Categories
мэдээ спорт

Амралтын өдрүүдээр явагдах таван сонирхолтой хөлбөмбөгийн тоглолт


Реал Мадрид – Атлетико Мадрид

Испаний супер цомын финалд Мадридын багууд тоглох болно. Мадрид хотын 223 дахь удаагийн дерби тоглолтыг үзэлгүй өнгөрвөл харамсах нь лавтай. Одоогоор явагдаад буй 222 Мадридын дербид Реал Мадрид 110 удаа хожин 56 тоглолт тэнцээгээр өндөрлөж, 56 удаа Атлетико Мадрид клуб хожиж байв. Харин эдгээр багууд Супер цомын тэмцээнд 2014 онд ганц удаа тааран тоглоход эхний тоглолт тэнцээгээр өндөрлөн, хариу тоглолтонд Атлетико хожиж энэ тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлж байлаа. Хоёр багийн сүүлийн таван учраанд Атлетико Мадрид хоёр хожин, Реал Мадрид нэг хожиж, хоёр тоглолт тэнцээгээр өндөрлөсөн. Супер цомын тэмцээнд Реал Мадрид 10 удаа түрүүлсэн бол Атлетико хоёронтоо түрүүлээд буй юм.

Тоттенхэм – Ливерпүүл

Энэ улирлын Премьер лигт хожигдолгүй яваа Ливерпүүл клуб Тоттенхэмийн талбайд зочлон тоглоно. Жозе Моуринио Тоттенхэмийн дасгалжуулагч болсноосоо хойш анх удаагаа Ливерпүүлтэй нүүр тулах гэж буй юм. Сүүлийн таван тоглолтондоо ганцхан хожоод буй Тоттенхэм клуб багийн гол тамирчдаа бэртэл гэмтэлд алдаад байгаагийн дотор Харри Кейн, Мусса Сиссоко, Танги Ндомбеле, Уго Льорис нар байгаа билээ. Хоёр багийн сүүлийн таван учраанд Ливерпүүл дөрвөн удаа хожоод буй юм.

Интер – Аталанта

Италийн Серие А лигийн тэргүүлэгч Интер Милан клуб лигийнхээ тавдугаар байрт бичигдэж буй Аталанта клубтэй талбайдаа тоглоно. Аталанта сүүлийн таван тоглолтондоо дөрөв хожоод буй юм.Тэд лигийнхээ дөрөвт бичигдэж буй АС Рома клубээс ганцхан онооны ард байгаа учраас хожих зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Харин Интер тэргүүлэгчийн байр сууриа амархан алдахыг хүсэхгүй нь лавтай. Тэд энэ улиралд лигтээ Ювентус клубт л ганцхан хожигдоод байгаа юм.

АС Рома – Ювентус

Серие А лигийг тэргүүлэгч Интер Милан клубтэй оноо адилхан хэдий ч гоолын зөрүүгээрээ тэдний доор бичигдэж буй Ювентус клуб мөнхийн хотын багийн талбайд зочлон тоглох гэж байна. Арынхаа багаас ганцхан онооны илүүтэйгээр Аваргуудын лигийн байранд бичигдэж буй Рома клубын хувьд энэ тоглолтонд заавал хожих ёстой юм. Ювентус ч мөн тэргүүлэгчдээс оноо хоцрохгүйн тулд зайлшгүй хожих даалгавартай тоглох болно. Хоёр баг хамгийн сүүлд өнгөрсөн оны тавдугаар сард таарч тоглоход Рома өрсөлдөгчөө хожиж байлаа. Ювентус клуб энэ улиралд лигтээ ганцхан хожигдсон. Тэд Лациод лигтээ хожигдсоноос гадна Супер цомын тэмцээнд мөн ялагдаад буй юм.

ПСЖ – АС Монако

ПСЖ болон АС Монако клубууд энэ долоо хоногт лигтээ хоёр удаа тоглоно. Учир нь ирэх долоо хоногийн ажлын өдрүүдээр 15-р тойргийн нөхөн тоглолтыг тэд хоорондоо хийх юм. Улирлын эхний зургаан тоглолтондоо хожил авч чадалгүй муу эхлэлийг тавьсан АС Монако клуб дасгалжуулагчаа сольж оронд нь Испани мэргэжилтэн Роберт Мореног томилоод байгаа билээ. Тэд одоо лигийнхээ зургадугаар байранд бичигдэж байна. Монако клубын довтлогч Виссам Бен Йеддер 13 гоолтойгоор Лиг 1 тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа бол түүний ард ПСЖ клубын довтлогч Килиан Мбаппе түүнээс хоёр гоол дутуу бичигдэж буй юм. Энэ хоёр багийг 17 оноо зааглаж байна. Хоёр багийн сүүлийн таван учраанд бүгдэнд нь ПСЖ хожоод буй юм.

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *