“Рио Тинто” компаниас Монгол Улсын Ерөнхий сайдад ирсэн албан захидлыг Оюутолгойн хэлэлцээр хийх Ажлын хэсэг Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Рио Тинто” групп Ерөнхий сайдад захидал ирүүлсэн. Захидалд юу гэж бичсэн талаар танилцуулъя. Захидалд тус групп гүний уурхайн ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйлаа. Мөн “Оюу толгой” компанийн одоо төлж буй татварын орлогоос гадна, нэмэлтээр 350 сая. ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтой гэв. Мөн Засгийн газрын эзэмшиж буй, “Оюу толгой” компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар бидэнтэй зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасан. “Оюу толгой” компани урд хөршөөс цахилгаанаа худалдан авдаг. Дотоодоос урт хугацаанд цахилгаан эрчим хүчээ худалдан авах гэрээг эцэслэх саналаа Б.Болд захирал илэрхийлсэн.
Лондоны Арбитрийн шүүхэд Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлээ түр азнахыг Засгийн газраас хүслээ. Бид энэ долоо хоногт ажлын хэсэг дотроо эхлээд ярилцана. Ажлын хэсэгт УИХ, Засгийн газрын гишүүд багтдаг. Дараа нь Засгийн газарт саналаа танилцуулна. Б.Болд захирал тэргүүтэй “Рио Тинто” группийн захирлууд Монголд ирсэн. Иймд ойрын хугацаанд хэлэлцээ эхэлнэ” гэв.