Categories
мэдээ нийгэм

Шөнийн цэнгээний газар халдвар тарах магадлалыг нэмэгдүүлнэ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын эргэн тойронд өрнөж буй тандалт судалгааны тоймоос хүргэж байна. Япон улсын эрдэмтдийн хийсэн голомтын судалгаагаар диско бараар үйлчлүүлэхэд коронавируст халдварт өртөх эрсдэл хамгийн өндөр гэсэн судалгаа гарчээ. Учир нь хүн хоорондын зай барих ямар ч боломжгүй, хүмүүс маш ойрхон зайнаас харьцдаг ба харанхуй, бүгчим зэрэг нь халдвар амархан тархахад нөлөөлөх юм гэнэ.

АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн эрдэмтэд Ковид-19-ийн тархалтад хүн хоорондын зай барих арга хэмжээний нөлөөллийг судалжээ. 26 мужийн өвчлөлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд 20 мужид хүн амын хөдөлгөөн багассанаар халдварын тохиолдол буурч байгааг тогтоожээ. Энэхүү судалгаа нь Ковид-19-ийг бууруулах үр дүнтэй арга бол зай барих гэдгийг баталсан бөгөөд коронавирусийн эсрэг вакциныг өргөн хүрээнд хийх хүртэл хэрэгжүүлсээр байх шаардлагатайг эрдэмтэд зөвлөжээ.

Иран улсын Техран анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд Ковид-19 зөвхөн уушгийг өвчлүүлээд зогсохгүй бүдүүн, нарийн гэдэс, элэг, бөөр, арьс, зүрх, цөс, тархи зэрэг бусад эрхтнүүдийг гэмтээдгийг тогтоожээ. Зарим эмгэг өөрчлөлтүүд нь САРС, МЕРС өвчний шинж тэмдэгтэй давхцаж байгаа бөгөөд судлаачид эмчлэгч эмч нар анхаарах шаардлагатай гэж зөвлөжээ.

Испани улсын эрдэмтэд нийт хүн амын дундах Ковид-19-ийн эсрэг сүргийн дархлааг тодорхойлох зорилгоор 35883 айл өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч судалжээ. Судалгаагаар нийт хүн амын 5%-д нь эсрэг бие үүссэн ба Ковид-19-ийн эсрэг бие илэрсэн ч дахин халдварлахгүй гэх баталгаагүй, эсрэг бие хэдий хугацаанд хамгаалдаг нь тодорхой бус байна гэж эрдэмтэд үзжээ. Тиймээс ч цар тахлын дараагийн давлагаанаас сэргийлэхийн тулд нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх хэрэгтэйг онцолжээ.

Их Британийн Кембриджийн их сургуулийн эрдэмтэд Ковид-19-тэй эхээс төрсөн 58 нярайн 4 буюу 6.8% нь халдвар авсныг баталжээ. Төрснөөс хойш 1-ээс 2 өдрийн дараа шинжилгээ авсан тул төрсний дараа халдвар авсан байх магадлалтай гэж үзжээ. Халдвартай эхийн эхэс болон сүүнээс коронавирус илрээгүй байна.

Герман, Австрали зэрэг орны эрдэмтэд олон улсын аялал жуучлал болон цар тахлын хамаарлыг судалсан эдийн засгийн судалгаагаар жуулчдын тоо дунджаар 1%-иар нэмэгдэхэд Коронавируст халдвар авсан иргэд 1.2%-иар, нас баралт 1.4%-иар ихсэж байна гэсэн тооцоолол гарчээ.

Т.БАТЛХАГВА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *