Алтай, Хангайн уулархаг нутгаар маргааш өдөр цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тодруулбал, маргааш шөнөдөө Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар Булган, Сэлэнгэ аймгийн ихэнх сумдын нутгаар, Төв аймгийн хойд болон зүүн талын сумдаар цас орсон байна. Зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа тул тээврийн хэрэгслийн найдвартай, бүрэн бүтэн байдлаа хангахыг мөн тус байгууллагаас зөвлөлөө.
Ихэнх нутгаар шөнөдөө 5-10 градус хүрч, хүйтэрнэ
Харин энэ сарын 27-н буюу Пүрэв гарагт Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, Баасан гарагт баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, Бямба гарагт төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, Ням гарагт баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи аравдугаар сарын 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд нутгийн зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.