Categories
мэдээ цаг-үе

Дархан-Улаанбаатар чиглэлийн вагоны суудлын үнэ нэмэгдэж 9000 төгрөг болжээ DNN.mn

Энэ сарыг дуустал Эрхүү-Улаанбаатарын чиглэлд нэмэлт галт тэрэг явуулна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зургаадугаар хуралдаан өнөөдөр болж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2022 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 11/2796 дугаартай албан бичгээр ирүүлсэн зарим ачаа тээврийн бүлэг болон зорчигч тээврийн үнэ, тарифыг индексжүүлэх талаар “Зөвшөөрөл хүсэх” тухай хүсэлтийг хэлэлцлээ.

ШӨХТГ-аас судалгааг хийхдээ үнэ тарифын индексжүүлэлт хийх тээврийн бүлгүүдийн хувьд Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас холбогдох санал авч хийж гүйцэтгэлээ.

Газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэхдээ нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй, иргэдийн амьжиргааны түвшинд хүндрэл учруулахгүй байх зорилгоор хүнс, барилгын материал, шатахуун зэрэг нийгмийн чанартай ачаа тээврийн үнэд өөрчлөлт оруулахгүй хэвээр үлдээж экспортын ачаа тээврийн бүлгийн болон зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг тодорхой хувиар индексжүүлэхээр боллоо. Хуралдаанаар экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг 20%, экспортын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үнэ тарифыг 15%, экспортын жонш тээвэрлэлтийн үнэ тарифыг 15%, экспортын нүүрсний тээвэрлэлтийн үнэ тарифыг 20%, мөн зорчигч тээвэрлэлтийн хувьд орон нутгийн болон олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг тус бүр 50%-иар индексжүүлэхийг дэмжиж, “Зарим бүлгийн ачаа тээвэр болон зорчигч тээврийн үнийн өөрчлөлтийг зөвшөөрөх тухай” тогтоолын дагуу индексжүүлэн, 2022 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн тогтоол гаргалаа.

Мөн хуралдааны тэмдэглэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-д дээрх үнэ тарифын индексжүүлэлт хийснээр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, үйлчилгээний чанар стандартыг сайжруулах, ашиглалтын хугацаа дууссан ачаа тээврийн вагон болон зорчигч тээврийн вагоныг шинээр солих, сайжруулах, зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэл хүргүүллээ.

Зорчигч тээврийн тарифын хувьд 2017 оноос хойш индексжүүлэлт хийгээгүй бөгөөд одоогийн мөрдөгдөж буй тарифаар орон нутгийн зорчигч тээврийн хувьд нийтийн вагон УБ-Дархан чиглэлд 6000 төгрөг байдаг бол уг чиглэл дэх том оврын автобус 20600, суудлын тэрэг (такси) 31000 төгрөгийн үнэ тарифтай байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу үнэ тарифын индексжүүлэлт хийснээр дээрх чиглэлд иргэдэд үйлчлэх үнэ тариф 9000 төгрөг болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *