Categories
мэдээ соёл-урлаг

Б.Цэрэндондов: Би амьд үлдсэн юм чинь илүү олон уран бүтээл хийх ёстой DNN.mn

Хөгжмийн зохиолч, удирдаач, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Цэрэндондовтой ярилцлаа.


-Таны эмчилгээний зардалд зориулсан тоглолт болох тухай сонслоо. Хэзээ, хаана ямар тоглолт болох гэж байна вэ?

-Тийм ээ, энэ сарын 12-нд буюу пүрэв гаригт Монгол бөхийн өргөөнд 19 цагаас миний эмчилгээнд зориулсан хандивын “Өрөөлийг хайрлаж яваарай” тоглолт болох гэж байна. Тоглолтыг миний найз нөхөд, нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа. Саяхан ходоодны хорт хавдраар оношлогдож ходоодоо авахуулсан, хагалгаанаас гарч ирээд удаагүй байна, удахгүй хими эмчилгээндээ орно. Дараагийн эмчилгээний эхлэх хугацаа болчихсон. Монголдоо хийлгэе гэхээр эм, тарианы олдоц муу, гадагшаа явъя гэвэл бага зэрэг хүндрэлтэй л байна, удахгүй нэг шийдэлд хүрнэ дээ.

-Та Алтай нутгийн хүн үү?

-Тийм ээ, би Говь-Алтай аймгийн Бугат сумын хүн. Говь-Алтай аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгийн зөвлөлийнхөн сайхан сэтгэл гаргаж хандивын тоглолт зохион байгуулж байгаад их баяртай байна.

-Тоглолтод ямар уран бүтээлчид оролцох вэ?

-Монгол Улсын ардын жүжигчин С.Батсүх, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Энхзул, Ц.Оюунцэцэг, У.Далантай, Б.Лхагваа, Чингис хааны одонт Г.Ариунбаатар, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Баттөр, О.Баянмөнх, Б.Цолмон, яруу найрагч М.Билэгсайхан, төрийн шагналт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Бавуудорж гэх мэт 40 орчим уран бүтээлч оролцоно.

-Урлагийнхан нэгнийхээ хүнд үед халуун сэтгэл гаргаж, нэгдэж харагдах юм…

-Ер нь их сайхан юм, би ингэж нэгдэж, санаачилга гаргана гэж бодоогүй. Сайхан сэтгэлийн дэмжлэгийг үзэж л явна даа.

-Хамгийн сүүлд та ямар уран бүтээл дээр ажилласан бэ?

-Ардын дуу бүжгийн Алтай чуулгад 15 жил ажилласан. Одоогоор Орхон аймгийн Дуу бүжгийн чуулгад 17 дахь жилдээ ажиллаж байна. Чуулгынхаа уран бүтээлд зориулж найрал дуу, хөгжим, дуулаачийн төрлийн бүтээлүүд дээр ажиллаж байсан юм. Энэ зун чуулгынхаа 100 жилийн ойг тэмдэглэнэ. Уран бүтээлийн ажлууд маань үргэлжлээд л явж байна. Цагаан сарын үеэс бие өвдөөд хоёр сар хэрийн хугацаанд ажлаасаа хөндийрсөн. Дараагийн эмчилгээндээ орчихоод очиж уран бүтээлдээ орно доо.

-Таны анхны уран бүтээл юу вэ?

-Оюутан байхдаа дууны уран бүтээлд оролцож байсан, нэг их олны хүртээл болж чадаагүй ч оюутан цаг, намрын тухай дуунууд хийж байсан. 1984 онд Багшийн сургуулийг дүүргээд нутагтаа Алтай чуулгад очоод анхны уран бүтээлүүдийг тайзан дээр, бүжгийн хөгжмүүдээр эхэлж байсан. Хамгийн анхны дууны уран бүтээл гэвэл П.Бадарч гуайн “Уянга дууны алтан намар” дууг хийж байлаа, тэр дуу маань одоог хүртэл дуулагдсаар яваа, 38 жил өнгөрчээ.

-“Хонгорзул” дууг хэдэн онд туурвисан юм бэ?

-1999 онд зохиогдоод 2000 он гараад л дуулагдаж эхэлсэн. “Хонгорзул” дуу маань тэр оныхоо Монголын радиогийн “Цагаан лавай” наадамд хамгийн олон захиалга авсан шилдэг дуугаар шалгарч тэргүүн шагнал хүртэж байлаа.

-22 жилийн өмнө зохиогдсон ч одоог хүртэл дуулагдсаар л байдаг?

-Би 1990-ээд оны эхээр дууны уран бүтээл рүү шаргуухан орсон. Тэр үед миний зохиосон “Сутай зүгийн нутаг”, “Шаргын говь”, “Оройн намрын бороо” гэх мэт дуунууд Монголын радиогоор явдаг байсан. Анхны дуунуудаа голцуу Монголын радиогоор сонсож байсан. “Хонгорзул” дуу маш амархан түгсэн, уран бүтээл туурвина гэдэг бол хүүхэд төрүүлж байгаатай ижилхэн. Тэрийгээ нийтийн мэдээллийн хэрэгслээр сонсох их бахархалтай байдаг.

-Гавьяат Н.Энхбатыг “Хонгорзулын Энхбат” гэдэг шүү дээ. Таны дуунуудаас харахад та дуучин Н.Энхбаттай олон жил хамтарч ажиллаж ээ дээ…

-Тэгсэн шүү, Н.Энхбат 1987 онд цэргээс халагдаад Алтай чуулгад жаахан залуу дуучнаар ирж байлаа. Тэр үеэс хойш 13-14 жил нөхөрлөж, хамт уран бүтээл хийсэн. Н.Энхбат “Хонгорзул”, “Ажнайн хүрэн”, “Гүнж тогоруу”, “Намайгаа дурсаарай”, “Оройн намрын бороо” гээд миний 12 дууг дуулсан байдаг юм.

-Н.Энхбат ахыг Монгол Улсын гавьяат жүжигчин болоход та их баярлав уу?

-Тэгэлгүй яахав, олон жил хамтарч уран бүтээл хийж явсан нөхөр маань гавьяат болоход нь их баярласан. Н.Энхбатыгаа дуучин болгож, олонд таниулахын төлөө хамтран зүтгэж явсан хүний хувьд их баяртай байгаа. Гавьяат болсон сураг сонсоод л баяр хүргэсэн.

-Та голдуу дууны уран бүтээл хийдэг. Урын сандаа хэд орчим уран бүтээлтэй вэ?

-300 гаруй дуу байдаг юм, бүртгэж үзтэл 90 гаруй яруу найрагчтай хамтарсан юм билээ. Зарим яруу найрагчдын шүлгийг өөрт нь хэлэлгүй аваад дууны уран бүтээл хийсэн тохиолдол ч байдаг. Сүүлд нь уулзаж, танилцаж байсан ч удаатай. Ү.Хүрэлбаатар, Д.Дашдондов, Д.Лхагвасүрэн, Н.Батжаргал зэрэг олон яруу найрагчидтай маш олон дуу хийсэн байдаг. Зөвхөн дуу, эсвэл сомфони хэлбэрээр гээд өөр өөр төрлөөр дагнаж уран бүтээл хийсэн хүмүүс ч байдаг. Миний хувьд дууны төрлийн уран бүтээл түлхүү, нэг дуулалт хөгжимт драм, хоёр фольк-дуурь, нэг бүжгэн жүжиг, 60 гаруй концертын бүжгийн хөгжим бичсэн. Энэ талаар Говь-Алтай, Сэлэнгэ, Эрдэнэтийн чуулга болон гадны чуулгуудад захиалгаар хийсэн концертын хөгжим олон бий. Дан хөгжмийн 30 гаруй, найрал хөгжимд зориулсан арваад бүтээл бий. Хөгжмийн найруулгыг бол 400 гаруйг хийсэн.

-Таны үеийн хөгжмийн зохиолчид хэн хэн байна?

-Оюутны байрны нэг тасагт хамт амьдарч, нөгөө ангид суралцаж байсан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Магсаржав байна. Бид нэг тасагт гурван жил амьдарч байсан. Б.Магсаржав маань “Сүүн далай ээж” дуугаа өөд өөдөөсөө харж сууж байгаад зохиож байсан. Хөгжмийн зохиолч М.Хатанбаатар “Аавын нутаг”, “Нутгийн зам” гээд сайхан дуунуудтай, бид оюутны байранд нэг тасагт амьдарч байсан. Манай дээд үеийнхэн гэвэл МУУГЗ Б.Бямбабаяр, Ё.Сүхбаатар гэх мэт.

-Таны шавь нараас…

-Алтайд чуулгын хөгжимчнөөс эхлээд л хөгжмийн багш, хөжгмийн удирдаач, уран сайхны удирдаачаар ажиллаж байсан. Алтай, Сэлэнгэ, Эрдэнэтэд гээд их олон шавь бий.

-Таныг Монголын анхны фольк-дуурийн хөгжмийг бичсэн гэдэг шүү дээ…

-Би Алтайн чуулгад байхдаа “Шаргын говийн домог” гээд дуулалт жүжиг бичиж байсан. Эрдэнэтэд ирсний дараа 2005 оноос олон уран бүтээл туурвисан, 2006 онд “Бөртэ хатан” хөгжимт драм Эрдэнэтийн чуулгад толилуулсан. 2008 онд “Тэнгэрийн гэрээс” гэж Монголын анхны фольк-дуурийг бичсэн. Фольк-дуурь гэдэг нь улс үндэстний ардын дуу хуурийг гол цөмөө болгосон, сонгодог хэлбэртэй дуурийг хэлдэг. Латин Америкийн орнуудад их байдаг юм.

-Дууны ая, кино, жүжгийн хөгжим бичих их ялгаатай юу?

-Тийм, тус бүрдээ өвөрмөц арга барилаар хийгддэг. Жишээлбэл, дууны уран бүтээлийг яруу найрагч, дуучинтай хамтраад хийчихнэ. Монголчууд их дуулаач ард түмэн учраас дууны уран бүтээл их хөгжсөн байдаг.

-Та яагаад урлагийн хүн болсон юм бэ?

-За яахав, урлагийн хүн болъё гэж бол бодож яваагүй юм /инээв/. Аав, ээжийн талд дуулж хуурддаг хүмүүс байсан. Багадаа сумын дотуур байранд байхад гармон гээд хоёр тийш нь татдаг хөгжим байсан юм. Тэрийг оролдож байгаад дуу тоглодог болсон. Баруун, зүүн гараараа тоглодог болоод сүүлдээ дотуур байрныхаа хоолны зааланд хөгжимддөг болсон. Найзтайгаа сумын клубийн ах нараас баянхуур хөгжим гуйж аваад, сумын томчуудын бүжгэнд уригдаж хөгжим тоглодог байсан. Тэгээд л Багшийн сургуулийн дуу хөгжмийн ангид шалгалт өгч тэнцсэн. Би чинь мундаг хөгжимчин болчихсон гээд ирсэн чинь бүгд худлаа болж таарсан /инээв/.

-Таны хүүхдүүд хөгжим сонирхож байна уу?

-Хоёр ихэр хүүгийн маань нэг нь Соёл урлагийн их сургуулийн кино найруулагч мэргэжлээр суралцаад энэ жил төгсөнө. Бусад нь өөр мэргэжилтэй.

-Та эрүүл мэндийн оношоо хэзээ сонссон бэ?

-Ходоод айхтар далд эрхтэн юм байна. Миний ходоод огт өвддөггүй байсан, энэ жилийн Цагаан сарын дараа гэнэт цанхайгаад эхэлсэн. Тэгээд эмнэлэгт хандаад дурандуултал ходоодны шархлаа үүссэн байна гэсэн. Тэндээс эдийн шинжилгээ өгтөл 18 хоногийн дараа хавдар болсон байна гэж оношлогдож ходоодоо бүхэлд нь авахуулсан. Дөрөвдүгээр үедээ орсон нь тогтоогдсон. Монголын хавдар судлалын гайхалтай чадварлаг эмч нар хагалгааг маш сайн хийсэн. Химийн эмчилгээгээ хийлгэхээр хүлээж байна, 21 хоногийн зайтай зургаан удаагийн хими эмчилгээнд орно.

-Гэнэт өвчний оношоо сонсоод таны болон таны гэр бүлийн сэтгэл зүй хүнд байсан байх?

-Би өөрөө өндөр сэтгэл зүйтэй байгаа. Анагаахын шинжлэх ухаан хөгжчихсөн үед даваад л гарна гээд ойр дотныхондоо эерэгээр нөлөөлөхийг хичээж байна.

-Та цаашид ямар уран бүтээлүүд хийхээр төлөвлөж байна?

-Хүнд цаг үе ирэхэд ямар залхуу, назгай байснаа ойлгодог юм байна. Бодсон зүйлсээ хийж амжихгүй үхэх юм байна даа гэж бодогдож байсан л даа. Олон хүний сайхан сэтгэлийн дэм, эмч нарын чадвараар амьд үлдэхэд цаана нь асар их сэтгэлийн өр үлддэг юм байна. Би амьд үлдсэн юм чинь илүү их зүйлийг хийх ёстой.

А.ГАНТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *