Categories
гадаад мэдээ

“Путинд яагаад хорт хавдрын мэс засалч хэрэгтэй болов?” DNN.mn

Саяхан эрэн сурвалжлах сэтгүүл зүйн “proekt.media” сайтад “Зачем Путину хирург-онколог?” буюу “Путинд яагаад хорт хавдрын мэс засалч хэрэгтэй болов?” баримт нийтлэл тавигджээ. Уг нийтлэлд өгүүлснээр хэсэг эмч нар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд олон удаа Путины өргөөнд зочилж, томилолтоор явахад нь дагалдаж байсан гэнэ.

Тухайлбал, бамбай булчирхайн хорт хавдраар мэргэшсэн хорт хавдрын мэс засалч Евгений Селиванов сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 35 удаа Хар тэнгисийн эрэг дэх Путины харшид зочилж, 166 хоног дэргэд нь байсныг мөрдөж тогтоожээ. Чих, хамар, хоолойн эмч нар болох Игорь Есаков, Алексей Щеглов нар үүнээс ч олон удаа ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэд байсан аж. Тухайлбал, Щеглов 2016-aaс 2020 оны хооронд 59 удаа ерөнхийлөгчид бараалхаж, нийтдээ 282 хоногийг дэргэд нь өнгөрүүлжээ. Уг сайтынхан ОХУ-ын засгийн газрын бэлтгэн нийлүүлэлтийг тайлагнадаг вэб сайтаас эмч нарын томилолтын зардлыг судалсны үндсэн дээр тэдний Сочид өнгөрүүлсэн хугацааг тогтоосон гэнэ. Эдгээр эмч нарын Сочи хотын зочид буудалд өнгөрүүлсэн хугацаа Путины тэнд байсан болон олны өмнө ил гараагүй цаг үетэй давхцаж байгаа ажээ. Путиныг эмч нар дагалдсан дундаж давтамж 2016, 2017 онуудад тав байснаа 2019 онд ес болж нэмэгдсэнийг бас илрүүлсэн байна.

Дээр дурдсан эмч нараас гадна мэдээ алдуулагч, мэдрэлийн мэс засалч, халдварт өвчний мэргэжилтэн, эрчимт эмчилгээний эмч зэрэг мэргэжлийн хүмүүс Путиныг дагалдаж байжээ. Бас ОХУ-ын ерөнхийлөгчийг бугын цусан эврийн цусаар хандалсан усанд орж биеэ эмчилж байгаа тухай энэхүү нийтлэлд дурдсан байна. Уг эмчилгээний аргыг батлан хамгаалахын сайд Сергей Шойгу зөвлөсөн гэж мэдээлжээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард Владимир Путин нууцлаг шалтгаанаар хэсэг хугацаанд олны нүднээс холдож байсан юм. Энэ үед тэрээр бамбай булчирхайтай холбоотой нэлээд хүнд хагалгаанд орсон байх өндөр магадлалтай гэж уг сайтад мэдээлжээ. Сүүлийн үеийн хэвлэлийн гэрэл зургуудад Путины нүүр нэлээд хавантай харагдах болсон нь бамбай булчирхайн хорт хавдрын үед уудаг стероид төрлийн эмийн нөлөөтэй холбоотой гэсэн яриа олны дунд тараад байгаа юм. Мөн барууны сэтгүүлчид Путин эдгэршгүй өвчин туссан учраас олон улсын шүүхээс айлгүй Украинд дайн эхлүүлсэн гэж бичиж байсан билээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *