Categories
мэдээ нийгэм

Тагнуулын Ерөнхий газрын даргаар тус газрын тэргүүн дэд дарга байсан П.Одонбаатарыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Тагнуулын Ерөнхий газрын даргаар тус газрын тэргүүн дэд дарга байсан П.Одонбаатарыг томилсон тухай бид мэдээлсэн. Тэгвэл тус байгууллагын тэргүүн дэд болон дэд дарга нарыг мөн томилсон тухай Тагнуулын Ерөнхий газрын вебсайтад мэдээлжээ.

Мэдээлэлд “Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын даргаар Пэлжээгийн Одонбаатарыг, тэргүүн дэд даргаар Аюушжавын Бат-Эрдэнийг, дэд даргаар Сүрэнжавын Хүдэрчулууныг томиллоо.

Тагнуулын ерөнхий газрын дарга Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Хуульч мэргэжилтэй. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой. Тагнуулын ерөнхий газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга, албаны дарга, газрын дарга, тэргүүн дэд даргаар ажиллаж байсан туршлагатай.

Тэргүүн дэд дарга Аюушжавын Бат-Эрдэнэ нь 1971 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн. Хуульч мэргэжилтэй. Цэргийн байгууллагад 27 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой. 1993-1998 онд УМБГ-т мөрдөн байцаагч, 1998-2005 оноос Тагнуулын ерөнхий газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, газрын даргаар ажиллаж байсан.

Дэд дарга Сүрэнжавын Хүдэрчулуун нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Хуульч-эрх зүйч мэргэжилтэй. Цэргийн байгууллагад нийт 17 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой. Тагнуулын ерөнхий газарт 2003 оноос одоог хүртэл ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, газрын орлогч, газрын даргаар тус тус ажиллаж байсан” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *