Categories
мэдээ цаг-үе

Нийгмийг эмчлэх үйлсэд манлайлан зүтгэж буй нэг ангийнхан

Манлайлагч мэргэжилтэй, манлайлагч анги гэх тодотголтой тэд 2017 онд 120-иулаа Монгол Улсын Боловсролын Их Сургуульд “Нийгмийн ажилтан” мэргэжлээр элсэж байжээ. Хичээл сурлага, урлаг спорт болон эрдэм шинжилгээний хурал, сайн дурын ажилд идэвхтэй оролцдог манлайлагч ангийн нэг гэж эчнээ хэлж болно. Тэднийг нэгдүгээр курсэд ордог жил тэнхимийнх нь түүхт 20 жилийн ой тохиож байсан гэнэ. “Энэ дурсамжит мөчийг өөрсдийн нүдээр үзэж түүхийн нэгээхэн хэсэг болж байсандаа өөрсдөөрөө их л бахархаж байсан шүү хэмээн” тэд ярина. Дөрөвдүгээр курст суралцдаг нийгмийн ажилтны тэнхимийнхэн 95 хүүхэдтэй. Энэ олон хүүхдийг нэг ангийн дарга удирдахад бэрхшээлтэй тул анги удирдах зөвлөлийг байгуулжээ. Зөвлөлд Б.Отгонмаа, М.Нарангэрэл, М.Солонго, З.Оюунболор, Г.Энхсайхан, Т.Анхтуяа, Я.Тунгалаг, Б.Баатарсүх, А.Цэрэнлхам, Э.Бум-Эрдэнэ нар багтана. Эдгээр хүүхдүүд зохион байгуулагдаж байгаа бүх тэмцээн уралдаан олон нийтийн ажилд ангийнхандаа чиглэл өгнө. Нийгмийн ажилтны мэргэжил гэдэг хүнийг манлайлагч болгоход бэлтгэдэг чухал мэргэжил. Тэр ч утгаараа анги хамт олноороо урлаг, спорт, хичээл зүтэлээрээ биенээсээ хоцрох, эсвэл илүү гараад байдаггүй жигд манлайлагчид юм. Мөн нийгмийн ажилтнууд гэдэг сахилга, ёс зүйгээрээ номер нэг байх ёстой учир эл ангид ёс зүйн доголдолтой оюутан нэг ч байхгүйг ангийн дарга Т.Анхтуяа ам бардам хэлж байлаа. Үргэлжлүүлэн тэрээр “Анх нийгмийн ажил мэргэжлийг зөвхөн сургуулийн нийгмийн ажилтнаар төсөөлдөг байсан бол их сургуульдаа орж ирснээс хойш энэ бодол минь улам өргөжсөн юм. Бид төгсөөд эрүүл мэнд, халамж, төрийн бус байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хороо, сургууль зэрэг зургаан салбарт хөрвөж ажиллах боломжтой гэдгийг мэдсэн. Анх мэргэжлийн хичээлүүд орж эхлэхээс өмнө энэ мэргэжлээр сурч төгсөөд, цаашид ажиллана гэдэг нэг л сэтгэлд багтаж өгдөггүй байсан. Харин хоёрдугаар курсээс эхлэн хүүхэд хамгаалал, нийгмийн ажлын ёс зүй, хүний эрх шударга ёс, нийгмийн ажлын сэтгэл судлал зэрэг хичээлүүд орж эхэлснээс хойш энэ бодол минь ор мөргүй алга болсон юм” хэмээн хуучиллаа. Тэд курс ахих тусам мэргэжлийн итгэл үнэмшил нэмэгдэж, мэргэжилдээ хайртай болж, мэргэжлийн ёс зүй, хандлага улам л тархинд нь бат бэх суурьшж ээ. Өмнө нь зөвхөн хувь хүний түвшинд нийгмийн ажлын үйлчилгээг явуулдаг байх гэж бодсон ч суралцах явцдаа нийгмийн ажилтан байгууллагын чухал хүн, тэр ч бүү хэл бодлогод нөлөөлөх түвшинд ч ажиллаж болдог гэдгийг мэдсэнээс хойш мэргэжлээрээ ихэд бахархах болсон гэнэ.

Нийгмийн ажилтны ангийн оюутан Ө.Түмэн-Өлзий “Өнөөгийн нийгэмд нийтийг цочроосон янз бүрийн л хэргүүд гарч байна. Энэ бүхэнд мэргэжлийн нийгмийн ажилтнууд мэргэжлийнхээ үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн онол арга зүйгээр хандаж ажиллаж байгаа гэдэгт бид итгэлтэй байгаа. Бид ч гэсэн мэргэжил нэгт ах эгч нараасаа үлгэр дуурайлал авч сайн нийгмийн ажилтан болохын тулд тасралтгүй суралцсаар байх болно. Нийгмийн ажилтан бол нийгмийн эмч юм. Нийгмийн болж бүтэхгүй байгаа бүхий л асуудалд нийгмийн ажилтан байнга л шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн хамт байж л байдаг” хэмээлээ. Тэд суралцах явцдаа дөрвөн дадлагын ажлыг хийж гүйцэтгэдэг юм байна. Үүнээс хамгийн эхнийх бөгөөд хамгийн дурсамжтай нь зуслангийн дадлага гэнэ. Өдөр бүр л ихийг сурч мэдсэн, багшаас бүтээлч үйл ажиллагааг шаардсан, дурсамжаар дүүрэн сайхан өдрүүд өнгөрдөг гэлцэнэ. Энэ тухай Б.Отгонмаа “Бид залуу хүмүүс учраас ядрах гэдгийг огт мэддэггүй. Жаахан амсхийсэн ч хүүхдүүд маань яаж байгаа бол гээд адуу шиг сортолзоод л ажлаа чин сэтгэлээсээ хийхийг эрмэлздэг” гэлээ. Өдөржин хүүхдүүдтэйгээ тоглож наадан, сургамжит яриа өрнүүлж, хүүхдийн ертөнцийг илүү таньж мэдэн, тэдний дунд үүссэн асуудлыг шийдвэрлэх гээд олон сайхан дурсамжтай, их зүйлийг сурч мэддэг хамгийн мартагдашгүй өдөр хоногууд хүүхдийн зусланд л өнгөрдөг гэнэ. Ангийн дарга Т.Анхтуяа “Миний хувьд зуслангийн дадлагатаа Г.Эрдэнэчимэг, Н.Оч, Э.Өлзийдэлгэр, О.Мөнхтуяатай нартай хамт гарч байсан. Анхны дадлагаар очиход зуслангийн байруудаа цэвэрлээгүй, засвартай байсан учраас бид хэдийг амрагч хүүхдүүд иртэл түр гэрт оруулсан. Би говийн хүүхэд учраас хангай нутгийн уур амьсгалыг сайн мэдэхгүй. Нимгэн, онгорхой хувцастай ирчихсэн чинь өглөө нь их л даарч байснаа санадаг юм. Орой унтахдаа хоёр давхар хөнжил нөмөрч унтана. Өглөө сэрэхэд амнаас уур савсаж дулаан хөнжлөөсөө босмооргүй санагдаж нойроо харамлаж хэсэг хэвтэнэ дээ/инээв/. Бушуухан хувцсаа өмсөөд гадаа гарахад нар дөнгөж мандаад дулаан илчээ ээхэд түүнээс л эрч хүч аван өдрийг эхлүүлдэг байлаа” хэмээсэн юм. Тэдэнд заримдаа хэцүү үеүд гардаг байсан гэнэ. Бүлгийн багш нарын хурлаа тарчихаад, орой хүүхдүүдээ унтуулж гадаа суун тухайн өдөр тохиолдсон хөгтэй хүндхэн явдлуудаа ярьдаг байжээ. Бүлгийн багш нарын хурлаар маргааш хүүхдүүдийг ямар хөтөлбөрийн дагуу өнгөрөөхийг хэлэлцэж төлөвлөдөг учраас нэлээн цаг шаардана. Хамгийн эртдээ л шөнийн 01:30 гэж тарна. Гэсэн ч тэд нэг нэгнийхээ болохгүй, чадахгүй байгаа зүйл дээр нь тусалж, дотно яриа өрнүүлэх цаг заавал гаргана. Ёстой л амь нэгтэй гэдэг шиг. Иймэрхүү үед тэдэнд эргэлт ирэх хамгийн сайхан гэнэ. Тэд бүгдээрээ л орон нутгийн оюутнууд учраас ээж аав нь тэднийг тэр холоос ирж эргэнэ гэж байхгүй. Харин багш нар нь л тэднийг гэсээр ирдэг гэнэ. Оюутан Г.Эрдэнэчимэг “Багшийг ирэхэд ээж аав маань ирж байгаа юм шиг бүр баярлаад нэг л сайхан дотно мэдрэмж төрдөгсөн. Бүх багш нар маань л хариуцсан оюутнуудаа очиж эргэнэ, болж бүтэхгүй байгаа асуудлыг нь шийднэ, болж байгаа нэгэнд нь урам хайрлаад буцна. Энэ л бидний гол дархлаа болж өгсөн дөө. Манай ангийнхан дадлагаа дуусаад хичээл ороход хэзээний л багш болчихсон юм шиг цаанаа л нэг хөөрхөн удирдагч, манлайлагч шинж бүрдчихсэн байсан. Тэгээд бид манай зуслан ийм байсан, тэгсэн ингэсэн гээд л хэдэн цагаар яриад суучихна шүү дээ” хэмээн хөгжилтэйгөөр ярин инээлдэцгээлээ.

Зуслангийн дадлагын дараагаар нийгмийн ажилтны ангийнхан туршилт арга зүйн дадлага хийдэг гэнэ. Энэ дадлагыг нийгмийн ажлын ангийн оюутнууд бүгд сургууль дотроо буюу мэргэжлийн нийгмийн ажилтны удирдлага дор хийж гүйцэтгэдгээрээ онцлогтой аж. Өмнөх дадлага ажил нь зөвхөн зуслангийн нэг бүлэгтэй ажиллаж байсан бол энэ дадлага ажил нь сургуулийн түвшинд боловсролын системийн хүрээнд тулгардаг хүүхэд хамгааллын асуудлыг олж мэдэхэд чиглэсэн байдаг. Тодруулбал, тухайн дадлага ажлын хүрээнд асуудалд өртсөн нэг сурагчийг сонгон авч кейс файл бүрдүүлэн нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлнэ. “Сургууль бол хамгааллын орчин учраас нийгмийн ажилтан маш сайн ажиллаж чадвал гэр бүлдээ хамгаалагдаж чадахгүй хүчирхийлэлд өртөөд байгаа сурагч сургуульдаа ирэхэд хамгаалах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, сургуулийн нийгмийн ажилтан хүчирхийлэлд өртсөн сурагчийг олж мэдмэгц хүүхдийн тусламжийн 108 утсанд хандаж, хүүхдийг хамгаалалдаа авч, асуудлыг даруй шийдвэрлэх нь зүйтэй. Зарим тохиолдолд мэргэжлийн бус нийгмийн ажилтнууд энэ асуудлыг нуун дарагдуулснаар олон хүүхдүүд хүчирхийллийн хохирогч болсоор л явна. Боловсрол бол ядуурал, гэмт хэргээс ангижрах хамгийн чухал зүйл учраас боловсрол гэдэг хүмүүнлэг байх ёстой. Боловсролын салбарыг илүү хүмүүнлэг болгох хэрэгтэй байгаа юм” хэмээн тэд хоорондоо зөвшилцөнө.

Үргэлжлүүлэн нийгмийн ажилтны ангийн оюутан М.Нарангэрэл “Бид анх оюутан болж ирэхдээ хүний өмнө өөрийгөө илэрхийлэхдээ тааруу, өөрийн гэсэн үзэл бодол, байр суурьгүй, бусдыг аялдан дагах байдалтай, ямарваа нэгэн асуудлын талаар тодорхой хандлагагүй, зарчим мэдэхгүй байсан бол сайн мэргэжил, сайн багш нар, сайн анги хамт олныхоо ач тусаар ямар ч хүн байсан арга эвийг нь олоод харьцчихдаг, өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх чадвартай, хувь хүнийхээ хувьд маш их хөгжсөн, бүлэгтэй ажиллах, бүлгийг зохион байгуулж манлайлах чадвартай, судалгаа шинжилгээний ажилд идэвхтэй, олон нийтийн түвшинд нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах чадвартай гэх мэт олон сайхан ур чадвар, мэдлэгийг эзэмшсэн” хэмээлээ. Нийгмийн ажлын тэнхимийн дор үйл ажиллагаагаа зохион байгуулдаг гурван клуб, оюутны оролцооны байгууллага байдаг аж. Тухайлбал “Залуу эмэгтэй скаут”, “Сайн дурын үйл ажиллагааны төв”, “Залуу нийгмийн ажилтан” гэх мэт. Эдгээр клубүүдын үйл ажиллагааг эл анги дэмжин ажиллаж залуучууд цаашлаад нийгэмд сайн сайхныг түүчээлэн ажилладаг тухайгаа ч дурдсан юм. Мөн оюутнуудын дунд зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хуралд анги хамт олноо төлөөлөн Ө.Түмэн-Өлзий, Б.Отгонмаа, М.Нарангэрэл, М.Цогзолмаа, Х.Удвал, Ч.Батцэцэг, Х.Айтолхын, Ч.Батцэцэг, М.Солонго, Г.Сүглэгмаа, Б.Самдан Т.Анхтуяа зэрэг олон ч оюутан манлайлан оролцдог гэнэ. Тэд багш нараасаа үлгэр дуурайлал авч хичээн ажилладаг гэдгээ ч онцлолсон юм.

Мөн тэд гуравдугаар курсийн дадлагынхаа хүрээнд МУБИС-ийн лицей сургуулийн нийгмийн ажилтны өрөөг тохижуулж байжээ. Энэ талаар ангийн дарга Т.Анхтуяа “Сургуулийн нийгмийн ажилтан ажилдаа ороод удаагүй байсан л даа. Ингээд бид тухайн байгууллагад байхдаа ямар үйл ажиллагаа явуулах тухай төлөвлөгөө гаргаж нийгмийн ажилтантайгаа ярилцаад нийгмийн ажилтны өрөөг тохижуулсан. Ингэхдээ гадаад дотоодын нийгмийн ажилтнуудын өрөө ямар байдаг, мөн багш нараасаа зөвлөгөө авч судлаад өөрсдийн нөөц боломжид тохируулан хамгийн хурдан үр дүнтэй байдлаар өрөөг тохижуулсан” хэмээлээ. Жил ирэх тутам Монгол Улсын Их, дээд сургуулиудын нийгмийн ажилтны ангид элсэх хүүхдийн тоо нэмэгдэж байгаа гэнэ. Энэ нь алсуураа нийгмийн ажилтан гэх мэргэжлийн хэрэгцээ шаардлага их байгаа бөгөөд нийгмийг эмчлэх үйлсэд манлайлан зүтгэж, олонд танигдаж байгаагийн нэг илрэл юм.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *