Categories
мэдээ нийгэм

Гадаадад зорчсон иргэд сайн дураараа үзлэгт хамрагдаж байна

БНХАУ-д өнөөдөр өглөөний байдлаар “COVID-19” халдварын 73 331 тохиолдол илэрч, 1 872 хүн нас баржээ. Тус улсаас гадна 25 улсад 803 тохиолдол, 3 хүн нас барсан нь бүртгэгдээд байна. Тиймээс гадаад руу аялсан иргэд ХӨСҮТ-д хандан зөвлөгөө авч байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр онцоллоо.

Тэрбээр, “ХӨСҮТ-д 3, Говьсүмбэр аймагт 2 иргэнийг өчигдөр тусгаарлан шинжилгээ авч, эмчийн үзлэг хийж байна. Энэ сарын 16-нд тусгаарласан нэг иргэнээс шинэ коронавирусний халдвар илрээгүй. Гадаадад аялаад ирсэн иргэд ямар нэг өвчний шинж тэмдэг илрээгүй ч ХӨСҮТ-д хандаж байна. Үзлэгээр тусгаарлах, зөвлөгөө өгөх эсэхийг шийдэж байгаа” гэсэн юм.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: ГССҮТ-ийн эмч, ажилтнууд “Нэг дэлхий-Нэг хүч” уриан дор БНХАУ-ын Ухань хотод ажиллаж буй эмч нарт нэг өдрийн цалингаа хандивлан, сэтгэл санаагаар дэмжихээр болсон. Мөн ЭМЯ-наас иргэдийг шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, хот хооронд, орон нутагт зорчихгүй байхыг зөвлөсөөр байна.

Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Шинэ коронавируст халдварын тохиолдолд хийсэн судалгаагаар 86.6 хувь нь 30-79 хүртэлх насны хүмүүс илэрсэн. Эмнэлгийн 1 716 ажилтан халдвар авснаас 5 хүн нас барсан. Хэдийгээр 1 000 ортой эмнэлэг барьж, эрүүл мэндийн, цэргийн ажилтнуудыг дайчилж эрчимтэй арга хэмжээ авсан ч шинэ коронавирус тархсан хэвээр байна. Маш хүнд гэж оношлогдсон өвчтөнүүдийн нас баралт 49 хувьтай байна. ДЭМБ-аас хавьтлын тусгаарлалтыг 14 хоног үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа.

ЭМЯ-ны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зѳвлѳлийн гишүүн Д.Энхжаргал: Шинэ коронавируст халдварын эсрэг эм, тариа гаргаж авсан гэсэн мэдээлэл одоогоор байхгүй. Тус вирусний улмаас нас барсан тохиолдлыг бууруулахын тулд эмнэлзүйн туршилт хийсээр байна. БНХАУ-д 80 гаруй судалгаа хийж, 15 нь нэлээн үр дүнтэй байгааг мэдээлсэн. Уламжлалт анагаах ухааны зарим эмийг орчин үеийн вирусний эсрэг үйлчилгээтэй хавсран хэрэглэх нь үр дүнтэй байгаа талаар судалгаа хийснийг өчигдөр танилцуулсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *