Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Ч.Ган-Инж: Стилиэ зөв тодорхойлсноор өөрт тухтай, хэрхэн үзэсгэлэнтэй харагдах вэ гэдгээ мэддэг болно DNN.mn

“Шинэ ээж” дэлгүүр, “Snog Froyo” брэнд, “Inj Studio”-ийн үүсгэн байгуулагч Ч.Ган-Инжтэй ярилцлаа.


-Шинэ студиэ нээсэн танд баяр хүргэе. Студийн тань үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхэлье?

-Баярлалаа, намайг Чадраабалын Ган-Инж гэдэг. Бизнесийн удирдлагаар төгссөн, мэргэжлээрээ ажилладаг. Багаасаа хувцас, загварт сонирхолтой байсан. Хувийн сонирхлоороо Испани улсын Мадрид хотын “Elle” загварын сургуульд хувийн худалдан авагч, стилистээр суралцсан. Хүмүүсийн зөвхөн гадаад төрх биш, дотоод гоо үзэсгэлэнг тодотгохын тулд олон улсын амьдралын дасгалжуулагчаар мэргэшсэн. Энэ хоёр мэргэжлийнхээ үндсэн дээр “Inj studio”-оо байгууллаа. Студийн маань үйл ажиллагаанд Монголд анхдагч, шинэлэг зүйл олон бий. Хувийн стилинг үйлчилгээ олон улсад бүх хүнд нээлттэй байдаг. Харин Монголд олны танил хүмүүс, эсвэл чинээлэг хүмүүст л үйлчилдэг. Өөртөө юу зохихыг мэдэхгүй хүмүүс олон байдаг л даа. Үүнийг нь зааж өгөх хүн байдаггүй, ойр дотныхноо, эсвэл сошиалаас хараад дуурайж хувцасладаг. Ямар өнгө, ямар загвар өөрт нь зохихыг мэдэх хэрэгцээ байдаг ч, заах хүн байдаггүй. Энэ орон зайг олж хараад, өөрөө ч энэ талд сонирхолтой учраас студиэ нээсэн. “Inj Studio” нь хувийн стиль имидж тодорхойлох, хувцас сонголтод туслах үйлчилгээг үзүүлдэг.

-Студиэ нээхийн тулд удаан хугацаанд төлөвлөж, бэлтгэсэн үү?

-Аливаа бизнесийг эхлүүлэхэд дотоод засал, түүхий эдээс авахуулаад бэлтгэл ажил их шаарддаг. Студийнхээ дотоод засал, дизайныг өөрөө гаргасан. Загварын дизайнаас гадна дотоод засал чимэглэлд дуртай болоод тэрүү гэрийнхээ дизайныг ч өөрөө гаргаж байсан. Студийнхээ дизайныг гаргаж, тохижуулахын тулд хугацаа орсон. Гэхдээ үүнээс илүү хүмүүст чанартай, үр дүнтэй үйлчилгээ хүргэхийн тулд өөрийгөө илүү их бэлтгэсэн, энэ нь хийж байсан бусад бизнесүүдээс ялгаатай байлаа. Хувь хүний мэдрэмж гэж байдаг, гэхдээ ганцхан мэдрэмждээ суурилна гэдэг учир дутагдалтай. Стилистийн сургууль, амьдралын дасгалжуулагчийн олон улсын зэргийг студидээ зориулж суралцсан. Тэгэхээр хувь хүний хөгжилдөө л илүү их цаг зарцуулж, бэлтгэжээ.

-Студи хэдэн төрлийн үйлчилгээтэй вэ?

-Манай студийн үйлчилгээ “Үндсэн багц”, “Бүтэн өдрийн багц”, “Тусгай багц” гэсэн гурван төрлийн багцтай. “Үндсэн багц” нь та оффист ирж гурван цагийн үйлчилгээ авна. Энэ хугацаанд өнгөний тест явуулж танд зохидог өнгийг тодорхойлж, биеийн хэлбэрт зохицох хувцаслалт, нүүрний хэлбэрт таарсан үс засалт, үсний өнгө, уруулын будагны өнгө, хөмсөгнөөс авахуулаад таны имиджийг бүхэлд нь тодорхойлно. Мөн амьдралын дасгалжуулалтын үйлчилгээг нэгтгэж өгснөөр тантай найз мэт дотно ярилцаж гадаад төрхөөр дамжуулан өөртөө итгэх итгэл, сэтгэл хангалуун байдлыг өсгөх зорилготой. Хорвоо дээр 300-400 төрлийн өнгө байдаг, тэр дундаас танд зохих 31 өнгийг тодорхойлж өгнө. Өнгөний тест хийснээр зохихгүй өнгөө мэдэж, дахин буруу сонголт хийхгүй. Нөгөө талаас тэр хүн хэзээд гоё харагдана гэсэн үг. Хүний биеийг таван төрлийн хэлбэртэй гэж ангилдаг. Тэр дундаас та аль нь вэ гэдгээ мэдсэнээр давуу талаа яаж тодотгох, сул талаа хэрхэн ухаалгаар нуух арга барилыг эзэмшинэ. Таны биед ямар төрлийн хувцас өмсвөл хичээгээгүй мөртлөө таатай харагдах вэ, хүнд цаанаасаа зохидог 13 төрлийн хувцас гэж байдаг. Жишээлбэл, надад хэзээ ч дэрвэгэр, өхөөрдөм хувцас зохидоггүй. Хэрвээ тийм хувцас өмсвөл хэт хичээсэн мэт харагддаг. Харин миний биеийн галбирт ажил хэрэгч, загварлаг хувцас зохидог. Стилиэ тодорхойлсноор яавал хичээгээгүй хэрнээ өөрт тухтай, үзэсгэлэнтэй харагдах вэ гэдгээ мэддэг болно.

-“Бүтэн өдрийн багц”-ын талаар тодруулбал?

-Зургаагаас долоон цаг үргэлжлэх бүтэн өдрийн багцад үндсэн багцын гурван үйлчилгээг оффист авахаас гадна үйлчлүүлэгчийн сонгосон дэлгүүрээс хэрэгцээт хувцас худалдан авалт хийх, тохируулж сонгоход туслах үйлчилгээ эсвэл үйлчлүүлэгчийн гэрт зочилж, шүүгээн дэх хувцаснуудыг зөв тохируулж өмсөх зөвлөгөө өгнө. Энэ нь нэг сая төгрөгийн үнэтэй. Харин гурав дахь буюу “Тусгай багц” нь хурим, төрсөн өдөр гэх мэт тэмдэглэлт арга хэмжээний стилинг, зураг авалтын look/concept гаргах үйлчилгээ юм.

-Одоогоор хэд орчим хүн үйлчилгээ авсан бэ?

-Студи маань нээгдээд 10 гаруй хонож байна. Зургадугаар сар хүртэл үйлчилгээний цаг дүүрсэн. Одоогоор 10-15 хүнд үйлчилгээ үзүүлсэн. Тасралтгүй гурван цаг ярих, гадуур явах зэрэг ачаалалтай учир өдөрт нэгээс илүү хүнд үйлчилдэггүй, ихдээ хоёр хүнтэй л ажилладаг. Үйлчлүүлэгчид маань “Inj studio” гэсэн фэйсбүүкээр холбогдон цагаа захиалах боломжтой.

-Үйлчлүүлэгчдийн сэтгэгдлээс хуваалцаач?

-Энэ бол тодорхой хэмжээний бизнес ч гэлээ миний зүгээс үйлчлүүлэгчдээ өөрчлөлт, өөртөө итгэх итгэлийг өгөх нь хамгийн чухал зорилго. Тэр хүн өөрийгөө хараад аз жаргалтай болох ёстой. Би тодорхойлсон зорилгодоо хүрэхийн тулд хичээж байгаагийн үр дүнд юм уу, үйлчлүүлэгчид маань 100-1000 хувь сэтгэл ханамжтай байгаа (инээв). “Сэтгэл, хайр мэдрэгдэж байна. Маш их баярлалаа” гэдэг үгсийг сонсох үнэхээр гоё, би үүнийг л хүссэн.

-Хүн өөрт тохирох стилиэ олсноор ямар давуу талтай вэ?

-Үйлчлүүлэгчдэдээ загвар (Fashion), стиль хоёрын ялгааг ойлгуулахыг чухалчилж байгаа. Загвар гэдэг бол урсаад өнгөрдөг зүйл. Энд яригдаж байгаа зүйл загвар, модатай ямар ч хамаагүй. Зөвхөн стилийн тухай ярина. Стиль гэдэг нь мода, загвар яаж ч өөрчлөгдөж байсан та дотроо ямар хүн бэ, дотоод ертөнцийг чинь бусад хүмүүст маш амархан илэрхийлдэг хүчтэй зэвсэг. Стилиэ тодорхойлохдоо дотроо би маш сонирхолтой хүн, тэрийгээ илэрхийлнэ гэж сонгох ёстой. Хэрвээ та уйтгартай хувцаслаад л байвал тантай харилцаж байгаа хүмүүст та хүсээгүй байсан ч “Уйтгартай хүн” гэдэг бодол суучихдаг. Гурван секундэд хүний анхны сэтгэгдэл бий болж, бараг өөрчлөгддөггүй. Энэ нь таныг ажилд орох уу, үгүй юү, хэн нэгэнтэй хайр дурлалын харилцаа үүсэх үү, үгүй юү, нөхөрлөл дараагийн түвшинд гарах уу, үгүй юү гэх мэт олон шийдвэрт нөлөөлдөг. Хүмүүс дутуу үнэлээд байдаг болохоос хүний гадаад төрх бидний мэдэхгүй олон чухал үүрэгтэй. Стилийг өөрийгөө илэрхийлэх боломж гэж харах хэрэгтэй. Та өөрийгөө зөв илэрхийлснээр, зөв ажилдаа орж, зөв хүмүүстэй уулзаж, зөв хүрээлэл үүсгэнэ, өөртөө итгэлтэй аз жаргалтай хүн болно.

-Хувцас худалдаж авдаггүй, өмсдөггүй хүн гэж байхгүй. Бид худалдан авалт хийхдээ юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Хамгийн чухал нь өнгө, хүмүүс өнгөний ач холбогдлыг хангалттай мэддэггүй. Өнгийг хүйтэн, дулаан гэж ангилдаг. Хүйтэн дундаа өвөл, зуны өнгө, дулаан дундаа хавар, намрын өнгө гэж байдаг. Энэ дундаас өөрийнхөө өнгийг мэдчихвэл сонголтоо зөв хийнэ. Зарим өнгийг өмсөхөөр халтар, нойр дутуу, хөгшин харагддаг. Харин зохидог өнгө тэр хүнийг амьд, гэрэлтсэн, нүдний доод талын харласан хэсэг хүртэл бүдгэрч харагддаг. Өнгө бол таны хөгшин харагдах уу, залуухан харагдах уу, нойр дутуу харагдах уу гэдгийг хүртэл шийддэг чухал зүйл. Өөрт зохидог өнгө, биеийн галбирын онцлогоо мэддэг байх нь хамгийн чухал. Биеийн галбирын хувьд мөргүй хүн байвал яаж мөртэй харагдах вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй.

-Өнгөө тодорхойлоход насны хувьд ялгаа байдаг уу?

-Насны ялгаа огт байхгүй. Өөрт зохих өнгийг арьсны цаад талын пигментээр тодорхойлдог. Төрснөөс үхэх хүртэл танд зохидог 31 өнгө хэзээ ч өөрчлөгдөхгүй.

-Хувцаслалтын тал дээр монголчуудын мэдлэг, мэдрэмж ямар түвшинд байна вэ?

-Миний бодлоор энэ тал дээр монголчууд үндсэн, гүн ойлголт багатай. Стиль, имиджээ олохын хамгийн наад захын биеэ зөв хуваах ойлголт бусад орны иргэдэд энгийн л зүйл. Харин манай монголчууд мэдэхгүй, алдаа гаргадаг. Сошиал дээр байгаа хүмүүсийг дуурайж хувцасладаг. Инстаграмд зургаа оруулсан охин өөрөөс чинь тэс өөр хүн, өөр өнгө зохидог, биеийн өөр галбиртай учраас танд зохихгүй. Өөртөө зохих өнгө, загвараа мэдэхгүйн улмаас хэдэн саяар нь мөнгөө алдаж байна. Юу өмсвөл зохихоо, өөрийгөө мэддэг хүн зөв сонголт хийнэ шүү дээ.

-Энэ чиглэлээр өөр ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Студиэ нээхдээ тухайн хүний стилийг тодорхойлоод, дэлгүүрээр явахад хайсан хувцас олдохгүй тохиолдол олон гардаг. Шүүгээнд байх ёстой зүйл гэж байдаг. Тэр хэрэгцээний зүйлс нэг дор байдаг дэлгүүр нээхээр зорьж байна. Дөрвөн улирлын өнгөөрөө дагнасан, хүний үндсэн хэрэгцээний зүйлстэй цогц дэлгүүр. Энэ нь манай студийн ажилтай уялдаатай, мөн “Инжээтэй дэлгүүр хэсье” гэдэг нэртэй влог эхлүүлж байгаа. Дэлгүүр хэсэх завгүй хүмүүст зориулж энэ хувцсыг үүнтэй зохицуулж өмсвөл тохиромжтой гээд өмсөж үзүүлээд, материал, үнийг нь харуулна. Влог үзсэн хүн дэлгүүрт ороод сонголтоо хийхэд амар, мөн тэрхүү дэлгүүрт очих эсэхээ шийдчихнэ. Эхний влогоо сошиалд цацсан. Дараагийн влог хийх дэлгүүрүүдийн захиалга ч баталгаажсан, хүмүүст хэрэгтэй байх болов уу гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *