Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

ЕХ: ОХУ-ын зэвсэгт хүчин Украин руу довтолж, түрэмгийлж байгааг буруутган эрс эсэргүүцэж байна DNN.mn

Европын холбоо, түүний гишүүн болон түнш орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар Украинд болж буй дайны талаар байр сууриа илэрхийллээ.


ОХУ болон Беларусын 877 хувь хүн болоод 67 ААН-ийг хориг арга хэмжээнд хамруулсан


Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никейз: -Европын холбооны улсууд ОХУ-ын зэвсэгт хүчин Украин руу довтолж, түрэмгийлж байгаа явдлыг эрс эсэргүүцэж байна. Мөн Беларус улсыг энэхүү цэргийн түрэмгийлэлд нэгдэн орж байгааг буруутгаж байна. Энэхүү түрэмгийлэл нь Олон улсын хууль, Олон улсын хүмүүнлэгийн хууль болоод холбогдох хуулийг зөрчиж дайны гэмт хэрэг үйлдэж байгааг эрс буруутгаж байна. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор Европын холбооны гишүүн орнууд Украинд бүх төрлийн тусламж, дэмжлэг үзүүлж, түүхэнд байгаагүй хориг арга хэмжээг ОХУ-д үзүүлж байна. Тухайлбал, эдийн засгийн салбарын ногдуулах арга хэмжээ болоод хувь хүн рүү чиглэсэн хориг арга хэмжээг авсан. ОХУ болон Беларусын 877 хувь хүн болоод 67 ААН-ийг тус хориг арга хэмжээнд хамруулаад байна.ҮАНУ, Канад, Австрали, Япон, БНСУ, Канад улс нэгдсэн бөгөөд бусад улс орнууд хэсэгчилсэн байдлаар энэхүү хориг арга хэмжээнд нэгдэж байна. Түрэмгийлэл үйлдэж байгаа ОХУ-д энэхүү хориг арга хэмжээ ихээхэн хохирол дагуулж байгаа бөгөөд Европын холбооны улс орнуудын хувьд ч тийм хямд төсөр арга хэмжээ биш юм. Бид дээр дурдсан хувь хүн болоод ААН-үүдэд зориулсан хориг арга хэмжээгээ цаашид ч үргэлжлүүлэх болно гэдгээ илэрхийлж байна. Европын холбооноос Украинд 2014 оноос нийтдээ 17 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлээд байна. Дайн эхэлснээс гурав хоногийн дараа Европын холбооны зүгээс Украины зэвсэгт хүчинд цэрэг, зэвсгийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр тунхагласан. Нийт үнийн дүнгийн тухайд 500 сая евротой тэнцэнэ. Дээрх үнийн дүнгийн 400 сая еврог нь цэрэг дайны зориулалтын 50 сая евро нь хүмүүнлэгийн чиглэлээр зориулах юм. Эцэст нь дүгнээд хэлэхэд, бид стратегийн ач холбогдол бүхий багц арга хэмжээ авах болно.Стратегийн баримт бичгийг Европын холбооны улсын гадаад харилцаа болоод Батлан хамгаалах яамнаас хамтран гаргасан. Энэхүү баримт бичигт Европын холбооны Аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлээр өөрсдийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор 10 жилийн турш авч хэрэгжүүлэх дараагийн ач холбогдол бүхий багц арга хэмжээг тусгасан байгаа юм.НАТО-той хамтраад Европын түнш орнуудтай хамтарсан аюулгүй байдал, батлан хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах болно.


Монгол Улсынхүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Франц улс хоёр талын хамтын ажиллагаагаа тууштай үргэлжлүүлнэ


Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн: -Украин улс ОХУ-ын цөмийн зэвсгийг өөрийн нутаг дэвсгэрээс гаргасан. Энэ дайн бол үндсэндээ найман жилийн өмнөөс эхэлсэн дайн юм. Бид бүхний харж байгаачлан дайны хор уршгийн улмаас олон улс орон эдийн засгийн хор хохирол амсаж байна. Учир нь ОХУ-ын цэрэг арми хөдөө аж ахуйн томоохон салбарт хор нөлөө үзүүлсэн. Нэн ялангуяа Хар далай дахь бүс нутаг маш их хор хөнөөл амсаж байна. Үүнээс үүдэн тус бүс нутагт хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл газар авч байна. Энэхүү дайны улмаас Монгол Улс шиг олон орнууд валютын ханштай холбоотой томоохон цохилтод орж байна. Монгол Улс ОХУ-аас хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, хүнс болоод төмөр замын тоног төхөөрөмж импортлодог орны хувьд олон хүндрэлтэй тулгарч байна. Франц болоод бусад орнууд хүнс, ХАА-н салбарыг энэхүү үр дагавраас хор уршгийг нь бууруулах чиглэлээр хамтарч ажиллаж байна. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр худалдаа болоод импортын чиглэлээр хамтарч ажиллах зорилго агуулж байна. Хүнсний үйлдвэрлэлийг богино болоод урт хугацаанд дэмжих чиглэлээр анхаарч байна. Энэ мэтчилэн Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Франц улс хоёр талын хамтын ажиллагаагаа тууштай үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлж байна.Урт хугацаанд хүнсний аюулгүй байдал болоод эрчим хүчний салбарын биеэ даасан байдлын чиглэлээр хамтарч ажиллах юм. Мөн Монголын бизнесийн салбартай хамтарч ажиллаж байгаа. Урьд өмнө нь ч бид хамтарч ажиллаж байсан. ОХУ-д тогтоож байгаа хориг арга хэмжээнүүд Монгол Улсад нөлөөлөхгүй байх чиглэлээр өөрсдийн зүгээс анхаарч ажиллаж байна. Дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс Монгол Улс НҮБ-ын идэвхтэй гишүүний хувьд, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны гишүүний хувьд Монгол Улсын аливаа нэг аюулгүй байдалтай холбоотой асуудалд ч бид дэмжлэг үзүүлэхээ дахин илэрхийлж байна.


Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдэх чиглэлээр хамтарч ажиллаж байна


Бүгд найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Витопил: -Манай улс Украиныг бүрэн дэмжиж ОХУ-ын түрэмгийллийг эрс буруутгаж байна. Украины дүрвэгсэд манай улсын нутаг дэвсгэрт олноороо ирж байгаа. Тиймээс бүд эдгээр дүрвэгсдэд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэхэд чиглэсэн арга хэмжээнийхээ талаар хэлэхийг хүсч байна.Мөн Олон улсын Эрүүгийн шүүхээс дайны гэмт хэргийн эсрэг өөрсдийн мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлсэн. Миний ойлгож байгаагаар одоогоор 40 гаруй улс орон Олон улсын эрүүгийн хуульд өөр өөрсдийн нэхэмжлэлээ гаргаж байгаа гэж бодож байна.Үүнтэй холбоотойгоор Чех улсын хувьд Монгол Улстай хоёр талын хамтын харилцаагаа өргөжүүлж, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдэх чиглэлээр хамтарч ажиллаж байна. Чех улс ОХУ-ын дэгдээсэн дайны эсрэг аливаа нэг арга хэмжээ авахаа ийнхүү илэрхийлж байна.

Манай улс Украинаас хамгийн их дүрвэгсдийг хүлээж авсан

Бүгд найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко: -Манай улс ОХУ-аас Украинд үзүүлсэн түрэмгийллийн дараа дүрвэгсдийг хүлээж авсан цөөн тооны орнуудын нэг. Украины хүмүүнлэгийн хямралтай холбогдуулан эмэгтэйчүүд хүүхдүүдийн нулимсыг урсгаж байгаа энэ дайныг бид эрс буруутгаж байна. Украинаас дүрвсэн иргэдээс хоёр сая 700 мянган хүнийг манай улс хүлээж авсан нь дэлхийн хэмжээнд хамгийн их дүрвэгсдийг хүлээж авсан орны тоонд манай улс багтаж байна. Зэвсэгт мөргөлдөөнөөс өмнө хоёр орны хурцадмал байдалтай холбоотойгоор манай улс бэлтгэл байдлаа хангаж байсан. Дайн дэгдсэнээс хойш мянга мянган иргэд ААН-үүд Украины дүрвэгсдэд өөрсдийн чин сэтгэлийн тусламж үзүүлсээр байна. Түүнчлэн бодлогын чанартай байгууллагууд үйл ажиллагаа явуулж, дүрвэгсдийн аюулгүй байдал, нийгмийн асуудлыг хангах чиглэлээр хамтарч ажиллаж байна. Нийт дүрвэгсдийн 80-90 хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа учраас эдгээр иргэдийн аюулгүй байдал болоод нийгмийн асуудлыг хангах чиглэлээр дорвитой ажиллагаа явуулж байна. Үүний зэрэгцээ дүрвэгсдэд эрүүл мэнд болон бусад үйлчилгээг зөв зохистой хүргүүлэх чиглэлээр арга хэмжээ авч байна.

Дайныг эрс шийдэмгий буруутгаж, үтэр түргэн дуусгавар болгоосой хэмээн хүсч байна

Бүгд найрамдах Болгар улсын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Валентин Ангелов: -Энэхүү дайны улмаас олон мянган украинчуудын амьдралын нөхцөл байдал доройтож, нутгаа орхиж дүрвэхэд хүргэж байна. Болгар улсын зүгээс хүмүүнлэгийн болоод бусад туслалцааг Украин улсад хүргүүлж байгаа. НҮБ болоод УЗН-тэй хамтарч туслалцаа үзүүлж байна. ОХУ-аас биднийг хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх нөхцөл байдлаар хангах ёстой хэмээн үзэж, бас шаардаж байгаа. Мөн дэлхийн бүхий л улс орнууд Украинд дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэр дундаа эмнэлгийн тоног төхөөрөмж болоод усан хангамжаар хангах арга хэмжээг авч байна. Одоогийн байдлаар манай улс Украин улсын 75 мянга гаруй дүрвэгсдийг хүлээн авсан байна. Мөн хүмүүнлэгийн туслалцаанд 185 мянган ам. долларын зардал гаргаж байна. Украины ард түмэнтэй эв нэгдэл нэгтэй байгаагаа ийнхүү илэрхийлэхийн зэрэгцээ 1.7 сая еврог Засгийн газар болоод иргэдээсээ босгож Украины дүрвэгсдэд зориулж байна.Бид энэхүү дайны хор уршгийг сайтар ойлгож байгаагийн хувьд дайныг эрс шийдэмгий буруутгаж, үтэр түргэн дуусгавар болгоосой хэмээн хүсч байна.

НҮБ-ын гишүүн орнуудын нэг нь нөгөөгийнхөө бүрэн эрх рүү халдаж зэвсэгт халдага үйлдэнэгэдэг байж боломгүй үйлдэл

ХБНГУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Регина Рутенберг: -Үг маш их утгатай байдаг. ОХУ буруу үг хэлдэг, буруу ташаа мэдээлэл цацах чиглэлээр маш идэвхтэй ажиллаж байна. Тиймээс буруу ташаа мэдээллийн хүрээнд ОХУ олон улсын яриа хэлэлцээрт нөлөөлж, Украинд болж байгаа бодит нөхцөл байдлын зургийг гажуудуулах оролдлого хийж байна. Тиймээс эдгээрийг гярхай харах ёстой. НҮБ-ын бүрэн эрхт улс орнуудын нэг нь нөгөөгийнхөө бүрэн эрх рүү халдаж зэвсэгт халдага үйлдэнэ гэдэг бол хэзээ ч байж боломгүй үйлдэл. ОХУ-ын зүгээс энэхүү түрэмгий дайныг цэргийн тусгай ажиллагаа хэмээн нэрлэж байна. Түүнчлэн уг дайны учир шалтгааны талаар буруу ташаа мэдээлэл түгээж байна. Түүний зэрэгцээ хүн төрөлхтний эсрэг аймаглан устгах хэмээх нэр томьёоноос аль болох зайлсхийж байна.НҮБ 1948 онд аймаглан устгах талаарх тодорхойлолтыг гаргасан байдаг. Энэхүү тодорхойлолтод зорилготойгоор үндэстнийг болоод шашны байгууллага бусад бүлэглэлийг бүхэлд нь болоод хэсэгчлэн устгахыг хэлнэ хэмээсэн. Тэдгээр бүлэг хүмүүсийн амьдралын чанарыг доройтуулах бүрмөсөн устгах арга хэмжээг тодорхойлсон байдаг. Нэн ялангуяа нэг бүлгээс нөгөө бүлэг рүү өсвөр насны хүүхдүүдийг шилжүүлэх явдлыг ч энэхүү тодорхойлолтод оруулдаг. Тиймээс НҮБ болоод Европын аюулгүйн ажиллагааны байгууллага энэ чиглэлээр тодорхой анхаарал хандуулж байгаа. Аймаглан устгах хэмээх нэр томьёог огт хэрэглэхгүй байгаа нь дэлхий нийтэд хэвшсэн практикаас нэлээд гажсан практик хэмээн бид үзэж байна.Тиймээс энэхүү зэвсэгт халдлагаас хор уршгийг нь амсаж байгаа эмэгтэйчүүд болоод хүүхдүүд, бүхий л иргэдийн төлөө ийнхүү үгээ та бүхэнд дуулгаж байна.

Ямар ч улс орон аймаглан устгах үйл ажиллагаа явуулах эрхгүй

ИБУИНВУ-ын Онц бөгөөд бүрэн элчин сайд Филип Малон: -ОХУ Олон улсын хууль, Олон улсын хүмүүнлэгийн хуулийг ноцтой зөрчиж Украинд цэргийн гэмт хэрэг үйлдэж байна. Энэ гэмт хэргийнхээ хариуцлагыг хүлээх ёстой хэмээн үзэж байна. Олон улсын эрүүгийн шүүх гуравдугаар сарын 16-нд өөрсдийн шийдвэрээ гаргасан. Хоёр орон эсрэг санал өгсөн. ОХУ болон БНХАУ эсрэг санал өгсөн. Олон улсын эрүүгийн шүүхээс гарсан шийдвэрийг ОХУ үг дуугүй биелүүлэх ёстой. ОХУ хэдийгээр эсэргүүцэж байгаа ч үй олноор нь аймаглан устгах дайны гэмт хэрэг газар авсан нь тодорхой байна. Дараагийн чухал асуудал бол ОХУ-ыг оруулаад ямар ч улс орон аймаглан устгах үйл ажиллагаа явуулах эрхгүй. Тусгаар улсын нутаг дэвсгэрт аймаглан устгах үйл ажиллагаа явуулах нь байж боломгүй зүйл. Тиймээс шүүхээс ОХУ-ын тайлбарыг хүлээж аваагүй. Цаашлаад ОХУ-ын энэхүү түрэмгий үйлдэл нь Олон улсын хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэдгийг тодорхойлсон. Путины Украины ард түмний эсрэг үйлдэж байгаа түрэмгийлэл бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэхийн зэрэгцээ олон улсын тогтсон дүрэм журмыг ноцтой зөрчсөн үйлдэл гэдгийг дахин цохон тэмдэглэе.

Жижиг гүрнийг том гүрэн түрэмгийлэх замаар хэзээч асуудлыг шийдвэрлэж болохгүй

Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Ивкоф: -Манай улс миний өмнө үг хэлсэн Европын холбооны гишүүн орны төлөөгчдийн үгэнд өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж байна. Канад улс ОХУ-ын ерөнхийлөгч Путины аливаа нэг шалтгаангүй Украин улс руу түрэмгийлэл үйлдсэнийг эрс буруутгаж байна. Европын холбооны улсын гишүүн орнуудын аль нэгийг заналхийлсэн үйл явдал болж байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш өрнөж байгаа томоохон зэвсэгт түрэмгийлэл болж байгаа нь НҮБ-ын дүрэм болоод Олон улсын тогтсон хууль журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Нэн ялангуяа хүний суурь эрхийг зөрчсөн тод илэрхийлэл юм. Энд төлөөлөл нь сууж байгаа улс орнууд болоод Монгол Улсын хувьд ч энэхүү түрэмгийллийн эсрэг өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж байна хэмээн ойлгож байна. Бидний хамгийн гол асуудал ОХУ болон Украин санал нэгдэхгүй асуудлууд байна. Энэ бол зөвхөн ОХУ Украины асуудал биш. Бусад улс орнуудад ч үл ойлголцох асуудал байдаг. Гэтэл эдгээр үл ойлголцлын асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэдэг. Жижиг улсыг том гүрэн түрэмгийлэх замаар хэзээ ч асуудлыг шийдвэрлэж болохгүй. Том гүрэн жижиг улсыг түрэмгийлснээр тухайн орны дэд бүтцийг устгаж, гэм зэмгүй Украин иргэдийг үхэлд хүргэж байгаа нь байж боломгүй зүйл. Тиймээс Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс дуу хоолойгоо нэгтгэж ОХУ-ыг эрс буруутгаж байна. Канад улс эрс шийдэмгий эр зоригтой Украины ард түмэнтэй хамт байгаагаа илэрхийлж байна. Бид хүмүүнлэгийн үйлсэд 45 сая ам.доллар зориулаад байна. Манай улс Украин улсад өрнөж байгаа асуудлаар Олон улсын Эрүүгийн шүүхэд дайны асуудлаар нэхэмжлэл гаргах асуудалд дуу хоолойгоо нэгтгэж байна. Уг дайнаас үүдэн дэлхийн улс орнуудын хүнсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байна. Сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдлын асуудал үлэмж доройтсон. Нэн ялангуяа Путины Украинд явуулж байгаа дайны нөхцөл байдалтай холбоотойгоор улам доройтсон. Дэлхийд улс орнууд ОХУ-ын улаанбуудай бусад үо тарианы импортоос нэлээд хамааралтай байдаг. Тиймээс олон улс оронд хүнсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байна. Тиймээс эмзэг бүлгийн иргэдийн хувьд хүнсний аюулгүй байдлыг шийдвэрлэх шаардлагатай. Иймд манай улс энэ чиглэлээр улс орнуудтай хамтарч ажиллаж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ үлэмж нэмэгдэж байгаа энэ үед олон улс орнууд эдийн засгийн томоохон сорилттой нүүр тулж байна. Дэлхийн 20 орон улаанбуудайн 50 хувийг Орос, Украинаас нийлүүлдэг байсан. Тиймээс улаанбуудайн үр тарианы үнэ эрс нэмэгдэхэд ихээхэн нөлөөлж байна. Монгол Улс ч ОХУ-аас импортолдог бараа бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай. Тиймээс манай улс нийт хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд идэвхтэй оролцож, импортоос ихээхэн хамааралтай улс орнуудын хүнсний аюулгүй байдлын хангах чиглэлд идэвхтэй ажиллана. Бид энэ үйл явц Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг анхааралтай ажиглаж байна. Канад улс 2021 онд Дэлхийн хүнсний хөтөлбөрт 360 сая ам доллар хандивласан цорын ганц орон байсан.

Учир шалтгаангүй, маш харгис түрэмгийлэл болж байгааг дахин хэлмээр байна

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески: -АНУ-ын байр суурь тодорхой байгаа. Манай улс Европын холбооны байр суурийг дэмжиж байгаа. Мөн гуравдугаар сарын 20-нд Европын холбооны улсаас Украины талаар зөв зохистой мэдэгдэл гаргасан. Бид өнөөдөр ОХУ-д байсан бол ийм хэвлэлийн хурал хийхгүй байсан. Учир нь ОХУ-д хэвлэл мэдээллийн эрх чөлөө, мэдээллийн хүртээмжтэй байдал байнга зөрчигддөг. ОХУ хууль гаргаж дайны нөхцөл байдлыг мэдээлж байгаа үйл явцад хяналт тавьж, буруу хэмээн үзсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа. Учир шалтгаангүй, маш харгис түрэмгийлэл болж байгааг дахин хэлмээр байна. Миний өмнө үг хэлсэн Элчин сайдуудтай байр суурь нэгтэй байна. Украины дэд бүтцийг устгаж байгаа нь хүмүүнлэгийн болоод хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал юм. Путин Украины хөгжил цэцэглэлтэд сөрөг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ бусад улс орнуудын аюулгүй байдал, тэнцвэртэй хөгжилд харшилсан үйлдэл гаргаж байна. Тиймээс бид ОХУ-ын түрэмгийлэлтэй холбоотой Украинд өрнүүлж байгаа дайныг эрс буруутгаж өөрсдийн байр сууриа албан ёсоор илэрхийллээ.


Европын холбоо, түүний гишүүн болон түнш орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар байр сууриа илэрхийлсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Европын улс орнууд Оросоос эрчим хүчний их хамааралтай. Эрчим хүч худалдан авахын тулд Орос руу жилдээ 800 сая евро шилжүүлдэг. Энэ нь өөрөө Оросын дайныг санхүүжүүлж байгаа үйлдэл биш үү. Энэ хамааралтай байдлаас яаж гарах вэ?

-Себастиан Сүрүн: -Европын холбооны улсуудын хувьд ОХУ-аас эрчим хүчний хамаарал харилцан адилгүй импортолж байгаа.Тиймээс хориг арга хэмжээ бидний хувьд нэлээд өртөг өндөртэй байх болно. Тиймээс бид эрчим хүчний эх үүсвэрүүдээ төрөлжүүлэх арга хэмжээ авч байна. Зарим улс орнууд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авч байна. Зарим нь цөмийн эрчимний эх үүсвэрийг өөр нэг боломж хэмээн харж байна. Энэ жилдээ багтаж ОХУ-аас авах эрчим хүч, газрын тос, байгалийн хий, нүүрс гэх зэрэг импортын барааныхаа хэмжээг бууруулна. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас хамаарах хамаарлаа улам бүр бууруулах чиглэлд анхаарч байна. Монгол Улс ч ОХУ-аас эрчим хүчий тодорхой хэмжээний хамааралтай. Тиймээс бидний хувьд Монгол Улсыг сэргээгдэх эрчим хүчнийхээ эх үүсвэрт анхаарах нь зүйтэй хэмээн үзэж байгаа.Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний хангалттай нөөц боломж бий. Тиймээс Монгол Улс тусгаар тогтнолоо хамгаалах үүднээс эрчим хүчний аюулгүй байдлаа хангах ёстой. Монгол Улстай хүлэмжийн хийг бууруулах, ногоон эрчим хүч үйлдвэрлэх талаар хамтран ажиллаж байна. Орост тавьсан хориг арга хэмжээний нөлөөллийг Монголд бууруулах асуудал хамтын ажиллагааны хүрээнд том байр суурийг эзэлж байгаа.

Монгол Улс Орос-Украины асуудалд төвийг сахисан байр суурь баримтлаж байгаа. Монгол Улсын Засгийн газраас илэрхийлсэн байр суурийг та бүхэн юу гэж үзэж байна?

Акселль Никейз:-Бид хамтдаа Монгол Улсын Гадаад хэргийн яам НҮБ-ын тогтоолтой холбоотойгоор мөн ОХУ НҮБ-ын хүний эрхийн конвенцоос төлөөлөлгүй болж байгаа талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Тиймээс эдгээр тогтоолуудыг батлахад дөрвөн улс орон эсрэг санал өгсөн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр дипломатын хувьд Орос улс бусдаас тусгаарлагдчилаа хэмээн харж байгаа.

-Финланд, Швед зэрэг улсыг НАТО-д элсэхгүй байх мэдэгдлийг ОХУгаргасан. Энэ тал дээр байр сууриа илэрхийлсэн үү?

Ян Витопил: -Аливаа ардчилсан улс орон НАТО-д элсэх өргөдлөө гаргах эрхтэй. Швед, Финландын хувьд энэ эрхээ эдэлж өргөдлөө гаргасан гэж ойлгож байгаа. Европын бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалахад НАТО-гийн үүрэг их юм.

-Хориг арга хэмжээтэй холбоотойгоор Монголд сөрөг нөлөө үүсэхэд Европын холбоо хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой вэ?

Акселль Никэйз: -Оросын хоригтой холбоотойгоор Монголын эдийн засагт болзошгүй нөлөөлөл үзүүлбэл цаг тухай бүрт нь тодорхой дэмжлэг үзүүлээд явна.Монгол Улсын хувьд өнөөдөр үг хэлэх эрх чөлөөтэй, ардчилалтай орон болохоо харуулж байгаа. Гэхдээ кибер халдлага Монголын ардчилалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Энэ чиглэлээр Монголтой хамтарч ажиллана. Буруу ташаа мэдээлэл Оросоос ямар их түгээж байгааг харж байна. Зарим нэг мэдээллийн сувгуудийг хориглосон. Учир нь үзэн ядалтыг түгээж, тэр сэдэл санааг хөөрөгдөж байгаа сувгуудыг хориглосон. Харин Монгол Улсын хувьд хэвлэл мэдээлэл нь эрх чөлөөтэй мэдээллээ солилцох нээлттэй, бүрэн чөлөөтэй. Украины ард түмнийг талцуулж, хуваах оролдлого хийж байгааг эрс буруутгаж байна. Бүрэн эрхэт тусгаар тогтносон улсыг түрэмгийлсэн явдалд Орост хориг тавьсан. Хууль бус түрэмгий байдлаа зөвтгөх буруу ташаа мэдээлэл цацаж байна. Монголын ард иргэд бүх төрлийн мэдээллийг авч байна. Тиймээс мэдээллийнхээ тэнцвэртэй байдлыг хангаж байна. ОХУ-аас ирж байгаа буруу ташаа мэдээллийг няцааж, үнэн зөв мэдээллийг өгнө гэдэгт итгэж байна.

-Дайныг дэмжсэн байр суурьтай улс орнуудын иргэдэд Европын холбооны гишүүн орнууд болоод түнш орнууд визний хориг тавьж байгаа юу. Тухайлбал, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы Герман улсад зорчих виз гараагүй гэх мэдээлэл бий. Визний тал дээр баримтлах бодлого юу байх вэ?

Ян Витопил: -Европын холбооны улсыг бүхэлд нь төлөөлж хариулах боломжгүй. Чех улсын тухайд Орос, Беларусийн иргэдэд виз олгохоос татгалзсан байр суурьтай байгаа. Харин Монгол Улсын иргэдэд виз олгох үйл явцаа илүү хялбаршуулсан. Учир нь цар тахлын үед виз олгох үйл явцаа зогсоочихсон байсан. Өөрөөр хэлбэл, монголчуудад визээ хялбаршуулсан. Харин Орос Беларусын иргэдэд хориглосон.

Акселль Никэйз: -Визний тухайд манай гишүүн орнуудын бүрэн эрхийн асуудал. Зарим орнууд тодорхой хүмүүсийг хар жагсаалтад оруулж виз гаргахгүй байгаа. Бид аль болохоор зорилтот хориг арга хэмжээ авч байна. Удахгүй ОХУ-д зургаа дахь хориг арга хэмжээгээ авах талаар ярьж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *