Categories
мэдээ нийгэм

​Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VII бага хурал эхэллээ DNN.mn

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VII бага хурал эхэллээ.

Энэ удаагийн бага хурлыг

  • “Бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломж”,
  • “ЗХА-ийн олон талт хамтын ажиллагаа”,
  • “ЗХА-ийн энх тайвны ирээдүй”,
  • “Цар тахлын дараах бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа”,
  • “ЗХА-ийн эрчим хүчний шилжилт дэх цахилгаан дамжуулах сүлжээний уялдаа холбоо” гэсэн үндсэн таван салбар хуралдааны хүрээнд энэ сарын 23-наас 24-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.

Тодруулбал,Өнөөдөр буюу зургадугаар сарын 23-нд “Бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломж” I хуралдааны хүрээнд бодлого боловсруулагч, эрдэмтэн судлаач нар бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломжийн талаар санал бодлоо солилцож, хэлэлцэнэ.

Харин “ЗХА-ийн олон талт хамтын ажиллагаа” II хуралдаанаар бүс нутагт итгэлцэл бэхжүүлэх чиглэлд хэрэгжиж буй үйл ажиллагаа, санаачилгын үр дүнгийн талаар үзэл бодлоо илэрхийлэх юм.

Мөн “ЗХА-ийн энх тайвны ирээдүй” III хуралдаанаар бүс нутгийн залуучуудын харилцаа холбоог бэхжүүлэх, нийтлэг үнэлэмжийг бий болгох, итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээг сурталчилж, үе хоорондын ялгааг арилгах талаар хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэ хэсэгт НҮБ-ын Улс төр, энх тайвныг тогтоох асуудал эрхэлсэн газар (DPPA), залуучуудын төлөөлөлд бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын талаарх санал, зөвлөмжөө бодлого боловсруулагчидтай хуваалцах болно.

Хурлын хоёр дахь өдөр буюу зургадугаар сарын 24-ний өдөр “Цар тахлын дараах бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа” IV хуралдаанаар Зүүн хойд Азийн улс болон олон улсын санхүүгийн байгууллагын эдийн засагч, бодлого боловсруулагч, бизнесийн төлөөлөгчид цар тахлын дараах эдийн засгийн хамтын ажиллагааны талаар бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Цар тахал, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлд төдийгүй нийгэм, хувь хүний амьдралд нөлөөлж, түүнийг нөлөөг бууруулахын тулд улс орнууд санхүүгийн нэгдэл томоохон бодлогын арга хэмжээ, дэмжлэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

“ЗХА-ийн эрчим хүчний шилжилт дэх цахилгаан дамжуулах сүлжээний уялдаа холбоо” V хуралдааныг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран зохион байгуулж, Зүүн хойд Азийн орнуудын эрдэмтэн судлаачид эрчим хүчний бодлого, тогтвортой хөгжил, шилдэг туршлага, ирээдүйн чиг хандлага, ойрын жилүүдэд тус бүс нутагт тулгарч болзошгүй сорилтуудын тухай хэлэлцэх юм. Түүнчлэн тогтвортой хөгжлийн долоодугаар зорилт (SDG 7)-ыг шийдвэрлэхэд тулгарч буй сорилт, боломжийг хөндөхөөс гадна бүс нутгийн эрчим хүчний уялдаа холбоог хоёр болон олон талт хамтын ажиллагаагаар хэрхэн хөгжүүлэх талаар ярилцана.

Тус хуралд Зүүн хойд Азийн улс орноос гадна Австрали, Канад, Итали, Франц, Их Британи, Турк, Словени, Литва зэрэг улс, НҮБ, олон улсын байгууллагын нийт 150 гаруй төлөөлөгч оролцож байна.

.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *