулзах гэж, гарыг нь барих гэж гүйдэг болсон. Манайхан л “Хошин шогч улсаа сүйдэлж байна” гэж ярьж байгаа болохоос биш дэлхий даяар В.Зеленскийг хүлээн зөвшөөрчихлөө. Нэр хүндээрээ, олны анхаарлыг татаж буйгаараа түүний дараа орж байгаа хүн бол Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда юм. Энэ хүний үйл хөдлөл, шийдвэр, улс төрийн айлчлал бүрийг олон улс ажиглаж байгаа. Польш бол Европын холбоо, НАТО-гийн гишүүн улс. Европын холбоо Олон улсын валютын сан болон Дэлхийн банкнаас гаргадаг судалгаагаар ДНБ-ий хэмжээгээр дэлхийг олон жил тэргүүлсээр ирсэн. Тус холбоо өнгөрсөн жилийн нэгдүгээр улиралд ДНБ-ий (17 их наяд ам.доллар) хэмжээгээрээ дэлхийд гуравдугаарт жагсч байсан. Польш улсын хувьд экспортын хэмжээ нь 343.8 тэрбум евро, импортын хэмжээ нь 363.7 тэрбум евро, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нь 3.7 тэрбум евро байгаа нь Европын холбоо дотроо эдийн засгаараа тэргүүлдэг орнуудын нэг гэсэн үг. Тус улсын олон улсад баримталж буй бодлого, төрийн тэргүүнийх нь нэр хүнд, эдийн засгийн эрчимтэй эргэлт зэргээс нь харахад энэ дайны дараа Европт Герман, Франц, Польш, Украин гэсэн дөрвөн том тэргүүлэх гүрэн бий болох нь шиг байна гэсэн таамаглалыг олон улс судлаач, шинжээчид гаргаад байгаа.

Дайн дажинтай, дэлхийн эдийн засаг савлагаатай байгаа энэ үед ийм өндөр рейтинг, нэр нөлөө бүхий том улстөрчийг урьж айлчлуулсан нь Монгол Улсын дипломат бодлогын маш уран нарийн, ухаалаг, зөв зүйтэй алхам боллоо гэж манай улстөрч, судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч “Хайж хайж олсон гуравдагч хөрш минь” гэдэг үг энэ удаад яг тохирч байна гэж дүгнэж байна. Мөн Монгол Улс стратегийн түншлэлтэй улсынхаа тоог нэгээр нэмлээ ч гэж энэ удаагийн айлчлалыг товчоор тодорхойлж байна.

Европын холбоотой манай улс найрсаг харилцаатай. Тэр дундаа Герман, Францтай нөхөрсөг харилцаатай. Үүн дээр Польш улс нэмэгдэж байгаа нь улс төр, геополитик, эдийн засгийн хувьд томоохон алхам болж байна. Айлчлалын үеэр хоёр орны бизнес эрхлэгчдийг оролцуулсан бизнес форумыг зохион байгуулж, парламент, Засгийн газар, төрийн байгууллагууд, иргэд, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн харилцаа идэвхитэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийлсэн.

Мөн цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, соёл урлаг, байгаль орчин, иргэд хоорондын харилцаа зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт ч санал нэгдэцгээсэн. “Польш улс Монгол Улс руу хийж байгаа бараа, бүтээгдэхүүний экспортын хэмжээгээрээ Европын холбооны улсад тэргүүлж байгаа орны нэг” гэсэн нь олны анхаарлыг татсан бөгөөд Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа эхлүүлж буй Консулын хэлтэс худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг ч ерөнхийлөгч Анджей Дуда онцолж байсан. Айлчлалын үеэр “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан нь худалдаа болон дамжин өнгөрөх тээврийн өртөг зардал буурах, цаг хугацаа хэмнэх зэрэг олон эерэг дүн авчрах нь тодорхой. Цагийн байдал ороо бусгаа, эдийн засгийн байдал хүнд үед Европын холбооны гишүүн улсын тэргүүн ийм сайхан мэдээ дуулгасан нь манай эдийн засагт гэрэл гаргаж буйгаас ялгаагүй. Ингээд Европын холбооны тэргүүлэх гурван том гүрэнтэй Монгол Улс сайхан харилцаатай болоод авлаа. Одоо манай төрийн гурван өндөрлөгийн нэг нь Украинд оччихвол Европын дөрвөн гол улстай түншийн харилцаатай болох асар том боломж харагдаж байгааг нь улс төр судлаачид, туршлагатай дипломатчдын байр сууринаас ажиглагдаж байна гэсэн яриа бий. Нөгөө талдаа Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда айлчилсан гэдэг нь Монголын ард түмэнд том боломж нээгдэж байгаа юм. Айлчлалын үеэр ялангуяа Анджей Дуда хэд хэдэн удаа хоёр орны иргэдийн харилцаа гэж тодотгон ярьж байгаагаас нь үзвэл монголчууд тус улс руу визээ мэдүүлдэг болно, Европын холбоо руу гардаг болно гэсэн гэгээтэй мэдээ. Польшийн ерөнхийлөгчийн хэлсэн үгс дундаас “Эдийн засгаар ардчиллыг чинь баталгаажуулах хэрэгтэй байна” гэсэн нь эдийн засгаар хамтран ажиллая гэсэн үг л дээ.

Ямартай ч Европын холбооны нэр хүндтэй улсын тэргүүн манайд ирээд олон асуудлыг нааштайгаар шийдэж өгөхөө илэрхийлж, хамтран ажиллах хэлэлцээр байгуулчихаад явчихлаа. Дэлхийн тэргүүлэх гүрэн, дэлхийн хүчирхэг холбоо Европын холбооны бас нэг том түнш “Тавтай морил” гэж үүдээ нээж өгчихөөд буцчихлаа.

Одоо монголчуудын хувьд, манай төр засгийнхан хэлсэн ярьсандаа л байх хэрэгтэй. Очсон газар болгондоо “Газрын ховор элементийн салбарт хамтаръя” гэж ноднингоос хойш яриад байгаа. Сая ч бас ярилаа. Үүнийгээ хэлсэн, ярьсныхаа дагуу өгч авалцаж тохирох, хамтрах ажлаа эхлүүлж, эрчимжүүлэх л хэрэгтэй. Хэрвээ өгч чадахгүй бол зөвөөр ойлгуулж, харилцаагаа эрхэмлэ. Хэлсэн бол хийдэг найдвартай, нөхөрлөлдөө үнэнч, тууштай байхыг хичээх ёстой, энэ удаад. Яагаад энэ удаад гэвэл, манайх олон улсын харилцааны салбартаа хайнга, ёс зүйгүй үйлдэл гаргадаг, хэлсэн ярьснаасаа буцдаг, амласнаа хийдэггүй гэдэг муу нэр зүүчихсэн. Ерөнхийдөө бол олон улсын тавцанд манай улс улаан анхаарлын тэмдэгтэй, хамгийн хулхи хүмүүс гэсэн ойлголттой болчихсон. Үүнийгээ энэ удаад бодон бодон хэлсэн, ярьсандаа байж ажиллах л үлдлээ дээ, төр засгийнхан маань.

Монгол Улс Европ сайн түнштэй болоод авсан нь манай улсын хувьд олон улс, дипломат ажиллагааны салбартаа том амжилт гаргалаа. Европын холбооны гол улсын тэргүүнийг энэ үед эх орондоо авчирч чадсанаар ардчилсан, олон тулгуурт зарчим дээрээ бат зогсож, энх тайван, ардчилал, хүний эрхийг дэмжигч зөв зам дээрээ байгаа шүү гэдгээ олон улсад нотоллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *