Бүслэлтэд байгаа Украины Мариуполь хотын драмын театр өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Оросын цэргийн агаарын цохилтод өртөж сүйрсэн билээ.
Тухайн үед театрыг хоргодох байр болгон ашиглаж, хүүхэд, эмэгтэйчүүд голдуу 1,300 орчим хүнийг байрлуулж байжээ. Театрын гадаа талбайд томоор “Дети” (хүүхдүүд) гэж бичсэн байсан ч Оросын тал агаарын довтолгоогоо үргэлжлүүлсэн юм.
Өнгөрсөн хугацаанд Мариуполь хотын захиргаа театрын нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагааг явуулж байсан ба хэчнээн хүн амь үрэгдсэн нь тодорхой болоогүй байв.
Харин Баасан гарагт хотын захиргаа театрын нурангид 300 орчим хүн дарагдаж амиа алдсаныг зарлажээ.
Азовын тэнгисийн боомт хот Мариуполь олон өдрийн турш Оросын цэргийн бүслэлтэд байна. Хотыг тасралтгүй пуужингаар харваж, бөмбөгдөж буй тул байшин барилгын ихэнх хэсэг балгас болоод байгаа юм.
Хотын 450,000 орчим оршин суугчийн ихэнх хэсэг нь бүслэлтээс гарч чадалгүй, маш хүнд нөхцөлд амьдарч байна.
Оросын зэвсэгт хүчин өмнө нь Сири, Чеченийн хотуудыг балгас болгож байсан түүх Мариуполь хотод давтагдаж байна гэж ажиглагчид дүгнэж байгаа.
Киев, Харьков зэрэг Украины томоохон хотуудаас 10 сая гаруй хүн Оросын довтолгооноос зугтан орон гэрээсээ дүрвээд байна. Тэдгээрийн 3.5 сая нь хөрш зэргэлдээ гадаад орнууд руу дүрвэжээ.