Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зах зээл рүү шилжих явцад ажлын байраа алдсан хүмүүс ядууралд их өртсөн

ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал, доктор, дэд профессор Г.Баттүвшинтэй ядуурлын талаар ярилцлаа.


-Та ядуурлын чиглэлээр олон судалгаа хийж ирсэн. Ер нь манай улсын ядуурлын дүр зураглалыг тодорхойлохгүй юу?

-Би амьжиргааны түвшний судалгааг 2003 оноос хийж ирсэн. Тухайн үед НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс дунд орлоготой иргэдийг эмзэг бүлгийн эгнээнд орохоос урьдчилан сэргийлэх чиглэлийн судалгааг ШУТИС-ийн Комьпютер техник менежмэнтийн сургуулийн профессорууд хийсэн юм. Түүнээс хойш Засгийн газар, донор байгууллагаас хэрэгжүүлж буй ядуурлын судалгаануудад оролцсон. Монгол Улсын ядуурал өөрийн өвөрмөц төрхтэй. Байршлаар нь авч үзвэл ядуурал ихэвчлэн хөдөө орон нутагт байна. Ялангуяа, аймаг, сумдын төв дээр ядуурал илүү байдаг. Мөн ядууралд өртөж байгаа нь ихэвчлэн дунд эргэм насны, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ажиллаж байгаад зах зээлийн эдийн засагт шилжих явцад ажлын байраа алдсан хүмүүс байдаг. Хөдөө орон нутгийн хувьд мал аж ахуй нь байгалийн хүчин зүйлээс ихээхэн хамаардаг. Ган зудаас болж мал сүргээ алдана. Нөгөө талаас газар тариалан эрхлэхэд хөрөнгө их шаардлагатай. Наад зах нь усжуулалтын системгүйгээс болж ургацаа алдаж амьдралын түвшин дордоход хүрдэг. Үүнээс гадна өрх толгойлсон хүмүүсийн ядуурал газар авсан байна.

Бид нэг зүйлийг зөв ойлгох хэрэгтэй байна. Бид ядуурал гэж яриад байдаг. Гэтэл монгол хүний ядуурал гэж юу вэ гэдгийг зөв тодорхойлмоор байна. Ядуурлыг гадны арга зүйгээр судлаад байдаг. Орлогыг орлуулан тооцох аргачлал гэж бий. Үүнд дундаас дээш, дундаас доош, дундын дунд, ядуу, нэн ядуу гэх зэргээр ангилж байгаа шүү дээ. Дэлхийн ядуурлын тодорхойлолтыг аваад үзэхээр хүн өөрөө хүнсний хэрэгцээгээ хангаж чадахгүй байх тохиолдлыг авч үздэг. Гэтэл манай орон нутагт бог, бод мал төхөөрөхөд толгой, шийр нь хаягдаж байна. Тэгэхээр манай улсын хувьд ядуу гэдэг нь ямар ойлголтыг хэлэх вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай. 2018 оны үзүүлэлтээр манай улсад ядуурал 28.4 хувьтай байна. Үндсэндээ гуравны нэг нь ядуурчихсан гэсэн үг.

-Төрийн гол зорилго ядуурлыг бууруулж, олон хүнийг дунд давхарга руу оруулах явдал шүү дээ. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр ажил хийж ирсэн ч үр дүн сул байгаа нь юутай холбоотой вэ?

-Би сая Хятадын Бээжин хотын багшийн их сургуулийн профессоруудтай ядуурлыг бууруулах судалгааны чиглэлээр уулзаад ирлээ. Тэнд ажилгүй, ямар ч орлогогүй, харангадаж, туйлдаж байгаа хүмүүсийг ядууралд оруулж байна. Үүнтэй тэмцэхийн тулд төр засгаас том дэмжлэг үзүүлж, орон нутгаас нь бизнес, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын үйл ажиллагааг чиглүүлж, их сургуулиуд нь үйл ажиллагааных нь аудитыг хийж, хэрэгжүүлэх процессыг нь авч явж байна. Манайд бол ядуурал гэхээр дандаа тэтгэмжийн бодлогоор хардаг. Нэг хэсэг 2008-2012 оны үед Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас орлого багатай иргэдээр хүнсний ногоо тариулах, хураалгах, зах зээлд борлуулж өгдөг систем хэрэгжүүлж байлаа. Мөн ядуу иргэдийн тодорхой хэсэг орцны жижүүр хийж байгаа. Харахад тогтмол цалинтай мэт боловч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байдаг. Тэдгээр иргэдэд ахуйн тоног төхөөрөмжүүд авч өгөөд гутал засах, юм оёулах нөхцөлийг хангаж өгөх бодлого хэрэгжүүлж байв. Түүнчлэн, тэнэмэл хүүхдүүдийг сургаж байсан. Энэ нь нэг талаас зөв бодлого байлаа. Гэвч нөгөө талаас хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага тэнд дутагдсан. Өнөөдөр хувийн хэвшил ядуу иргэдийг дэмжих тал дээр ямар үүрэг хүлээх ёстой юм бэ. Бүгд л нийгмийн хариуцлага гэж ярьж байна. Гэтэл компани бага орлоготой хүмүүсийг зохион байгуулалтад оруулж, засврын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр ашиглах, үүнд нь эрдэм шинжилгээний байгууллагууд зөв менежмэнтийг нь хийж өгөх тал дээр оролцож чадсангүй. Манайд ядуурлыг бууруулах чиглэлд хийсэн ажлууд үр дүн султай байсан нь үүнээс хамааралтай.

Тухайн хүнийг ядуурлаас гаргах сэтгэхүйтэй болгох нь засаг төр, бүх хүний асуудал юм. Гэр хороолол тэлж байна. Цагаан сар болоход хотын төв эзгүйрч бүгд л гэр хорооллыг зорьдог. Энэ нь нэгийг хэлж байна. Нөгөө талаас амьдралаа дээшлүүлэхээр орон нутгаас шилжин ирж буй хүмүүс ихэвчлэн гэр хороололд сууршиж байна. Тэгвэл ядуурал хамгийн их, байнга тэлж буй гэр хорооллын бага орлоготой иргэдийг бид зохион байгуулалттайгаар оршин байгаа газар нь ажлын байраар хангаж өгөх, таатай амьдрах боломжийг бий болгож өгч чадахгүй байна. Үүнийг Улаанбаатар хот, орон нутаг, сум хороо нэгдсэн бодлогоор удирдаж авч явах ёстой. Тэгэхгүйгээр хүн буулгачихаад манай нутгийн иргэд ядуу гээд сууж байж болохгүй. Нэг зүйлийг ажигласан байх. Нэг талд Зайсан гээд баячуудын хороолол бий болчихсон. Нөгөө талд гэр хорооллынхон байна. Чинээлэг давхаргад үйлчилгээ үзүүлэх хүмүүс нөгөө талд байгаад байна шүү дээ. Ингээд тэд нэгэн зэрэг ажил руугаа явснаар түгжрэлээс эхлээд олон асуудал үүсдэг. Орлоготой багатай учир 2-3 автобус дамжих мөнгө, өдрийн хоолны зардал гэх зэргээр бэрхшээл тохиолдоно. Түгжрэлд цаг их алдана. Гэтэл барууны улс орнуудад үүнийг их зөв байдлаар шийддэг. Хамгийн ойр байх ёстой хүмүүсийг нэг дор байлгаж, ажлын байрыг нь бэлдэж өгч байна. Энэ болгоныг төр засаг, нийгмийн байгууллагууд ахин дахин судалж зөв арга менежмэнтийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ядуурал буурахгүй.

-Та ядуурлаас гаргах сэтгэхүйтэй болгох нь төр засаг, хүн бүрийн асуудал гэлээ. Гэтэл хувь хүний хариуцлагагүй, залхуу байдлаас болж ядууралд өртөх шалтгаан болоод байгаа юм биш үү? Монголчууд Солонгост олноор ажилладаг. Тэдний хөдөлмөрч занг монголчуудын амар тайван, залхуу зантай их харьцуулж ярьдаг шүү дээ?

-Аливаа нэг асуудлыг ярихдаа хувь хүнтэй ярихаас илүү төр засгийн бодлого, орон нутгийн засаг захиргааны бодлоготой холбож ярьж сурах хэрэгтэй. Би эхлээд бас бид залхуугаасаа болоод ядуу амьдарч байна гэж боддог байсан. Тэгвэл үгүй. Энэ бүхэн улс орны ядуурлын эсрэг явуулж байгаа менежмэнтийн бодлого, удирдлагын буруу зохион байгуулалттай холбоотой. Чи Солонгосыг жишээ болгож татлаа. Тус улсад ажил хийхгүй бол өөр амьдрах ямар ч арга байхгүй, үхэхээс өөр сонголтгүйн тухай асуудал юм. Солонгосчууд сонгодог өлсгөлөнг үзчихсэн. Манайд бол өөрийн мал дагаад, эсвэл хүний мал хариулаад байвал болдог байсан. Тийм учраас бид тэдний сэтгэхүйтэй монголчуудыг зэрэгцүүлж болохгүй. Энэ бүхнийг ядуурлаас гаргах зөв бодлого, менежмэнтийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж ярьж байгаа юм.

Итгэлт баян “Хүрээний хэдэн ядуусыг нийлүүлж байгаад цэмбэ нэхүүлэх юмсан” гэдэг. Энэ нь ажил олж өгөөд хийлгэх юмсан гэсэн санаа. Гэтэл бид “Та нар ажлаа олоод хий” гээд байна. Энэ ажлын байрыг бизнесийн байгууллагууд, төр засаг нийлж бий болгох ёстой. Тэд зөв зохион байгуулалтад оруулах ёстой. Төр ард түмнийхээ өмнөөс хариуцлага хүлээсэн институци юм бол хариуцлага хүлээх учиртай. Бизнесийн байгууллагууд ард түмэндээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулж ашиг орлого олж байгаа бол үүнийг хийх ёстой. Харин эрдэм шинжилгээ болон нийгмийн байгууллагууд хүнийг ажил хөдөлмөртэй болсноор эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх давуу талыг ойлгуулж, сургах хэрэгтэй. Гар хөдлөхгүй бол ам хөдлөхгүй гэсэн зүйр үг бий. Үүнийг хүмүүсийн тархинд суулгаж өгөх хэрэгтэй. Бид нэг системээс нөгөөх рүү шилжих үедээ нэг зүйлийг хийж чадаагүй. Энэ нь гэр бүл, хувь хүний хөгжлийг бий болгож чадаагүй юм. Үүнээс хамаарч улсаар тэжээлгэх сэтгэхүйтэй байсан. Ядаж л хүмүүст тэтгэмж өгөхөд нэг зүйлийг орхигдуулж ирсэн. Мэдээж тэтгэмж худалдан авалт бий болж, эрэлт үүснэ. Энэ эрэлтийг хангахын тулд үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн оронд импортын барааны худалдан авалтыг дэмжиж байна. Энэ нь инфялци, гадаад валютын өсөлт зэргээр олон сөрөг нөлөөтэйг эдийн засагчид тайлбарлана.

-Бид өлсгөлөнгөөр үй олноороо амиа алдаж байгаагүй учир хөдөлмөрлөхгүй бол болохгүй гэсэн сэтгэхүй оюун тархинд гүн бат суугаагүй байна. Өдөр хоногоо аргацаагаад л яваад байдаг. Гэвч ийм сэтгэхүйг шүүмжлээд яваад байвал хөгжихгүй. Сэтгэхүйг нь өөрчилж, зөв зохион байгуулалтаар ажиллуулах хэрэгтэй гэж ойлголоо. Гэхдээ л хувь хүнээс их зүйл шалтгаалж байгаа?

-Хүмүүс залхуу байна гэлээ. Энэ нь ямар ч улс оронд байдаг үзэгдэл. Гэхдээ массыг хамардаг уу, эсвэл цөөнх үү гэдэг асуудал байна. Манайх масс тал руу хараад байгаад дараахь шалтгаантай. Ямар ч бизнесийн байгууллагад очсон мэдээж ашиг олохын төлөө ажиллаж байгаа тул хүний нөөц чадвартай байхыг шаарддаг. Тэр шаардлагыг хангаж чадахгүй байгаа хүмүүсийн тухай бид ярьж байна. Эдгээр хүмүүс яагаад хичээгээд үүнийг хийж чадахгүй байна вэ. Уг нь хүн болгон жижигхэн зүйл ч болов хийгээд хичээгээд явж байгаа. Зах дээр тэрэг түрж, юм үүрээд явж байна. Зарим нь хүний юм зарж, сав цуглуулан тушааж болсон болоогүй амьдрах гээд зүтгэж байна. Хүн бүрт тодорхой хэмжээний орлоготой болж, амьдралаа гайгүй авч явах юмсан гэсэн хүсэл тэмүүлэл байгаа. Тэгэхээр бид тэдгээр хүмүүсийн тухайд ядуу амьдралдаа дасан зохицсон гэж ярихгүй, харин дасан зохицсоноос нь яаж гаргах вэ гэдэг тухай ярих хэрэгтэй. Энэ хүмүүсийг хэрхэн ажлын байраар хангах вэ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудыг харахад нийтээр сургаж, нэгдсэн том ажилд дайчлах, мөн цагийн ажил бий болгох, цалин хөлсийг нь өдөр өдөрт нь өгөх зэргээр ажил хийх бүх л бололцоог хангаж өгдөг. Гэтэл манай улсын хувьд хүн төвтэй, хүнээ дээдэлсэн хөгжил хаана байна вэ. Төр засаг, иргэний байгууллагууд яг юу хийгээд байгаа юм бэ. Гэр хорооллын дугаар хорооны иргэн, айл өрхийн төлөө юу хийв гэдэг тухай ярих ёстой. Амьдралын үнэ цэнээ ойлгож, хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлэхэд хариуцлага хүлээсэн төр, албан тушаалтан, иргэн та юу хийв. Хувийн жижиг, дунд бизнес эрхэлж байгаа, хөдөө орон нутгийнхан амиа аргацаасан байдалтай байна. Нэг зүйл буруугаар эргэхэд бүгд унахад бэлэн. Уг нь мал байна. Гэтэл яг нийлээд бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэхээр боломж байхгүй. Тэгэхээр шүүмжлэхээс илүү зөв зохион байгуулалтад оруулж, хөгжлийн зөв гарц тавьж өгөх шаардлагатай. Бидний жишээ авч яриад байгаа өндөр хөгжилтэй оронд 50-60 жилийн өмнө амьдрал туйлын хүнд байсан. Энэ нөхцөл байдлаас улс орноо хөгжүүлсэн бэлээхэн жишээ бий. Нийгмийн хариуцлагатай бүх байгууллагыг зөв зохион байгуулалтаар дэмжиж ажиллаж байж хөгжсөн.

-Төрөөс ядуурлыг бууруулах чиглэлээр олон бодлого шийдвэр гаргаж байна. Гэвч байгаа онохгүй хий хоосон ажиллаад байна уу?

-Бодлого шийдвэр гарч байна. Гэхдээ бодлого шийдвэрээ зөв хэрэгжүүлэх механизмаа тодорхойлж өгөхгүй байна. Зарим жишээ хэлье. Төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмүүдэд өгье гэж ярьсан. Одоо болтол хэрэгжээгүй. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл гэж яриад байна. Гэтэл орлого багатай иргэд авч чадахгүй. Тэгвэл тэдэнд яаж өгөөжийг нь хүртээх вэ гэвэл жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авсан хүмүүс нь орлого багатай хэчнээн иргэнийг тогтмол ажлын байраар хангав гэдгийг гол үзүүлэлт болгох хэрэгтэй. Мянган малтай нөхөр хэдэн хүнийг тогтмол орлоготой болгож, бүр нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж байна вэ гэдгээр нь дүгнэх ёстой. Зүгээр нэг өвлийн идэш даадаг биш. Ажил хөдөлмөрт сургаж, тогтвортой орлоготой болгож байна уу гэдгээр нь үнэлж дүгнэдэг бодлогын уялдаа байх ёстой. Компаниудын хувьд ч мөн ижил. Үнэхээр хүмүүсийг хөгжүүлж, ажлын байр бий болгож, иргэдийнхээ төлөө явж байгаа үйлдвэрлэгчдийг төр засаг бүх талаас нь бодлогоор дэмжиж байх учиртай. Хамтарч байж л бид ядуурлаас гарна. Төр засаг халамж тараагаад, эсвэл хувь хүнээс болж байна гэж шүүмжилж суугаад ядуурлаас гарахгүй. Мэдээж залхуу хойрго хүмүүс олон бий. Гэхдээ шүүмжлээд бурууг тохоод суугаад байхын оронд өөрчлөхийн төлөө бодлого хэрэгжүүлж, зөв менежмэнтээр явах хэрэгтэй.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *