Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Төгөлдөр: Бид хэлмэгдүүлэлтийг мартах учиргүй, давтах ч ёсгүй DNN.mn

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөртэй ярилцлаа.


-Хэлмэгсдэд зориулан гэрэлт самбар хийж байгаа гэсэн. Энэ талаарх мэдээллээр ярилцлагаа эхлэх үү?

-Ерөнхийдөө гэрэлт хөшөө, самбар гэж олон янзаар л нэрлэгдэж байгаа юм. XX зууны Монголын түүхэнд хар бараанаар тэмдэглэгдэн үлдсэн үйл явдал бол хэлмэгдүүлэлт юм. Энэ талаар манайхан ярихдаа 1937 оны тухай л ярьдаг. Гэвч хэлмэгдүүлэлт гэдэг нь 1921-1990 оны хооронд явагдсан үйл явдал юм. Зөвхөн Монгол туулан өнгөрүүлсэн биш, дэлхийн бусад улс орнууд хэлмэгдүүлэлтийг туулан өнгөрүүлсэн байдаг. Бид хэлмэгдүүлэлтийг мартах учиргүй, давтах ёсгүй. Таны асуусан гэрэлт самбарын хувьд хуучнаар Зөвлөлт социалист бүгд найрамдах орос улс (ЗСБНОУ)-д 1930-1940-өөд онд хэлмэгдсэн монгол иргэдийн гэгээн дурсгалд зориулсан хөшөө, самбар, нэрс бүхий цогцолборыг Монгол Улсын санаачилгаар 2001 онд одоогийн ОХУ-ын Москва хотын ойролцоо Коммунарка мужид байрладаг Бутово хэмээх тусгай хамгаалалтын газар босгосон юм. Уг гэрэлт хөшөөний зургаан самбар дээр Монголоос хэлмэгдсэн 249 хүний нэрс бий. Бутово гэх тусгай объектод социалист лагерын хүрээллийн олон орны 11000 гаруй хүнийг цаазалж, бөөнөөр нь оршуулсан газар гэж судлаачид тогтоосон байдаг. Монгол Улс санаачлан тэр газарт нь хөшөө дурсгал босгосон. Цагаатгалын улсын комиссын дарга С.Одонтуяа 2019 онд Москвад албан ажлаар зорчих үедээ тэрхүү газар очиж хүндэтгэл үзүүлсэн ба 2022 онд хэлмэгдлийн бусад үр дагаврыг арилгах, соён гэгээрүүлэх, дурсгалыг мөнхжүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөө гарган уг арга хэмжээний хүрээнд энэхүү гэрэлт самбар дурсгалын цогцолборыг бүтээхээр ажиллаж байна. Цагаатгах ажиллагааг удирдан зохион байгуулах комиссын салбар комисс болох Нийслэлийн салбар комиссоос уг ажлыг гардан зохион байгуулан ажиллаж байна. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд ногоон төгөл бүхий цогцолбор болгон тохижуулахаар аж ахуйн нэгж хувь хүмүүсийн дэмжлэгийг авч байна.

-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст ажиллаж байгаа хүний хувьд түүхийг их судалсан байх. Хэлмэгдүүлэлтийн үйл явц анх хэзээ, хаанаас эхэлсэн юм бэ?

-1921-1990 оны хооронд үзэл бодлоо илэрхийлсэн, Монгол Улсын төлөө зүтгэсэн, аль нэг харь орны хараат байгаагаа мэдэрсэн хүмүүс үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн гэж үзэж болно. Тухайн үеийн хуульд заасан тодорхой хэдэн заалтууд байдаг. Тэр заалтад багтсан хэргүүд дээр цагаатгах ажиллагааг төрийн тусгай байгууллага хэрэг үүсгэн шалгаж шүүхээс цагаатгах ажиллагааг явуулдаг. Монголд явагдсан Улс төрийн хилс хэрэг гэдэг зүйл анх хаанаас эхэлсэн бэ гэвэл хамгийн анх Саж ламын хэрэг гэгчээр эхэлсэн гэж түүхч, судлаачид үздэг. 1921 онд хувьсгал ялсны дараа Төвөд улсын харьяат Саж лам гэх хүн Богдын хажууд зөвлөхөөр ажиллаж байсан. Ардын засгийн газраас энэ хүнийг гадны тагнуул байж болзошгүй хэмээн шалгаж байсан. Тухайн үед Монгол Улсын анхны ерөнхий сайдаар Д.Бодоо байсан. Харамсалтай нь 1921 онд Монгол Улсын анхны ерөнхий сайд Д.Бодоо хувьсгалын эсэргүү хэргээр баривчлагдан одоогийн Баянзүрх дүүргийн нутаг болох шар хаданд 14 хүний хамт цаазаар авахуулсан байдаг. Ингэж улс төрийн хилс хэлмэгдүүлэлтийн цаазаар авах хамгийн анхны хэлбэр явагдсан. Ерөнхий сайд Д.Бодоо “Монгол Улс өөрийнхөө жамаар хөгжих хэрэгтэй, Монгол Улс өөрийн гэсэн зан заншилтай гэсэн байр суурьтай байснаар хэлмэгдэлтэд өртөж хувьсгалын эсэргүү гэсэн нэр зүүсэн. Үүний дараах хамгийн том төлөөлөл нь С.Данзан. МАН-ын хувьсгалт намын анхдугаар хурал дээр С.Данзан “Иргэн баян бол улс баян. Бид ганцхан улстай харьцахгүй, дэлхийн бүх улстай харьцана. Бид тусгаар Монгол Улс Швейцар, Бельги, Унгар,Япон, АНУ гээд улс орнуудтай гадаад харилцаагаа өргөжүүлнэ. Бид энэ улс орнуудтай худалдаа наймаа хийнэ. Монгол доллартай болно” гэсэн байр суурийг илэрхийлснээр мөн эсэргүү болж цаазаар авахуулсан. Энэ нь ямар учир байна гэхээр коминтерний бодлогыг дагаагүй, аль нэг улсын хараат болохгүй гэсэн санаанууд л яваад байсан байна гэж судлаачид үздэг.

-Алтан ургийнхныг бүртгэж бас л хэлмэгдүүлсэн үү. Хичнээн хүн байсан бэ?

-Алтан ургийнхны талаар орос, монгол хэл дээр лавлах толь гарган бүртгэж байсан гэсэн баримт байдаг. 1926 оны хөрөнгийн бүртгэл явуулахын зэрэгцээ Алтан ургийнхны бүртгэлийг хийж Чингисийн алтан ургийн 40 засаг ноёныг хэлмэгдүүлэн хороосон, тайж угсаатай 1300 орчим хүнийг мөн хэлмэгдүүлсэн гэж судлаач эрдэмтэд тооцоолж гаргасан байдаг. Цаашлаад том толгой лам нар гэдэг нэрийн дор лам нар болон хутагт хувилгаадуудыг хэлмэгдүүлсэн. Тухайн үед сүм хийдүүд нь Монголын соёл, боловсролын төв газар байсан. Монгол гэр шавь сургалттай. Чингисийн алтан ургийн тайжууд гэртээ хүүхдүүддээ бичиг үсэг зааж сургадаг. Сүм хийд нь арав гаруй төрлийн эрдэм заана. Гадаад хэл, хими, биологи, анагаах ухаан гэх мэтчилэн эрдэм заадаг боловсролын төв болох сүм хийдүүдийг устгаж эхэлсэн. Түүхийн маш үнэт өв соёл устгагдаж үгүй болсон.

-Одоо бидний тэмдэглээд байдаг есдүгээр сарын 10 ямар учиртай өдөр вэ?

-1937 оны есдүгээр сарын 10-ны өдөр М.Ф.Фриновский тэргүүтэй хүмүүс оросын коминтерний төлөөлөл 169 хүний нэр бүхий “Заговор” буюу хуйвалдаан гэсэн бичиг авч ирсэн. “Энэ 169 хүн Монголын эсрэг төрийг булаах, харийн капиталист гүрнүүдтэй нийлж бослого гаргах гэж байна” гэсэн утгатай. Тэр дотор нь урлаг соёлынхон, дуучин, бүжигчин, цэргийн жанжин, төрийн албан хаагчид, сэхээтнүүд гэх мэт хүмүүс байсан ба Монгол Улсын бүтээн байгуулалтын төлөө зүтгэдэг Монголын соруудын нэрс байсан. Ингээд Х.Чойбалсан хурал зарлан 60 гаруй хүнийг баривчилсан байдаг. Эдгээр хүмүүсээс 14 хүнийг олны өмнө Бөмбөгөр ногоон театрт шүүх хурлыг хийж ял тулгасан ба 12 хүнд цаазаар авах ял оногдуулсан байдаг. Ингэж их хэлмэгдүүлэлт гэдэг нь оргил цэгтээ хүрсэн. 1937 онд байгуулагдсан Онцгой бүрэн эрхт Комисс нь 1937 оны аравдугаар сараас 1939 он хүртэлх хугацаанд Онцгой бүрэн эрхт комисс гэх гуравхан хүн 51 удаа хуралдаж, 25000 гаруй хүнд ял оноосон байдаг. Үүнээс 20 гаруй мянга нь лам нар. Лам нарын 75 хувь буюу 18000 гаруйг нь цаазаар авсан. Энэ хоёр жил хүрэхтэй үгүйтэй хугацааг их хэлмэгдүүлэлтийн оргил үе гэж үздэг юм.

-Хэлмэгдүүлэлтийн тухай баримт материал одоо хэр их байгаа вэ?

-1956 оны бүгд хурлын тогтоол архиваас олдсон. Үүн дээр профессор О.Батсайхантай хамтран ажиллаж байгаа. 1956 оны хурлаар нэг хүнийг тахин шүтэх асуудалд тухайн үеийн ЗСБНОУ-ын нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрушёв анх удаа Сталиныг шүүмжлэн буруушааж илтгэл тавьсан. Сталиныг бид тахин шүтсэнээр орос 20 сая гаруй хүнээ хэлмэгдүүлж, 9 сая хүнээ буудан хороосон. Ийм асуудлыг 1956 онд Никита Хрушёв шүүмжилснээр тэр хуралд суусан Ю.Цэдэнбал тэргүүтэй хүмүүс хүрч ирэн бүгд хурал дээр мөн энэ асуудлаар шүүмж гаргасан байдаг. Гэхдээ тэр бүх хурлын тогтоолыг харахад тухайн үеийн Монголын төр засгийн удирдлагууд Монгол Улсыг шинэ орчин цагийн хөгжлөөр хөгжүүлэхийн тулд ямар их зүйл хийж байсан нь харагдаж байгаа юм. Өвөлжилтийн бэлтгэл, мал аж ахуй, аж үйлдвэрийг яаж хөгжүүлэх вэ гэх зэрэг аймаг, баг, сумдуудын нутаг дэвсгэр дээр ямар үйл ажиллагаа явуулах уу гэх мэт асуудлыг хэлэлцэн хурц шүүмжлэлүүд гаргасан байдаг. Бие биенээ маш ил тодоор шүүмжилдэг, бас ардчиллыг ярьдаг байсан нь тодорхой бичигдсэн байна лээ. Мөн үүний зэрэгцээ хэлмэгдүүлэлт Чойбалсанг тахин шүтсэн талаар шүүмжлэлүүдийг ярьж хэлэлцсэн байдаг.

-Гэрэлт хөшөөн дээр бичигдсэн 249 хүний нэрс бий гэсэн. Ямар байдлаар цаазлуулсныг судалж үзсэн үү?

-Хөшөөн дээр бичигдсэн хүмүүсийг бид ангилж үзсэн. Төр нийгмийн зүтгэлтэн 15, энгийн ард 12, Дотоод явдлын яамны дотоод хэргийн газрын тагнуулаар ажиллаж байсан 27, малчин 70 хүний нэрс гэх мэт байх ба Зөвлөлт оросын шүүхээр ял шийтгэл аван цаазлагдсан, 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Монгол Улсын иргэд байгаа.

-Яагаад энгийн ардыг хороосон юм бэ?

-Ихэнх нь Хэнтий, Сүхбаатар, Дорнодын харьяат иргэд байсан байна.

-Та бүхэн мэдээллээ ямар сувгаар олон нийтэд хүргэж байна. Хэлмэгдүүлэлт гэдэг хүн бүрд хүргэх ёстой сэдэв байх?

-Энэ асуудал дээр үнэнийг хэлж байх ёстой гол том засаглал бол хэвлэл мэдээллийн байгууллага. Соён гэгээрүүлэх байгууллагууд бидэнтэй хамтарч хэлж сануулж байх хэрэгтэй. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын соён гэгээрүүлэх ажлын гол сэдэв нь түүхийн энэ үнэн зөвийг хүүхэд залуучуудад зөвөөр ойлгуулж, Монгол Улсын дотоодын эв нэгдэл, оюунлаг байдалд зориулж мэдээлээд, судлаад, шинжлээд байгаа юм шүү дээ. Тэр үед хүний эрх, эрх чөлөө, хүний жам ёсны эрх гэж юу ч байгаагүй. Хэвлэл мэдээллийн байгууллагууд манайхтай хамтарч ажиллавал бид мэдээллийг хангалттай өгнө. Зөвхөн нэг талын мэдээллийг битгий ав. Тэр их хэлмэгдүүлэлтийг хийсэн хүмүүс чинь их бүтээн байгуулалтыг бас хийсэн юм. Ямар ч аргагүй нөхцөл байдалд байсан нь үнэн. Өнөөдөр 2022 оныхоор 1937 оныг дүгнэж болохгүй. Бүх зүйл нь өөр байсан үе.

-Орост аваачаад цөллөгт үлдсэн хүмүүс байдаг гэсэн. Энэ талаар та бүхэнд судалж үзсэн мэдээлэл, баримт байдаг уу?

-1980 оны үед Укриан оросын бүрэлдэхүүнд байхад манай төр засгийн өндөр албан тушаалтай хүн украинд явж байгаад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хүнтэй таарсан гэдэг. Тэр хүний өөрийнх нь яриагаар лам байсан бөгөөд орос руу цөллөгдсөн. Тэндээ орос нэртэй, орос эхнэр хүүхэдтэй болчихсон. Тэгээд цөллөгдөөд байж байтал 1930-аад оны сүүл үед дайн эхэлсэн. Ингээд дайнд украины фронтод арын албаны цэргээр ажиллаж байгаад дайн дуусахад нутаг буцах эрхгүйгээр украин руу цөлчихсөн. Тэр хүн украинд эхнэр хүүхэд аваад суурьшаад амьдраад явсан. Монгол 1980-аад онд бас л оросоос хараат хэвээрээ байсан байгаа биз. Үнэнийг хэлэхэд Монголдоо байгаа баримт материалуудаа ч судалж дуусаагүй байна. Орост очоод баримт материал эрж хайгаад, олж судална гэдэг асуудалтай. Хэзээ нэгэн цагт орост очиж судлах цаг ирэх л байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *