Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж байна

“No Double Standard” хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатайгаар саатуулаад буй. Иймд зарим иргэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж, тус яамны гадна суулт хийж хоносон.

Тус хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг иргэн Д.Монголхүүг баривчилсныг иргэд хууль бус гэж үзэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлэв.

Тэд өчигдөр буюу аравдугаар сарын 5-ны өдрийн 16:00 цагаас эхлэн одоог хүртэл хууль бусаар баривчлагдсан Д.Монголхүү тэргүүтэй иргэдийг суллахыг шаардаж байгаа юм.

“Монголчуудын үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж байна”.

Иргэдийн төлөөлөл “Бид хууль бусаар баривчилж, хорьсон таван залууг суллах, мөн ажлаа хийж чадахгүй байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцрох шаардлага тавин энд эсэргүүцлээ илэрхийлж байна.

Урьд шөнө энд 20 орчим залуу эсэргүүцлээ илэрхийлсээр хоносон. Бид тайван замаар эсэргүүцлээ илэрхийлээд энд сууж байтал өнөөдөр өглөө цагдаа нар дахин баривчилгаа явууллаа.

Тэд гурван эмэгтэй, нэг эрэгтэйг ямар ч үндэслэлгүйгээр үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө, нэмж баривчлаад аваад явлаа.

Монгол бол ардчилсан улс. Цагдаа нар ямар хуулийн хүрээнд ийм үйл ажиллагаа явуулж байгаагаа мэдэхгүй, зүгээр л тушаал аваад иргэдээ ингэж барьж байна. Ингэж болохгүй. Монголчуудын үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хууль бусаар халдаж байна” хэмээн ярив.

Харин Цагдаагийн байгууллагаас Д.Монголхүүг баривчлах болсон шалтгаанаа Төв талбайд бүртгэлгүй жагсаал зохион байгуулж, цагдаагийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүйтэй холбоотой гэж тайлбарлав.

“Цаашид хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, олон нийтийг турхирдаг үйл ажиллагааг шалгаж, арга хэмжээг авах болно” гэв.

Энэ тухай ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Б.Батсуурь

“Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулах эрхтэй. Цагдаагийн байгууллага үүнд хүндэтгэлтэй хандаж, иргэдийн эрх чөлөөг хамгаалсаар ажиллаж ирсэн.

Иргэн Д.Монголхүүгийн хувьд, есдүгээр сарын 30-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан. Бүртгэлгүй жагсаалыг зохион байгуулсантай холбоотой мэдэгдэл шаардлагыг хүргүүлсэн ч хүлээн аваагүй бөгөөд хууль сахиулагчийн үйл ажиллагааг эсэргүүцсэн.

Эдгээрийг үндэслэж Сүхбаатар дүүргийн прокурорын газар нотлох баримтыг хүргүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Энэ ажиллагааны явцад иргэн Д.Монголхүү нь мэдэгдэл хуудас хүлээж авахгүй, ирэхгүй байх хүндрэл гаргасан тул СБД-ийн шүүхээс захирамж гаргаж, цагдаагийн байгууллага хойшлуулашгүй үйл ажиллагаа явуулж, 48 цагийн хугацаатай баривчлах арга хэмжээ авсан.

Цаашид Цагдаагийн байгууллагаас хууль ёсны тавьсан шаардлагыг эсэргүүцэж, түүнийгээ олон нийтэд турхирдаг үйл ажиллагааг шалгаж, хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллах болно” гэжээ.

NoDoubleStandart хөдөлгөөнийхөн анх УОК-ын шийдвэрийн дагуу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын ажиллах цагийг 22:00 цагаар хязгаарласныг эсэргүүцэн, хууль дүрэм бүгдэд тэгш үйлчлэх ёстой хэмээн үзэж, эсэргүүцлийг эхлүүлсэн юм.

Мөн өнөөдөр АН-ын ҮБХ-ны гишүүн О.Магнай сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр, Эрх чөлөө гэдэг чинт эмзэг юм. Алдвал бид бүгдээрээ алдана. Өнөөдөр би эрх чөлөөгөө хамгаалах гээд ирлээ. Энэ чинь манай урд хойд хөршид байхгүй үнэтэй юм. Бидэнд хамаагүй энэ чинь Монголхүүгийн асуудал гээд суугаад байж болохгүй. Маргааш бүгдэнгийнх нь асуудал. Манай залуучууд зүгээр хараад сууж болохгүй. Би гурав дөрөв хоног зүгээр хараад сууж байсандаа уучлалт гуйж байна. Сая эмэгтэйчүүдийг эндээс ямар муухай ачиж явав аа. Харсан биз дээ. Ардчиллын үнэт зүйл нь хүчирхийлэлгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх. Одоо цонхоор хараад сууж байгаа, лайв, зурагт үзээд сууж байгаа хүмүүс гараад ирээрэй. Хэрэв Орос шиг дарангуйлалд орчихвол жинхэнэ цусаар уйлаад ч эрх чөлөөгөө эргүүлж олж авч чадахгүй шүү, Монголчуудаа. Эрх чөлөө гэдэг чинь маш эмзэг зүйл. Ардчилсан нийгэмд цагдаа иргэдийг хамгаалах үүрэгтэй. Тэд татвар төлөгчдийг мөнгөөр хувцасаа өмсөөд явдаг. Бид баривчлагдсан залуус суллагдтал сууна хэмээн ярилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *