Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин Д.Үүрийнтуяатай ярилцлаа.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн олз омгоосоо хуваалцахгүй юу?
-ХБНГУ-ын Бавари мужид болсон Европын морин хуурын анхдугаар наадамд оролцож ирээд удаагүй байна. Ирснийхээ дараахан сайхан Монголын тухай дуу дуулж үзье гэж Л.Балхжав гуайн ая, Ц.Бямбадоржийн үг “Миний тал нутаг” нэртэй уран бүтээлийг наадмаар дүрсжүүлэн клип болгож монгол түмэндээ хүргэхээр ажилдаа орчихсон явж байна.
Үндэсний хэв маягтай уран бүтээл туурвидаг учраас наадмын үеэр ер нь ямар ч чөлөө завгүй байдаг. Үүний зэрэгцээ гэр бүлийн хүн минь морь уядаг учраас хөдөө явна, хүү минь морио унадаг учраас хүүхдүүдээ эргэж тойрно гээд энэ зуныг нэлээд завгүй өнгөрүүлж байна даа.
-Удахгүй монгол түмний үндэсний их баяр наадам болох гэж байна. Та наадмын нээлтэд оролцох уу?
-Энэ жил анх удаа дэлхий дахинд цацагдах наадмын контентыг бэлдэж байгаа. Үүнд уртын дуугаараа оролцож байгаа. Наадмын хүндэтгэлийн концертод оролцох урилга яг одоогоор ирээгүй байна.
-Уртын дууны нарийн нандин чимэглүүрүүдээс та хуваалцахгүй юу?
-Уртын дуу нь Монголын сонгодог урлаг болтлоо хөгжсөн урлагийн том бүтээл, өв соёл. Үүний нарийн нандин чимэглүүрүүд гэвэл маш их байдаг. Шуранхайгаас эхлүүлэн цохилог, нугалаа, хугалаа, өвдөглөх, тойглох, амьсгаа зэрэг бүх зүйлс бүрдэж байж уртын дуу бий болдог. Би хүүхэд байхаасаа эхлэн уртын дууг сонсож, дурлаж өнөөг хүртэл өв соёлыг тээж явж байна. Сая гадаадад воркшоп буюу уртын дууны хичээл заасан. Тэнд монголчууд төдийгүй гадныхан нэлээн сонирхож хичээлд хамрагдсан. Уртын дууны түүх домог, үүсэл гарлаас тодорхой хэмжээнд ярьж заахад монголчууд маань өөрсдөө уртын дууны талаар мэдлэг хомс байдаг нь харагдсан. Тэгэхээр үүнийг боловсролын түвшинд, системд үндэсний өв соёлын талаар тусад нь томоохон хэмжээнд оруулж өгвөл хүүхдүүдэд сонирхолтой юм байна гэж бодсон.
-Гадныханд хичээл заасан гэлээ шүү дээ. Тэгвэл тэд хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Тэд дуурийн дуу сонсож өссөн түүх, өв соёлтой. Гэтэл задгай хоолойгоор дуулна гэдэг нь тэдэнд их сонирхолтой байсан. Бид уртын дууны воркшопоос гадна морин хуур,
хөөмийний воркшоп зэрэг үндэсний өв соёлын талаар сургалт хийсэн. Үүнээс уртын дууг их сонирхож цахимаар суралцах саналыг тавьж, хэд хэдэн шавьтай болоод амжсан (инээв).
-Таны өвөө мөн дуулдаг хүн байсан гэсэн үү?
-Миний өвөө Ц.Дамчаа, Дундговь аймгийн Говь-Угтаал сумынх. Багадаа өвөөгийнхөө дэргэд өссөн. Говь-Угтаал сум нь Боржигон нутаг, Боржигон найр их алдартай, хатуу дэг жаяг, ёс заншилтай найр байдаг. Энэ найранд найрын гурван дугараагаа гүйцээн, уртын дууг гурван түрлэгээр дуулдаг. Тиймээс багаасаа уртын дууг ёс жаягийн дагуу сонсож өссөн болохоор уртын дуунд дурлаж, шимтэж суралцах болсон. Өвөө минь уртын дууг маш сайхан дуулдаг, найр хуримд их уригдаж, залагддаг байлаа. Бага гэж намайг голохгүйгээр найр, наадамд дагуулж явж дуулуулдаг байсан. Хүнд нутаг ус, төрсөн газар дуучин болоход нөлөөлдөг болов уу гэж боддог. Дуу хуурын өлгий Дундговь нутгаас олон сайхан алдартан, уртын дуучин төрсөн байдаг. Найр байж дуу хуур дуулна. Түүнийг сонсож өссөн хүүхдүүд дуу хуурт дуртай, дуулдаг болж өсөх юм.
-Нөхөртэйгөө хоёул урлагийн хүн байх ямар байдаг вэ. Үр хүүхдүүддээ зарцуулах цаг бага байдаг уу?
-Хүүхдүүддээ зарцуулах цаг нэлээн хомс. Аль алиныг нь зохицуулахгүй л бол болдоггүй, нэг бол ар гэр хаягдчих гээд эсхүл урлаг уран бүтээлийн ажил орхигдчих гээд байдаг тал бий. “Ковид-19” цар тахлын үед хоёр жил амсхийгээд авлаа. Манай том хоёр хүүхэд минь өвөө эмээгийн хүүхдүүд байсан бол бага минь аав ээжээсээ салж үзэлгүй өслөө. Урлагийн хүнд хамгийн чухал нь тойрон хүрээлэгчид шүү дээ. Бидний хүүхдийг харж буй өвөө, эмээ, хамтран зүтгэж буй уран бүтээлчид, хамтарч маркетинг хийдэг продакшн зэрэг олон хүн хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ бүх хүний хүч хөдөлмөрөөр бид хоёрын уран бүтээл өөдөө сайхан байдаг болов уу гэж боддог. Хамтын уран бүтээлээс бид хоёрын уран бүтээл цэцэглэдэг. Гэр бүлийн хүнтэйгээ уран бүтээл туурвих нь их хариуцлагатай, мөн эрсдэлтэй байдаг.
-Тодруулбал юу нь хамгийн их эрсдэлтэй байдаг вэ?
-Хоёулаа уран бүтээлдээ орохоор гэр бүл минь хаягдчих гээд байдаг. Гэр бүлийн хоёр хүн нэг нь бизнес эрхлэх ч юмуу өөр ажил хийдэг байвал санхүүгийн хувьд өөр байна. “Ковид-19” цар тахлын үед хоёулаа ямар ч орлогогүй зогсоход санхүүгийн хувьд асуудал учирч буй нь эрсдэлтэй санагдсан. Бусдаар сайхан зүйлс их бий. Хоёулаа уртын дуу дуулдаг учраас хүмүүс их хүндэлнэ. Энэ хүндлэлийг дааж явах нь том хариуцлага. Амьдралын тунг тааруулж явахад их ухаан шаарддаг.
-“Шуранхай” хамтлаг эргэн нэгдэх үү. Цаашид хамтлагаараа уран бүтээл хийх бодол бий юү?
-Энэ асуултыг хүмүүс их асуудаг. Бид хааяа эргэн нэгдвэл, хамтран уран бүтээл хийвэл яах вэ гэх зэргээр ярилцаж байгаа. Магадгүй үүнийг цаг хугацаа л харуулах байх. Бид “Шуранхай” хамтлагтаа уран бүтээл хийлгүй их олон жил өнгөрч. 2008, 2009 онд их хүчтэй гарч ирэн 2010 оноос хойш бараг уран бүтээл хийгээгүй. Тухайн үед хоёр, гуравхан жилийн хугацаанд маш олон цомог, дуунуудын ард гарч байсан. Уран бүтээлүүд маань одоог хүртэл хүмүүсийн сонсох дуртай дуунууд болж чадсан. Тиймээс хүмүүст “Шуранхай” хамтлаг их үгүйлэгддэг. Бид нэгдэхэд болохгүй гэсэн зүйл байхгүй. Хамгийн гол нь бид нэгдэхийн тулд бүгд сэтгэл зүйгээ нэгтгэж байж сайхан уран бүтээл гарна. Уран бүтээл гэдэг сэтгэл зүрхнээс гардаг учраас бүгд сэтгэл зүрхээ нэгтгэж чадвал биднээс сайхан уран бүтээл төрнө. Яагаад болохгүй гэж.