Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга вакцин худалдан авахад тусгайлан дэмжлэг үзүүлэхийг Германы Ерөнхийлөгчөөс хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга коронавируст цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк Валтер Штайнмайерт захидал илгээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч захидалдаа, иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж буй хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бидний ашиг сонирхол, ардчилал, дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдлын төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан боломжит бүхий л салбарт өргөжиж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн коронавируст (COVID-19) халдварт өвчний дэгдэлтийн нөхцөл байдалд олон улсын идэвхтэй хамтын ажиллагаа, эв нэгдэл, харилцан ойлголцол, бодлогын уялдаа холбоо юу юунаас илүү чухал байгааг дурдаж, цар тахлын эсрэг вакцин гаргах ажиллагаанд ХБНГУ тэргүүлэх эгнээнд оролцож байгаад талархал илэрхийлсэн юм.

Цөөн хүн амтай Монгол Улсын өргөн дэлгэр нутагт иргэд тархан суурьшсан байдаг нь энэхүү цар тахалтай тэмцэх, халдварын хүрээг хумихад нэг талаасаа давуу тал болж байгаа хэдий ч эрсдэлтэй нөхцөлд буй иргэд болон нийтийн эрүүл мэнд, хэв журмыг сахин хамгаалахын төлөө ажиллаж буй эмч, сувилагч, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдын аюулгүй байдлыг юуны өмнө хангах нь чухал байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захидалдаа онцлов.

Иймээс коронавируст халдварт өвчний эсрэг вакцин гарсан даруйд иргэд, эрсдэлтэй бүлгийн ажилтан, албан хаагчдад зориулан вакциныг худалдан авахад тусгайлан дэмжлэг үзүүлэхийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайераас хүслээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *