Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

21 дүгээр сургуулийн 1999 оны төгсөлтийн үлгэр жишээ тэргүүний хамт олон

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд маань 21 дүгээр сургуулийг 1999 онд төгссөн 10 “А” ангийнхан оролцож байна. 1989 онд энэхүү ангийг Мааяа багш даан авч байжээ. Тавдугаар ангиас нь Монгол хэл, уран зохиолын багш Л.Эрдэнэчимэг багш авав. Нийт 40 сурагчтай. 22 хөвгүүн, 18 охинтой. Уг анги сургуулиас зохиосон бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, ангиараа сурлага, урлаг, спортоор тэргүүний шилдэг анги байв. Салаа болгон даргатайгаас гадна ангийн дарга Г.Мөнхзул, охидын зөвлөлд Э.Ариунсанаа, Д.Сайнбилэг, даалгавар шалгагч Ж.Болортуяа, А.Соёмбо, А.Ариунтөгс, ариун цэвэр сахиулагч Э.Бямба, Б.Болор, М.Болортуяа, цэцэг арчлагчаар М.Эрдэмбилэг, С.Наранбаатар нар ажилладаг байжээ. Э.Ариунсанаа зургадугаар ангидаа, Г.Энх-Амгалан долдугаар ангидаа, сургуулийнхаа тэргүүний сурагчаар шалгаран жил дараалан энэ л ангийн сурагчдын зураг сургуулийн “Хүндэт самбар”-т заларчээ. Мөн наймдугаар ангидаа “Сургуулийн 40 жилийн ойн уралдаан”-д түрүүлэн, ангиараа олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амарч, 6, 7, 10 дугаар ангидаа “Сургуулийн тэргүүний анги”, урлагийн үзлэгийн аварга, Сагсан бөмбөг, волейболын тэмцээний сургуулийн аварга гээд сургуулийнхаа бүхий л үйл ажиллагаанд аваргыг л авдаг адтай анги юм. Ангийн багш Л.Эрдэнэчимэг ярихдаа “Би энэ жил 34 дэх жилдээ багшилж байна. Энэ анги минь 21 дүгээр сургуульд шилжин ирээд авсан анхны анги. Бага ангийн багш нь Мааяа гэж маш сайн багш байсан юм. Сайн багш байсан учир суурийг нь их зөв тавьж өгсөн. Суурь сайтай болохоор хичээлдээ бүгд жигд, идэвх чармайлттай, суугаад сурчихсан. Зөв бичих дүрмийн алдаа маш бага гаргадаг ажиллахад их амар хүүхдүүд байсан. Туршлагатай багш дээр хөгжчихсөн хүүхдүүд орж ирж байлаа. Аливаа зүйлд санаачилгатай, эцэг эхчүүд нь ч сургууль, багшийн ажилд тусалж дэмждэг. Бусад ангиудаа бүх талаараа тэргүүлдэг, сургуулийн соёлч анги байлаа” гэв. Нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулиудын дунд болдог “Авьяас, чадвар”, Найрал дууны тэмцээнд байнга түрүүлдэг хамт олон байжээ. Ж.Болортуяа ярихдаа “Манай анги сургуулийн бүх л үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нийтэч, тусч жигд анги байлаа. Энэ бүхнийг ангийн багш минь холбон зангидаж өгнө. Багш маш чанга, ангийнхнаа удирдан чиглүүлэхдээ гарамгай. Хувцас, зангиа, дуу гээд бүхий л зүйлээр жигдрүүлнэ. Багш нар манай ангид орж ирэх дуртай. Ангиа байнга цэвэрлэнэ. Цэцэг их тарина. Ангиа маш гоёор тохижуулна. Анги даасан багш маань Монгол хэл, уран зохиолын багш байсан болохоор дэлхийн болон Монголын алдартай зохиолчдын зургийг ханандаа өлгөнө. Бүх хүүхдүүд цагаан цамц, зангиатай. Сургуулийн үлгэр жишээ анги байлаа” гэв. Наймдугаар ангид байхад нь сургууль дээр “Байгалийн ухааны гүнзгий анги” анх удаа нээгдэж, манай анги тэр чиглэлээр явах болсон. Математик сэтгэлгээ сайтай байсан учир математикийн анги болсон. Математикийн Болормаа багш нь ч тэргүүний ангитай сайн ажилладаг байсан гэнэ. Д.Оюунгэрэл ангийнхаа тухай дурсахдаа “Сургуулийн урлагийн үзлэгт манай ангийнхан өдөр шөнөгүй бэлдэнэ. Шөнийн 00:00-01:00 цаг хүртэл ангидаа давтана. Шөнө эцэг эхчүүд нь сургуулийн үүдэнд ирчихсэн хүүхдүүдээ хүлээгээд сууж байна. Манай ангийн эцэг эхийн хурал сумын клубын лекц шиг болно. Эцэг эхийн хуралд ирдэггүй хүн гэж үгүй. Нөгөө ангиудын эцэг эхийн хуралд хэдхэн хүн сууж байхад манай анги дүүрчихсэн. Хүүхдүүдтэйгээ цуг хийвэл заримд нь суух суудал олдохгүй. Ээж, аавууд маань хүүхэдтэйгээ зэрэг сурдаг тийм л идэвхтэй хүмүүс байв” гэлээ. Ангийн тэргүүний сурагч нь М.Тэмүүжин. Дуулна, бүжиглэнэ, уран уншина, сагсан бөмбөг волейбол тоглоно, бичгийн хэв сайтай бүхий л талаараа өв тэгш байж. Э.Ариунсанаа, Г.Энх-Амгалан сургуулийн шинэ жил болгоноор шинэ, хуучин он болдог, сургуулийн бүх арга хэмжээг хөтөлдөг хөтлөгчид. Ангийн сурагч Д.Баярхүү ярихдаа “Манай ангид хичээл тасална, хоцорно гэдэг ойлголт байхгүй. Хичээлдээ мэриймтгий хүүхдүүдтэй. Манай ангийг төгссөн ихэнх хүүхэд дээд сургуульд орсон. Тухайн үедээ хамгийн олон төгсөгч дээд сургуульд орсон анги болж байлаа. Ц.Цэрэнбат гэж манай ангийн сайхан дуулдаг хөвгүүн сургуулийн дууны аварга байсан юм. Ангийнхан хоорондоо их нөхөрлөнө” гэлээ. Тэр үеийн эрэгтэй хүүхдүүдийн нөхөрлөлийн талаар Т.Эрдэнэхуяг ийнхүү дурсав “Манай ангийнхан хоорондоо их дотно. Зодолдож маргалдаад байдаггүй. Ангийн гурван хүү өөрсдийгөө “Шадар гурван цэрэг” гээд нэрлэчихсэн. Багшийн баруун гар болдог байлаа. Энх-Амгалан, Мөнхзул, Анхбаяр нарын нөлөө ангид их байсан. Тэдний нөлөөгөөр ангийнхан нийтэч байдаг байлаа” гэв. Тэр үеийн хүүхдүүд “Дошны атаман” гэж өөрсдийгөө дөвийлгөх дуртай. Харин энэ ангид атаман гэж байгаагүй ажээ. Д.Отгонбаяр дошны атаман ч ангидаа орохоороо ангийнхаа нэг хэсэг нь болдог. Ангиасаа гараад атаманаа хийнэ. Ангийнхнаа дээрэлхсэн хүүхдүүдээс өмөөрнө. Тиймээс ангид нэгнийгээ ялгаварлах, дээрэлхэх зүйл огт байгаагүй. 21 дүгээр сургууль хавьдаа атаман ч ангидаа маш эелдэг, охидтойгоо зөөлөн харилцаатай хүү байсан гэж ангийнхан дуу нэгтэй ярив. Эрдэнэбилэгт, Цогтсайхан, Мянганбуу нар илүү дотно нөхөрлөдөг найзууд байж. Хоорондоо их эвсэг, элэгтэй хамт олон байсан нь одоо ч сургуулийнхаа үлгэр жишээ ангиар жишээ болгон яригддаг юм. 6 “А” анги байхад нь Ж.Энхсанаа ангид шилжин ирснээр эрэгтэй, эмэгтэйгээрээ ялгардаг асуудал үгүй болжээ. Энэ тухай Г.Намжил ярихдаа “Энхсанаа шилжиж ирээд манай ангийн уур амьсгал нийтэч сайхан болж ирсэн. Яагаад гэвэл тэр үед охид, хөвгүүдээрээ их ялгарна. Санаа хэзээний л охидтой суучихсан, гарнаас нь барьчихсан, тэвэрчихсэн эвсэг найрсаг харилцаатай байж билээ. Тэгээд л манай ангийнхан эр, эм гэж ялгархаа больсон. Тэр үеийн хүүхдүүд одооных шиг нээлттэй биш, заагтай байлаа. Тэр заагийг Санаа маань арилгаж өгсөн юм” гэлээ. Тэрбээр ангийнхаа охидыг “Намайг үнсвэл зайрмаг авч өгнө шүү” гээд ангийн уур амьсгалыг инээдээр чимдэг ангийн нэгэн хэсэг байжээ. Э.Шинэбаяр ангийнхныхаа тухай ярихдаа “Манай багш нийгмийн идэвхтэй бай гэж их хэлдэг байсан. Тиймээс манай ангийнхан одоо ч орсон салбар бүртээ идэвхтэй манлайлагч нь болсон байна. Гадаадад ажиллаж амьдардаг хүүхдүүд маань тэндээ идэвхтэй сайн сурч, тэргүүлэгчид нь болжээ. Энэ бол багшийн тавьж өгсөн суурь байх. Ямар ч зүйлд сэтгэлээсээ ханд, нийгмийн идэвхтэй бай гэж хэлдэг үг нь одоо ч бидний өөртөө хэлдэг үгс юм” гэлээ. Хүнийг анхааралтай сонсох, эгц өөдөөс нь харж ярих, цэгцтэй байх ухааныг ангийнхаа багшаасаа л сурчээ. Ангийн даргын үгнээс хэн ч зөрөхгүй. Ангийн даргын үг ангийн багшийн үг. Багшийн үг хууль гэдэг зарчмаар энэ ангийнхан хүмүүжсэн. 21 дүгээр сургуульд ангийн фондыг анх үүсгэсэн, ангийн засварыг сургуулиас хамгийн түрүүнд хийдэг, хамгийн тохижилттой, сургуульд анх улавч өмсөж ордог, шалаа хулдаасалсан, ангийн хаалгыг анх өөрчлөн солиулсан, ангийнхаа хойд ханыг одоогийнхоор эко болгон байгалийн зураг зуруулж тохижуулж байсан үлгэр жишээ анги байв. Тэр үед шинээр гарсан нийтийн дуу болгоныг ангийнхандаа багш нь зааж өгнө. Хичээлийн дундуур хүүхдүүд нозоорсон, хичээл хийх сонирхолгүй болсон байхыг багш анзаараад “За бүгдээрээ тэр дуугаа дуулъя” гэхэд бүгд босоод дуугаа дуулна. Тэгэхээр хичээл хийх идэвх нь нэмэгддэг байж. 1,2,3 гэсэн командаар ангиас гарч орно. Хагас цэрэгжилтийн байдалтай диктатуртай анги байснаа хүүхэд бүр дурсан сууна. Ангийн сурагч Н.Нарангарав багшийнхаа тухай ярихдаа “Манай багшийн ганц имиж нь улаан уруулын будаг. Одооч улаанаар уруулаа будсан байна. Унтахдаа ч улаанаар уруулаа буддаг байж магадгүй. Би багшийг уруулаа будаагүй байхыг ер харж байгаагүй. Анх анги дааж аваад л бидэнд сургаж байсан. Эмэгтэй хүн өмд өмсөх хэрэггүй гэж. Би багшийг өмдтэй байхыг хараагүй. Би ч бас багаасаа багшийн зааснаар ч тэр юмуу өмд барагтаа л бол өмсдөггүй” гэв. Ангийнхан нэгэндээ маш их тусална. Хэн нь хэнийгээ ялгаж харьцдаггүй. Баян ядуугийн ялгаа байгаагүй анги байсан гэдгийг ангийн багш дахин дахин хэлж байв. Аравдугаар ангиа төгсдөг жил нь ангийн багш нь жижигхэн байшин барихад ангийнхан нь хонхны баярынхаа урьд өдөр багшдаа туслан хөвгүүд нь байшингийнх нь суурийг цутгаж, охид нь ус зөөж, хоолыг нь хийж тусалж байжээ. Ангийнхан төгсөж байгаа болохоор эцэг эхчүүд бэлэг авч өгье гэхэд нь багш бэлэг хэрэггүй гээд байшин барьж байгаагаа дуулган, барилгын материал бага багаар хандивласан байна. Манай байшин ангийнхны минь хүч хөдөлмөрөөр л боссон гэж багш нь хүүхдүүддээ баярлаж явдгаа онцгойлон хэллээ. Сурагч Э.Ууганбаяр ярихдаа “Манай ангийнхан нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй, байнга нэгэндээ анхаарал тавьдаг, асууж сурж байдаг хамт олон байлаа. Ангийн маань нэг охин өнчин, эмээтэйгээ л амьдардаг. Түүнд хувцас, хичээлийн хэрэглэл гээд байгаагаа хуваалцана. Бас нэгэн хүүхдийн ээж нь хүнд өвчнөөр өнгөрч, манай ангийнхан байнга эргэж тойрдог байлаа” хэмээн дурсав. Мөн энэ ангид Б.Бадамжав, Д.Чинтамир, Р.Ганхуяг, Ш.Мөнхсүрэн, Б.Бат-Өлзий, Б.Мөнхбат, Ш.Батзориг, Б.Оргилболд, М.Тэмүгэ, З.Ууганбаяр, М.Болортуяа зэрэг шилдэг хүүхдүүд суралцдаг байлаа.

Одоо энэхүү ангиас Г.Мөнхзул, Э.Ариунсанаа, М.Хэрлэнцэцэг, Ч.Ганцэцэг, С.Ариунзаяа, Н.Гаваасүрэн нар гадаадад ажиллаж, амьдардаг. М.Тэмүүжин Гранд мед эмнэлгийн нуруу нугасны мэс заслын эмч, Ачит эх анагаахын дээд сургуулийг төгсөөд дараа жил нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн олгодог “Шилдэг залуу эмч” шагналыг хүртэж байв. Мөн Ц.Цэдэвсүрэн ходоодны эмч болсон. “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонтой Ж.Найрамдалмаа, Б.Даваасүрэн нар хоёулаа долоон хүүхэдтэй. Хоёрдугаар одонтой Т.Жавзанпагма, Д.Оюунгэрэл, Э.Бямба, Ч.Батчимэг нар бий. Ж.Энхсанаа үндэсний үйлдвэрлэгч компани байгуулан ажиллаж байгаа. Plus брэндийг үүсгэн байгуулагч. Тэрбээр ярихдаа “Би арван жилд байхдаа ангийнхаа санхүүг барьдаг, санхүүч нь байлаа. Мөнгө хураадаг ажлыг л хийдэг. Манай анги бага ангид байхаасаа л фонд үүсгэсэн. Тэр мөнгөөрөө нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэх, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, нэгэндээ тусалж дэмжих бүхий л ажлаа зохион байгуулна. Тэр суурь явсаар байгаад одоо санхүүч болсон байх. Одоо хувийн санхүүгийн зөвлөх хийнэ, байгууллагуудад санхүүгийн зөвлөгөө өгнө. Хувийн санхүүгээ яаж удирдах зэргийг зааж зөвлөх ажил хийдэг” гэв. Сүүлийн жилүүдэд ангийн групп хуудас нээгдэж, харилцаа холбоо байнга тогтоон нэгнийгээ асууж, зовлон жаргалаа хуваалцан байнгын харилцаатай байгаа эргэх холбоо сайтай анги. 21 дүгээр сургуулийн хуучин барилгыг 2017 онд буулгаж, энэ жилийн аравдугаар сард шинээр барин ашиглалтад оруулжээ. Тиймээс анги төгсөлтийн хорин жилийн ойгоо хойшлуулан ирэх жил хийхээр төлөвлөж байгаа юм байна. 21 дүгээр сургуулийг төгссөн 21 жилийн ойгоо 2020 онд хийхээр болсноо манай сониноор дамжуулан ангийнхандаа уламжлав. Тиймээс ирэх жил ангийнхантайгаа уулзах ерөөл тавин ангийн удирдлагын зүгээс урилгаа илгээж буй нь энэ юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *