Categories
мэдээ нийгэм

Үйл ажиллагаагаа эхлүүлэх байгууллагууд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж ажиллана

Улаанбаатар хот болон зарим аймагт сунгаад байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг ирэх даваа гараг буюу маргаашнаас /2020.12.14/-аас сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хөл хорионы дэглэмийг ийнхүү сулруулж байгаатай холбогдуулан үйлчилгээний 52 байгууллагын эрсдэлийн зэргийг тодорхойлж, олон улсын туршлагыг судлан эхний ээлжинд 34 байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа байгууллагууд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин мөрдөж, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Тухайлбал,

  • Үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эхлэхийн өмнө ажлын байранд их цэвэрлэгээ хийх,
  • Тусгай зөвшөөрөлтэй ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйлчилгээ эрхлэгч байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх
  • Мөн үйлчилгээний танхимын суудлын тоог 30-50 хувиар цөөлөх
  • Нэг ширээнд хоёр хүн суухаар тооцоолон ширээ сандлыг байршуулах
  • Үйлчлүүлэгч хоорондын зайг 1.5-2 метр байх нөхцөлийг бүрдүүлнэ.

Үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа байгууллагууд шаардлагатай цэгүүдэд гар халдваргүйжүүлэгч байршуулах, халуурсан болон шинж тэмдэг илэрсэн ажилтанг түр тусгаарлах өрөөг гаргах юм байна. Түүнчлэн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч цагийн хуваарийг баталж, мөрдөх юм байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *