Categories
мэдээ цаг-үе

Шинэ төв цэвэрлэх байгууламж 2023 онд ашиглалтад орно

Засгийн газар 2018 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг гурван жилийн хугацаанд хийж дуусгахаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөний дагуу өчигдөр Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсэг лагийг цэвэрлэж үнэргүйжүүлэх технологи, шинээр баригдаж байгаа цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лаг түүнээс гарч байгаа үнэр нийслэлчүүдийн тулгамдсан асуудлуудын нэг байсаар ирсэн. Тиймээс өнгөрсөн 10 жилийн хугацаанд яриа төдий байсан тус байгууламжийг шинэчлэх ажлыг 2019 онд эхлүүлсэн бөгөөд 35 сарын хугацаанд гүйцэтгэж 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Нийт 267.2 сая долларын төсөвтэйгөөр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгыг барьж байна. Барилгын ажлын хөрс, шорооны ажил үргэлжлэн явагдаж байна. Учир нь барилгын ажлыг явуулах гадны орны инженер, техникийн 45 ажилчдыг удахгүй Монголд авчирна гэсэн мэдээллийг Барилга, Хот Байгуулалтын яамнаас өглөө.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Зөвхөн Төв цэвэрлэх байгууламжаас гадна орон сууцны дунд байрладаг Харгиа арьс ширний үйлдвэрүүдийн цэвэрлэх байгууламжууд хангалтгүй ажиллаж байгаа. Харгиа цэвэрлэх байгууламжийн үнэр танарын асуудалд иргэд шүүмжлэлтэй ханддаг. Харин Харгиагийнхан орон сууц баригдахаас өмнө бид энд байсан гэдэг. Гэхдээ иргэдийнхээ асуудлыг тэргүүнд тавина. УИХ дээр 2012 онд Харгиа цэвэрлэх байгууламжийг Улаанбаатар хотоос нүүлгэн шилжүүлэх асуудал яригдсан. Үүнийг бодитоор хийхээс өөр арга байхгүй. Засгийн газар энэ ондоо шийдвэрлэнэ гэж ярьж байгаа. Үнэр та нараас гадна өвчний нөлөөллийн дам шалтгаан болж байгаа” гэв.

Төв цэвэрлэх байгууламжид өдөр тутам гардаг түүхий лагийг усгүйжүүлэх байгууламжийг барьж байгуулсан байна. Лагийг усгүйжүүлэх арга хэмжээ авснаар үнэр болон лагийн овор хэмжээ 5-8 дахин багассан үзүүлэлттэй байгаа гэнэ. 10 га газар дээр хур лаг хуримтлагдсан байсны хамгийн гүн нь 12м хүртэлх гүнтэй байсан. Одоо лагийг бүрэн чөлөөлж цэвэрлэсэн аж. Гэсэн ч тулгамдсан асуудал байсан хэвээр. Засгийн газрын бүх үйлдвэр аж ахуйн нэгжийг урьдчилсан цэвэрлэх байгууламжтай болгох тогтоол гарсан хэдий ч энэ шийдвэр хэрэгжихгүй байна. Стандарт шаардлага хангахгүй бохир ус ирсээр байгаа аж. Одоо Төв цэвэрлэх байгууламж дээр хуримтлагдсан лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлжээ. Лагийг бүтэн цогцоор нь боловсруулахад хөрөнгө оруулалт багагүй шаардлагатай байсан учир Японы эрдэмтний химийн бодисгүй аргыг сонгон шалгаруулсан. Улсын төсөвт нийт хөрөнгө оруулалтад 35 тэрбум төгрөг тавьснаас 26,5 тэрбум төгрөгөөр энэхүү ажлыг хэрэгжүүлснээ Шадар сайдад тайлагнав. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн нийт өртөг 262,7 сая ам.доллар. Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах бөгөөд 2023 онд барилга угсралтын ажил бүрэн дуусч, улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Үүнд зориулж Хятад улсын засгийн газраас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож байгаа гэнэ.

Цэвэрлэх байгууламжийн ойролцоо амьдардаг хүмүүсийг алслагдсан зайд амьдардаг хүн амтай харьцуулахад мэдрэлийн гаралтай өвчин дөрөв дахин, харшил нэг дахин, үе мөч, ясны өвчлөл 1.5 дахин их байгааг гадаад оронд хийгдсэн судалгаагаар тогтоосон байдаг. Түүнчлэн дэлхий нийтээр гамшгийн хэмжээнд хүрээд байгаа “COVID-19” цар тахлын үүсгэгч ариутгах татуурга болон бохирын шугамаар дамжин халдварласан гэсэн нотолгоо одоогоор байхгүй ч үүсгэгч өтгөнд байж болох ба өтгөн мөрийн замаар халдвар үүсгэдэг гэсэн зарим судалгааны дүнгүүд байна. Тийм ч учраас цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагуудад өвчтөний ялгадсыг биологийн аюултай хог хаягдал хэмээн үзэж халдваргүйтгэл хийж, дараа нь ариутгах татуургын сүлжээнд нийлүүлж байна.

Цэвэрлэх байгууламжийн лагийн үнэрээс гадна Морингийн хогийн цэг,шаталтаас үүсэх хорт утаа, Шувуун фабрикийн шувууны өд, сөд, сангасны үнэр, малчдын малын өтөг, бууцны бохирдол, дээрээс нь олон арван карьер, тэдгээрээс элс, хайрга зөөх том оврын ачааны машинуудын тоосонд эрүүл мэндээрээ хохирч буй иргэд олон байна. Дэд бүтцийн өөрчлөлт, шинэчлэлттэй зэрэгцээд нэн даруй хэрэгжүүлж болох хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хамгийн гол нь эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй ариун цэврийн байгууламжийг барьж, ашиглах явдал юм.

Шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250.000м3 усыг цэвэрлэх хүчин чадалтай. Хуучин цэвэрлэхийн хүчин чадлыг хоёр дахин өсгөсөн байгууламж гэдгээрээ онцлогтой юм байна. Лаг нь ахуйн болон үйлдвэрийн бохироор хоёр шугамаар орж ирнэ. Үйлдвэрийн бохир усыг үйлдвэрийн аргаар усгүйжүүлээд хатааж цэвэрлэнэ. Харин ахуйн бохир усны лагийг дахин боловсруулж био хий гарган, үйлдвэрүүдийн цахилгаан дулааны 30 хувийг хангаж, дотоод урсгал зардлыг бууруулах тооцоотой ажиллаж байна. Одоогоор биологи цэвэрлэгээний байгууламжийн суурь ажил хийгдэж байна. Нийт 17га газрын 38 нэр төрлийн барилга байгууламж баригдана. Нийт байгууламж нь төлөвлөгөөний дагуу 2023 онд дуусах юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *