Хөдөө орон нутагт уржигдар /тавдугаар сарын 9-нд/ коронавирусийн батлагдсан тохиолдол 505 болж нэмэгдсэн талаар ЭМЯ–наас мэдээлсэн. Тодруулбал, Баян–Өлгий аймгийн Улаанхус суманд гурван тохиолдол бүртгэгдсэнээр тус аймгийн хэмжээнд нийт халдварын тоо 47 болж өсчээ. Энэ талаар Баян–Өлгий аймгийн иргэн У.Юмдүжингээс тодрууллаа.
–Баян–Өлгий аймагт халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Үндсэндээ ногоон бүс байсан аймаг яагаад халдварын голомт болоход хүрэв. Үүний шалтгааныг та та хэрхэн харж байна вэ?
-Тавдугаар сарын 22-нд зам нээгдсэнээр манай аймагт ковидын тохиолдол бүртгэгдэж эхэлсэн. Үүнээс өмнө гаднаас орж ирсэн иргэдийн PCR шинжилгээний хариу эерэг, сөрөг ямар ч гарсан шууд тусгаарладаг байсан. Улмаар зам нээсний дараа вакцины бүрэн тундаа хамрагдаж, 14 хоносон л бол нийгмийн харилцаанд оруулах болсон. Хоёрдугаарт, вакцинд хамрагдаагүй иргэний шинжилгээ сөрөг гарсан ч гэрийн тусгаарлалтад шилжүүлж байгаа. Ерөөс гэрийн тусгаарлалт манай суманд ямар ч үр дүнгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрийн тусгаарлалтад шилжсэн хүмүүс гэр бүлээ эрсдэлд оруулж, цаашлаад аймаг сумандаа халдвар тархаах нөхцөлийг бүрдүүлээд байна. Баян-Өлгий аймагт коронавирусийн хамгийн анхны тохиолдол жирэмсэн эхээс илэрсэн байдаг. Түүний хувьд зайлшгүй шалтгаантай учраас дархлаажуулалтад хамрагдаагүй. Улмаар гэртээ тусгаарлагдах явцдаа гэрийнхээ долоон гишүүний тавд нь халдвар тараасан байгаа юм. Тэгэхээр аймаг, сумын хэмжээнд гэр бүлийн орчиндоо халдвар тараах, эргээд халдвар авах эрсдэл их байна. Мэдээж аймаг,суманд хүн ам цөөн, бүгд биесээ таньдаг учраас хавьтлын тоо нэмэгдээд явчихна.
–Баян–Өлгий аймгийн бусад сумыг бодвол Улаанхус суманд халдвар эрчимтэй тархаж байгаа гэх мэдээлэл бий. Бодит нөхцөл байдлыг тодруулбал?
-Сүүлийн өдрүүдэд Улаанхус суманд халдварын цар хүрээ нэмэгдсэн. Энэ сарын 8-ны өдөр гэрийн тусгаарлалтад байсан IV багийн иргэнээс ковидын халдвар илэрсэн байгаа юм. Тухайн иргэн нь тавдугаар сарын 31-нд хотоос аймагт ирээд шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан юм билээ. Улмаар гэрийн ажиглалтын хугацаа нь дуусч, шинжилгээ өгөхөд /энэ сарын 6-нд/ халдвартай болох нь батлагдсан. Түүний ойрын хавьтал нийт 22 хүнээс тандалт судалгаа авахад гурав дахь хоногт нь гурван иргэнээс халдвар батлагдлаа. Эдгээр иргэний маршрутад тандалт судалгаа хийж ойрын хавьтлын 23 хүн, дам хавьтагч 76 хүнд PCR шинжилгээ хийсэн байгаа.
–Алслагдсан сум орон нутагт халдвар олноор бүртгэгдээд байгаа нь ямар шалтгаантай юм бол?
-Ерөнхийдөө Баян-Өлгий аймгийн Улаанхусаас бусад суманд аюулгүй байгаа. Улаанхус суманд чухам яагаад гурван тохиолдол нэмэгдсэн бэ гэвэл нэгдүгээрт, голомтот бүсээс халдвар зөөвөрлөгдөн ирсэн. Өөрөөр хэлбэл, халдвар далд үедээ мэдэгдэхгүй байж байгаад сая гурван иргэнээс илэрсэн байна лээ. Улмаар гэр бүлийнхэндээ халдвар тараасан. Түүнчлэн иргэд өөрсдөөс шалтгаалсан халдвар хамгааллаа сахих зэрэг ажилдаа хайнга хандаад байна уу гэсэн бодол бий.
–Улаанхус сум ойролцоогоор хичнээн мянган хүн амтай вэ?
– 9000 орчим иргэнтэй байх хэмээн бодож байна. Сумын иргэд бие биетэйгээ огт харьцахгүй өнгөрнө гэж байхгүй. Ялангуяа, казах хүмүүсийн хувьд заавал гар барьж мэндэлдэг ёс бий. Хэрвээ таньдаг хоёр хүн таарлаа гэхэд гар барьж л мэндэлнэ, хүндэлнэ. Энэ нь халдвар тархах эрсдэлийг бий болгоно гэсэн үг шүү дээ. Харин эмэгтэй хүмүүс баяр ёслолоор хоорондоо уулзахдаа нэгнийгээ тэврээд, хацар дээр нь үнсдэг. Тэгэхээр яалт ч үгүй суманд цөөн хүн амтай учраас халдвар нэг л тархвал хурдацтай газар авах эрсдэлийг бүрдүүлнэ.
–Улаанхус суманд энэ сарын 8-нд нийт дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна. Тэгэхээр суманд хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон уу. Энэ цаг үед дэлгүүр хоршоо, үйлчилгээний байгууллагуудыг ямар зохицуулалттай ажиллуулж байгаа вэ?
-Мэдээж үйлчилгээний байгууллагад цагийн зохицуулалт хийсэн. Түүнчлэн суманд олон хүн цугларах караоке, бар байхгүй учраас тусгайлан хязгаарлахгүй байгаа. Мэдээж хүнсний дэлгүүр, төрөлжсөн барааны дэлгүүр ажиллахгүй бол болохгүй шүү дээ. Одоогийн байдлаар аймагтаа болон бусад сумдад халдвар тараахгүйн тулд Улаанхус сумын хэмжээнд орох, гарах хөдөлгөөнийг хаасан. Энд эхний ээлжинд эрүүл мэндийн газраас тандалт судалгаа хийгээд хавьтагчдыг тогтоосон байгаа. Халдвар батлагдсан иргэний уулзсан хүн, явсан газар зэргийн маршрутыг нь тогтоогоод тусгаарлах арга хэмжээ авч байна. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн төвд 40 гаруй тохиолдол бүртгэгдсэн байгаа шүү дээ. Сумдаас гэвэл Улаанхусад дөрвөн хүнээс халдвар илэрсэн. Харин бусад сум тайван байна. Тиймээс ковидын үед дайчлагдан ажиллах хүн хүч дутагдах асуудал гарахгүй байгаа. Сургууль, цэцэрлэг амарсантай холбоотойгоор багш нарыг дайчилгаанд ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа гэж дуулсан. Түүнээс биш Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, онцгойгийн алба хаагчид тэргүүн фронтод ажиллаж байгаа.
–Сумын хэмжээнд орох, гарах хөдөлгөөнийг хэд хоног хязгаарлах юм бол?
-Эрүүл мэндийн багийнхан маань хэзээ тандалт судалгаагаа дуусгаад, тархаж эхэлсэн халдварыг хумьж чадах вэ тэр цагт нээх байх. Маргааш аймгийн онцгой комисс хуралдана /өнөөдөр/ гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр энэ бүх асуудлыг нийлүүлж хэлэлцээд тодорхой шийдвэр гаргах болов уу.
П.САЙНЖАРГАЛ