Энэ цаг үеийн “үймээн”-ий эзнээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэрлэдэг. Сүүл үеийнхээс нь яривал “Том хулгайтай үзнэ, зогсооно” гээд “5Ш” ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэ мэт нь нийтэд таалагддаг ч нэг хэсэг хүмүүст огт үгүй ажээ. Тэр хэрээр Л.Оюун-Эрдэнэ олон дайсантай болж байгаа талаар хэвлэл, эх сурвалжууд бичдэг, хэлдэг. Тэдгээр нь голдуу улстөрчид, бизнесийнхнээс бүрдсэн хэсэг бүлэг хүн байдаг гэдэг. Харин төрийн бүх институци, субъектууд Засгийн газар, Ерөнхий сайдтай ижил бодлоготой гэж байсан. Тэгтэл саяхан маш сонин үйл явдал болжээ. Шүүхийн ерөнхий зөвлөл 2023 оны дөрөвдүгээр сарын 17-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ. Гэхдээ дээр хэлснээр дэмжиж биш, харин огцруулах асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд гаргаж тавихаар хуралдсан байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн тэр хуралдаанаар дөрвөн “үйлдэл”-ийг авч хэлэлцсэн байгаа юм. Үүний гурав нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй, нэг нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай хамаатай байжээ. Дэлгэрүүлбэл, нэгдүгээрт Л.Оюун-Эрдэнэ нь 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр гарч, жагсагчидтай уулзсан. Тэгэхдээ “Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч шахаарай. Энэ жагсаалыг харж байгаа шүүхийн удирдлагууд өнөөдрийг хүртэл гацсан хэргүүдээ шийд. Хэрвээ шийдэхгүй бол ард түмэн бухимдаж байна” гэсэн. Хоёрдугаарт, 2023 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНТ-ээр “Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгч нарыг хувааж авч болохгүй” гэж ярьсан. Гуравдугаарт, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нь 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд хэвлэлүүдэд мэдээлэл өгөхдөө “Кёкүшюзан Д.Батбаяртай холбоотой хэргийг шүүх дээр жил гаруйн хугацаанд байлгаж байгаад хэрэгсэхгүй болголоо. Т.Бадамжунайг ирдэг өдөр ингээд хаачихаж байгаа юм. Тэгсэн атлаа Д.Мөнх-Эрдэнийн хэрэгт алх цохидог. Шүүх засаглал цэвэр тунгалаг байхгүйгээр шударга ёс тогтохгүй. Энэ талаар зургаа, долоон жил ярьж байна. Цаашдаа ч ярихгүй бол эздэдээ үйлчилдэг шүүх байсаар байна. Тод жишээ нь Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчид боллоо. Хэргүүдийг Кёкүшюзан Д.Батбаярынх шиг шийдээд байвал бүх зүйл хэцүү болно. Би өөрөө Шүүхийн сахилгын хороонд хандана” гэж мэдэгдсэн. Дөрөвдүгээрт 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд нэр бүхий хэвлэлүүдэд Л.Оюун-Эрдэнэ “И-бизнес” платформын нээлтийн үеэр сэтгүүлчдэд “Шүүх дээр байгаа бүх хэргийн он,сар, өдрийг сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэсэн байна. Улмаар “Энэ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан тул Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулахаар Улсын дээд шүүхэд хүргүүлэх хэрэгтэй” гэсэн асуудлыг хэлэлцжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнтэй. Ес нь энэ хуралд оролцжээ. Зургаа нь “Огцруулъя” хэмээж, гурав нь татгалзжээ. Мэдээж хэрэг энэ асуудал Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар орох гэж, орсон хойноо санал хураалт болох гэж нэлээд явдал болсон байна.
Энэ санаачилгын гол эздийн нэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар юм байна. Тэрбээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болохгүй байна. Шүүх рүү халдаад байна. Ямар нэг арга хэмжээ авъя” гэсэн агуулгатай зүйл ярьж нэлээд хэд хоног явжээ. Харин асуудал тэр агуулгаар нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд орж ирэхэд Д.Зүмбэрэллхам танилцуулгыг нь барьж орсон байна. Нэг үгээр хэлбэл “Л.Оюун-Эрдэнийг огцруулъя” гэдэг саналыг шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчээр ажиллаж байсан таван гишүүн өгч, тэдэн дээр Д.Зүмбэрэллхам нэмэгдсэн гэсэн үг. Э.Зоригтбаатарын тухайд 1999 онд “Шинжээч-21” дээд сургуулийг улс төр судлаач, эрхзүйч мэргэжлээр төгссөн. 2011 онд МУИС-д хууль зүйн магистр хамгаалсан. 2000-2021 оныг хүртэл шүүхийн нарийн бичиг, туслах, шат шатны Захиргааны хэргийн шүүхүүдэд шүүгчээр ажилласан. Хамгийн сүүлд 2014 оноос хойш Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгчээр ажиллаж байгаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болжээ. Харин Д.Зүмбэрэллам нь олон жил хуулийн байгууллагад ажиллаж байгааг монголчууд мэднэ. Тэрбээр 1984 онд Орост Мөрдөн байцаагчийн дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. 2001 онд МУИС-д магистр хамгаалсан. 1989 оноос Өмнөговьд мөрдөн байцаагч, УМБГ-т мөрдөн байцаагч, Цагдаагийн дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, дэд захирал, тэргүүн дэд захирал, Хуульчдыг давтан сургах төвд багш, Хууль зүйн үндэсний хүрээлэнд секторын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх, Төрийн албаны зөвлөлийн дарга, Элчин сайд, УИХ-ын Байнгын хороонд ахлах зөвлөх, Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад 2021 оны сүүлчээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны дээрх хуралдааны үеэр гишүүд нь нэлээд маргасан байгаа юм. Дээр дурдсан эрхмүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолыг Улсын дээд шүүх рүү яаралтай явуулъя гэсэн байна. Харин тус нэр бүхий гурван гишүүн өөр байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг “Бид ингэж улстөржиж болохгүй. Би эсрэг байр суурьтай байна. Авлигатай тэмцэж байгаа субъекттэй тэмцэж болохгүй. Энэ явсаар шүүх засаглал маань шударга ёсны тэмцлийг эсэргүүцсэн явдал болно.
Харин бид шүүх, шүүгчдийнхээ нэр хүндийг дээшлүүлж, иргэдийн итгэлийг сэргээхийн тулд салбар руугаа хандаж, тэдэнтэйгээ ажиллах талаар арга хэмжээ авах ёстой. Тиймээс би энэ тогтоолыг баталгаажуулж чадахгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл ийм үйл ажиллагаа явуулж болохгүй” гэсэн байна. Ингээд уг тогтоолыг батлалгүй орхижээ. Улмаар ингэж маргасаар хуралдаан ч таржээ.
Үүнээс гурав хоногийн дараа 2023 оны дөрөвдүгээр сарын 20-нд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд дахин цуглаж хуралджээ. Тэр хуралдаан дээрээ Л.Оюун-Эрдэнийг хэрхэхээ дахин яриад “Хэлэлцэхээ больё” гэсэн шийдвэр гаргасан байна.
Ө.БААСТ
One reply on “Шүүхийн ерөнхий зөвлөл “Ерөнхий сайдыг огцруулъя” гэж санал хураажээ DNN.mn”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru