Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Ганзориг: Гурван саяулаа мундаг байх реформыг найман жилийн дотор хийх боломжтой

“Голомт” банкны гүйцэтгэх захирал асан, эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.


-Манай улсад боловсролын реформ хийх боломж үнэхээр байна уу?

-Бүрэн дүүрэн боломж байна. Монгол хүмүүс маш хурдан сэргэлт авах юм байна гэдгийг “Голомт”-ын 2000 ажилтнаас харсан. Зөв залуурдаж чиглүүлээд өгвөл оюуны потенциал, сэтгэл зүйн хүчин чадал 100 хувь байна. Ажлаа аваад “Дэлхийн түвшний өрсөлдөх банк болно” гэхэд минь хэн ч итгээгүй. Харин ажлаа өгөөд гарахад бүгдээрээ “Одоо гялалзуулаад өгнө өө” гээд үлдсэн. Одоо ч араас ярьж байна. “Захирал аа, олон улс руу тэлнэ гэсэн яасан бэ, Узбекистан, Мьянмар, Вьетнамын зах зээл рүү ороод Голомт дээр хийсэн гоё юмаа давтаж хийнэ гэсэн яав аа, та юун боловсролын реформ яриад явчихав” гэсэн утгатай гомдол тээсэн үгс хэлж байна л даа. “Голомт”-д ажиллаад удирдаж яваа банкаа илүү гоё болгоод яваад байж болох байсан. Гэхдээ эдийн засагч хүнийхээ хувьд хийхээр төлөвлөж, зорьсон ажил байгаа учраас ажлаа өгсөн юм.

-Удирдсан банкныхаа үйл ажиллагааг яаж сайжруулсныг чинь гадарлах хүний хувьд бас нэг зүйл тодруулмаар байна. Нэгэнт бүрдүүлсэн орон зай, хүрсэн өндөрлөгтөө дахиад жаахан байхсан гэсэн бодол төрж байгаагүй юу?

-Хувь хүн талаасаа албаа үргэлжлүүлээд хашаад явах хүсэл байлгүй яахав. Банкны хувь нийлүүлэгчид, харилцагчид талаас ч тийм сонирхол, санал байсан. Ашиг нь өсч байр суурь нь нэмэгдэж, захирлууд нь мундаг болсон банкийг үргэлжлүүлээд удирдаад явахыг хэн ч хүснэ. Логикийн хувьд бодоод үзэхэд шилдэг захирлуудаараа ажлаа хийлгээд жаахан амсхийх үе мөн үү гэвэл мөн л дөө. Хувь хүн тал минь ингэхийг хүсч байсан ч мэргэжлийн тал маань зөвшөөрөөгүй. Ер нь олонх хүний хувьд мэргэжлийн тал шийдвэр гаргагч байдаг. Голомт гээд том банкинд өндөр өсөлт гарч байхад бусад олон компани ч ийм өсөлт үзүүлж чадна. Улсын хэмжээнд компаниудаа ийм чадалтай болгох ганц л арга бий. Тэр нь боловсролын систем. Монголын боловсролын систем дэлхийн хамгийн шилдэг боловсролын систем байх боломжтой, үүнийг боловсролын реформ хийх замаар шийдэхэд асуудал байхгүй, реформыг бид өөрсдөө хийж чадна гэдгийг итгүүлэхийн тулд ажлаа өгөөд бүтэн цагаар ажиллахаас аргагүйд хүрсэн. Үүний хажуугаар тэтгэврийн реформ хийх, хөрөнгийн захаа хөгжүүлэх, зээлийн хүүг бууруулах стратегиа үргэлжлүүлэх гээд хийхээс аргагүй өөр олон ажил бий. Хэн нэг нь цаг гаргаж дуугарч, хөөцөлдөж, хийхгүй л бол зээлийн хүү буухгүй, баялгийн шударга хуваарилалт явагдахгүй, хөрөнгийн зах хөгжихгүй, компаниудад чадалтай боловсон хүчин нийлүүлэгдэхгүй юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд ойлгосон. Ийм том асуудлууд шийдлээ хүлээж байхад амин хувиа хичээгээд сууж чадаагүй юм.

-Боловсролын реформ хийх ажил чинь ямархуу байна вэ. Сүүлд уулзсанаас хойш юу амжуулав?

-Сая тантай уулзахаас өмнө гадаадын боловсролын мэргэжлийн хүмүүстэй уулзлаа. Эхний ээлжинд боловсролын чиглэлээр сонирхдог судалдаг хүмүүстэй нэгдсэн ойлголтод хүрэх гэж яваад л байна. 100 хүн над шиг хараад, над шиг итгэл үнэмшилтэй болчихвол энэ зуугаа 10 мянга, 100 мянга болгохын төлөө зүтгэнэ. 2020 онд Ерөнхий сайд болох хүн бидэн шиг итгэл үнэмшилтэй бол бүр сайн үр дүн гарна. Тэр үед боловсролын реформ хийх бүрэн бэлтгэлтэй байх юмсан.

-Цээжлэлтэд суурилсан боловсролын системийг халаад сэтгэл зүйд суурилсан боловсролын системтэй болъё гэсэн санааг чинь хэд хэдэн удаа сонссон. Сүүлийн үед жудаггүй хөгшид олширлоо гэсэн шүүмжлэл сонсогдох болж. Боловсролын систем сэтгэл зүйд суурилаагүйтэй холбогдсон кейс мөн үү?

-Тэгж харж болно. Уг нь хувь хүний сэтгэл зүй нас ахих тусам гэгээрдэг, боловсордог. Боловсролыг бид буруу ойлгоод байдаг л даа. Дунд сургуулийг боловсрол гэж ойлгодог. Дунд сургууль бол боловсролын өчүүхэн хэсэг. 2040 онд монгол хүн дэлхийд хэн гэж танигдах юм бэ гэсэн асуултын хариу л боловсрол. Бид сүүлийн гучин жил өөрсдийгөө дэлгүүрээс хулгай хийдэг, гадаадад хар ажил хийдэг, гудамжинд нус цэрээ хаядаг, улстөрчид нь авлигач гэж дэлхийд тунхаглалаа. 1990 онд дэлхийд монгол хүний тухай ойлголт ийм байгаагүй. Социалист, хаалттай систем байсан учраас монгол хүн хэн бэ гэсэн ойлголт дэлхийд байгаагүй. Боловсролын реформ гэхээр дунд сургуулиуд дээр очоод хичээлийн хөтөлбөр гаргах гэсэн ойлголттой хүн олон байна. Тийм биш.

-Нуулгүй хэлэхэд би ч гэсэн ойлгож яваа хүмүүсийн нэг. Реформ хийхийн тулд яг ямар ажлууд хийх шаардлага байна вэ, нүсэр ажил өрнөх нь ээ?

-600 гаруй ажлыг нэг зэрэг хийнэ. Тэр ажлуудын нэг хэсэг нь гэхэд л та бид хоёрын сая хөндсөн монгол хүн дэлхийд хэн гэж танигдах вэ гэдэг асуултаас ургаж гарч ирнэ. Япон хүнийг цаг баримтлагч, герман хүнийг чанар, еврей хүнийг бизнесийн ур ухаан, англи хүнийг шинжлэх ухаан гэж дэлхий хардаг. Тэгвэл монгол хүн хэн юм бэ гээд асуухаар хэний ч санаанд шууд буух зураг нь эерэг байх учиртай. Монгол хүн бол гайхамшигтай хөдөлмөрч, стратегич, монгол хүн бол хүнлэг ч гэдэг юм уу. Үүнийг бид реформ хийхдээ тодорхойлж бий болгоно. Үүн дээр анзаарах нэг өнцөг бий. Бид байхгүй юмыг хайгаад байна л даа.

-Жишээ нь юуг?

-Чингисийн үед байгаад алга болчихсон юмыг хайгаад байна. Коммунизмын үед монгол хүн бол мундаг гэсэн эерэг зураг бүтээхийн тулд төлөвшил бий болгохыг оролдсон тал бий.

-Хуучин нийгмийн үеийнх шиг сайн хүнийг бүтээнэ гээд хүмүүжил энэ тэр ярьж сурталдаад лав үр дүнд хүрэхгүй байх, тийм үү?

-Санал нэг байна. Бид монгол хүний эерэг дүрийг хүүхэд байхаас нь эхлээд бүтээнэ. Энэ цаг үед эцэг, эхчүүд хүүхдээ бүтээж чадаж байна уу, эмээ өвөө нар зөв үлгэрлэж яваа юу гээд харахад олон өнгийн хариу гарна. Төлөвшлийн хувьд гээд харахад л хүн насан туршдаа боловсордог. Үүнийг л боловсрол гэнэ. Ахмад нь ахмад шиг, дунд насныхан нь дунд насныхан шиг байх ёстой. Өнөөдөр залуус нь ахмадуудынхаа туршлага мэдлэг ухааныг хүндлэхгүйгээр доромжилж, дунд насныхан нь залуу үеийнхээ толгой дээр нь гишгэж урам зоригийг нь мохоож, хөгшчүүл нь сонгуулийн үеэр мөнгө харж саналаа өгч байгаа бол эмгэнэл, үндэсний оюуны хоосрол. Тэгэхээр боловсролыг бүх шатанд анхаарахаас аргагүй. Сургуульд нь зөв боловсрол өглөө ч, хичээлээ тараад суусан такси нь бохир, жолооч нь ааштай байвал тэр хүүхэд боловсрохгүй. Гэтэл жолоочийн харилцааг таксины аппликэйшнээр шийдчихэж болно. Товчхондоо миний хувьд коммунизм байгуулах тухай яриагүй. Америк, Английн ардчиллыг л ярьж байгаа. Манайд ардчиллыг буруу ойлгосон учраас анархизм болчихоод байна. Ямар ч чиг, зорилгогүй, дуртай цагтаа нүүгээд явах гэж байгаа хүмүүсийн нэгдэл шиг байж болохгүй л дээ. Бидэнд төр гэж бий.

-Төр нь төр шиг биш болчихлоо гэсэн шүүмжлэл давтамжтай дуулддаг. Ийм үед доороо хэчнээн зөв зүйтэй юм ярьж, санаачлаад нэмэргүй юм биш үү?

-Төр дотор хувь хүмүүс орж ирээд суучихсанд л хамаг асуудал байгаа юм. Мэргэжилтэн тал нь давамгайлах ёстой болохоос хувь хүн нь давамгайлсан, хувь хүнийхээ эрх ашгаар явдаг хүн дарга хийгээд суухаар анархизм болоод байна л даа.

-Төрийн албан хаагчдын цалин бага болохоор авлига цэцэглэдэг гэх мэт шалтгаан бий. Энэ мэт суурь асуудлаа шийдэхгүйгээр та бид хоёрын яриад суугаа анархизм арилахгүй байх аа?

-Хувь хүний хэрэгцээг нь хангаад шийдчих асуудал гэж харж байна. Шүүгч, цагдаа, прокурор гээд бүгдийг нь хэнээс ч мөнгө харахааргүй болгох тийм ч хэцүү биш. Монголын ирээдүйг бэлдэж байгаа багш нар гэхэд л маш бага цалинтай. Эндээс Монголын төр засаг өнгөрсөн 30 жилийн турш ирээдүйгээ яаж анхаарсан бэ гэдэг нь тод харагдана. Ирээдүйг бэлдэж яваа хүмүүсийг хамгийн ядуу, хамгийн бага үнэлэмжтэй хүмүүс болгочихоод сууж байгаа нь өөрөө асуудал. Боловсролын реформоор бид багш гэдэг хүнийг нийгэмд байх ёстой өндөр байр сууринд нь аваачна. Эдийн засгийн агуулгаар ч тэр, философи утгаар нь ч тэр. Би багш нарын гэр бүлээс гаралтай. Хуучин нийгэмд багш гэдэг хамгийн өндөр цалинтай, эрхэм хүн байсан. Одоо энэ үнэлэмж өөрчлөгдсөн. Наад зах нь л хамгийн чадалтай оюутнууд нь банкир, бизнесмэн болох гэж тэмүүлдэг болчихсон. Багш болох гэж тэмүүлдэг нь тун цөөхөн дөө. Энэ хандлага бол бидний 30 жил хийсэн бүтээлийн үр дүн. Үүнийг өөрчлөхийг л реформ гээд байгаа юм. Дахиад хэлэхэд миний хийнэ гэж яриад яваа реформ бол маш өргөн хүрээтэй, нийгмийн бүх анги, давхарга, сонирхлын бүлэг рүү орно.

-Өмнө нь асуусан ч дахин тодруулмаар нэг асуулт байна. Боловсролын систем сэтгэл зүйд яагаад суурилах ёстой гэж, бид одоо ямар системээр явж байна вэ?

-Монголын өнөөгийн дунд, их сургуулийн систем бол 1850-иад оны үед Англид үүссэн цээжлэлтэд суурилсан систем. Коммунистууд Английн системийг хуулж аваад коммунист өнгө аяс оруулаад хөгжүүлсэн систем. Хүн төрөлхтөн 1970-аад оноос сэтгэл зүйд суурилсан боловсролын систем рүү шилжиж эхэлсэн. Америк, Англи, Финлянд, Сингапур сэтгэл зүй рүү суурилсан систем рүү шилжчихсэн. Энэ улс орнууд хүний боловсролын суурь хүчин зүйл нь сэтгэл зүй гэдгийг олж харсан. Гэтэл өнөөдөр монголчууд тоо их бодвол ухаантай болно гэж харж байна. Энэ бол коммунизмын үед хийсэн тархи угаалт. Шинжлэх ухаанч иргэд бэлтгэнэ гэсэн зорилготой боловсролын системтэй байсан учраас тэр үед тэгж харж байсан юм. Өнгөрсөн зуунд хийсэн тархи угаалт өнөөг хүртэл хүмүүсийн далд ухармсарт яваад байна л даа. Эцэг, эхчүүд хүүхдээ тоогоор нүдвэл ухаантай болно гэж бодож байна. Энэ ойлголт худлаа гэдгийг дэлхий даяар өчнөөн олон зуун сэтгэл зүйн шинжлэх ухааны судалгаанууд хийгээд баталчихсан. Тоо сайн мэддэг хүн гэр бүлээ дажгүй авч явж, улс орондоо хувь нэмэр оруулдаг гэдэг нь батлагдаагүй. Харин сэтгэл зүйн боловсролтой хүн тэр тоог биеэ дааж байгаад ч хамаагүй сурчихдаг гэдгийг олон судалгааны үр дүнгээс харж болно. Өөрөөр хэлбэл, хүний сэтгэн бодох чадвар, сэтгэл зүйн төлөвт суурилсан систем чухал гэдэг нь батлагдсан. Манайхан “Санаа зөв бол заяа зөв, зөв төлөвшил хандлага чухал, шударга хүнийг л ажилд авмаар байна” гэж ярьдаг даа. Энэ бүхнийг нэгтгэвэл ерөөсөө л сэтгэл зүйд суурилсан боловсролын систем. Хүнийг бид дайчин болгож хүмүүжүүлэх учиртай. Тоочин болгож хүмүүжүүлэх нь бидний хорь дахь зорилт.

-Тэгэхээр таны яриад байгаа системийг энгийнээр багцаалдвал ерөөсөө л зөв хүмүүсийг бэлдэх юм байна гэж ойлголоо…?

-Тэгж ойлгож болно. Хүнлэг, багаар ажиллаж чаддаг, зорилгынхоо төлөө цуцашгүй тэмцдэг, улс орноо хайрладаг, гэр бүл, дүү нараа авч явж чаддаг, муу зуршлуудаа хаяж, зөв зуршлуудыг бий болгодог, сэтгэл хөдлөлөө хянах чадвартай хүмүүсийг бэлтгэнэ. Энэ систем дээр нэмэх нь тоо, уран зохиол, хими гээд бүгдийг заана. Энэ хичээлүүдээ заахдаа л саяны чадваруудыг олгоод явна. Өнөөдөр Улаанбаатарт байгаа Бритиш сургууль долоон настай хүүхдээр “Чингис хаан гэж хэн бэ” гэдэг эссэг долоон хоногийн хугацаа өгөөд бичүүлж байна. Гэтэл улсын сургуульд долоон настай хүүхдээр үржүүлэхийн хүрд цээжлүүлж байгаа. Ameri­can school-ийн уран зохиолын хичээл дээр Америкийн уран зохиолчийн бүтээлийн цаад агуулга, философийг бичүүлж байхад манай улсын сургуулийн сурагчид шүлэг цээжилж уран яруу уншаад дүн авч яваа нь нуух хаах бодитой үнэн. Монголд ажилладаг хувийн сургуулиуд барууны системийг бидний хажууд авчраад ямар ч байсан туршилт хийж хичээллэж байна. Тэгэхээр эхлээд америк, бритиш, япон сургуулиа судалъя. Дундаас нь монгол хүнд тохирох хамгийн сайн хөтөлбөрийг гаргаж ирээд дунд сургуулиуддаа нэвтрүүлье. Энэ л реформ.

-Манай өнөөдрийн цээжлэлтэд суурилсан боловсролын системийн нийгэмд үзүүлж байгаа хамгийн эмзэглэмээр нөлөөлөл гэвэл та юуг онцлох вэ?

-Харвардын эрдэмтдийн сэтгэл зүйн чиглэлээр хийсэн нэг судалгаа бий. Хүүхдүүдийг нэгдүгээр ангид сурах гээд ороод ирэхэд нь л багш өөрийн мэдэлгүй далд ухамсартаа гурав ангилчихдаг гэнэ. Амархан, дундаж хэцүү гээд. Амархан хүүхэд гэдэг нь хурдтай сурдаг, ой тогтоолт сайтай, багшийн хэлсэн үүрэг даалгаврыг биелүүлдэг хэсэг. Дундаж хүүхэд гэдэг нь ойлгоц удаан, тэгсгээд явдаг, бидний хэлж заншсанаар бол “алтан гурав”-ууд. Хэцүү нь хөдөлгөөнтэй, үгэнд ордоггүй, юм ойлгож сурахдаа төвөгтэй нөхөд. Гучин хүүхэдтэй ажиллаж байгаа багш ингээд хүссэн хүсээгүй аравхан хүүхэдтэйгээ ажиллаад явчихдагийг эрдэмтэд судлаад тогтоочихож. Манайд жилд 500 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсдэг гэж багцаалдъя. Товчхондоо бид дөнгөж нэгдүгээр ангид нь 500 мянган хүүхдийнхээ 200 гаруй мянгыг нь шууд жагсаалаас гаргачихдаг байх нь. Миний яриад байгаа систем бол 500 мянган хүүхдээс нэгийг нь ч хаяхгүй систем. Харвардын судалгаа хийсэн эрдэмтэд “Яагаад нэгдүгээр ангид хөл тавьсан хүүхдүүдийн гуравны хоёрыг нийгмийн хариуцлагагүй, идэвхгүй, бүтээмжгүй бүлэг рүү шидэж, яагаад муу хүүхэд гээд ангилчихаж байгаа юм бэ” гэсэн асуултыг тавиад үргэлжлүүлээд судалж л дээ. “Өнөө гуравны хоёр үнэхээр тийм муу байна уу” гээд судлаад үзтэл “Хэн нь ч муу биш. Ердөө сэтгэн бодох ажиллагаа нь өөр хүүхдүүд” гэсэн хариу гарч. Манай өнөөдрийн боловсролын систем ангид суусан, багш ярьдаг систем. Энэ системийг хүлээж авдаг сэтгэл зүй, сайн хүлээж авдаггүй сэтгэл зүй байна гэнэ. Түүнээс биш хүүхэд нь тэнэг гэсэн асуудал байхгүйг тогтоож.

-Хүүхдүүд сэтгэл зүйн талаасаа яг ямар ялгаатай байдаг юм бол. Сэтгэл зүйн ялгаатай хүүхдүүдэд онцлогт нь тохируулж хичээл заавал үр дүн зуун хувь байх нь, тийм үү?

-Тийм. Хүн сэтгэл зүйн дөрвөөс таван хэв шинжид хуваагддаг. Эдгээр хэв шинжийн аль нь ч буруу биш. Жишээ нь нухацтай боддог, аливааг уг углуургаар нь ойлгодог хүн байна. Тэр хүнд үржүүлэхийн хүрд цээжлэхийг заагаад нэмэргүй. Учир нь тэр хүн шүтэлцээ, уялдаа холбоог нь ойлгох хүсэлтэй. Цээжлэх нь сонирхолгүй. Энэ хүн агуу стратегич байж мэдэх хүн. Гэтэл бид үржүүлэхийн хүрдээ цээжлээгүй гээд муу тавиад гаргачихдаг. Долоон настай бяцхан зүрхийг “Чи муу хүн” гээд баалчихаж байгаа юм. Ингээд долоохон настайд нь сэтгэл зүйн яргалал үйлдээд хаячихдаг. Долоон настай хүүхдэд “Чи муу хүн” гээд хэлчихвэл “Үгүй” гэж эсэргүүцэхгүй. Эхлээд гайхна. Хэсэг хугацааны дараа “муу” гэдэгтэйгээ эвлэрдэг. Тэгээд ес, аравтайдаа “Би муу, тэнэг хүн юм байна” гээд тархиндаа кодолчихдог. Үүнийг сэтгэл зүйн ухаанд судлаад “сурмал цөхрөл” гээд тодорхойлчихсон.

-Сурмал цөхрөлтэй болчихсон хүүхэд эргээд сайжрах уу, нийгмийн идэвхтэй хэсэг рүү орж чадах болов уу?

-Нэгэнт сурмал цөхрөлтэй болчихвол бүх зүйл дуусна. Монгол Улс нэг мундаг стратегичээ ингээд алдчихдаг. Түрүүн ярьсан сэтгэл зүйн дөрөв, таван хэв шинжээс багшийн хэлснийг хурдтай тогтоодог, нухацтай боддоггүй хүмүүс нь тоогдоод яваад байдаг. Өнөөдүүл нь ажил дээр гараад ирэхээрээ юу ч чаддаггүй. Наад зах нь шийдвэр гаргаж мэддэггүй.

-Яагаад?

-Багш нь байхгүй болчихоор тэр. Зүй нь тэр хүн маш сайн ажилтан байхгүй юу. Удирдагч хүн гэдэг өөр. Асуудаг, багшийгаа үгүйсгэдэг, яагаад гэж лавладаг. Багш суурьтай боловсролын систем ийм хүмүүсийг байхгүй болгочихдог. Хүмүүсийг дагуулах гэж байгаа ирээдүйн лидер асуудаг л хүн байна. Яагаад ийм байх ёстой юм гэж эргэлзэж асууж байж хүмүүсийг араасаа дагуулна. Тэрнээс биш өгсөн үүрэг даалгаврыг робот шиг биелүүлдэг хүн удирдагч болж чадахгүй. Би аль нэгийг нь зөв, буруу гээгүй. Зүгээр л өөр хүмүүс гэдэг утгаар нь ярьж байгаа юм. Сэтгэл зүйн таван хэв шинжтэй хүүхдүүдийг нэг багшид даатгаад “За чи гурван сарын дотор тоо заа” гэдэг бол дэндүү шударга бус. Таван өөр төрлийн хүнд яаж таван янзаар заах билээ. Нэг л янзаараа заагаад явахаас аргагүй.

-Тэгвэл сэтгэл зүйн таван өөр хэв шинжтэй хүүхдэд нэг хичээлийг таван янзаар заах ямар гарц шийдэл байна?

-Сургалтын материалыг бүгдийг нь дижитал руу оруулаад хүүхэд бүрийн хэв шинжид тохирсон маягийн арга барилаар хичээл заах боломжтой. Дижитал бол боловсролын реформын нэг хэсэг. Хурдтай сэтгэдэг хоёрдугаар ангийн сурагч дөрөвдүгээр ангийн бодлого бодоод сууж болно. Нухацтай нь нэгдүгээр ангийнхаа тоон дээр сууж байг л дээ. Гэхдээ үр дүнд нь хоёулаа юм сурна. Яг одоогийн системээр бол хурдтай хүүхдийг нухацтай хүүхэдтэй нь зэрэгцүүлчихээр нухацтай нь тэнэг болчихоод байгаа юм. Хүүхэд хичээлээ ойлгохгүй болонгуутаа хүлээн зөвшөөрөгдөхийн тулд сахилгагүйтдэг. Сургах арга барил тэр хүүхдийг ингээд сургуульд дургүй болгочихдог. Энэ хүүхдийг сэтгэл зүйд суурилсан боловсролын системээр аврах боломжтой.

-Таван өөр янзын сэтгэл зүйд зориулаад таван янзын дижитал боловсролын контентыг бий болгоно гэсэн үг үү?

-Тэгнэ. Ингэвэл багш бүх хүүхэдтэй ажиллах боломжтой болно. Багшийн ажил арай хөнгөхөн, үр бүтээлтэй, аз жаргалтай болно. Хүүхэд бүртэй тулж ажиллахыг дижитал боловсролын системээр хийчихэж байгаа юм. Эцэг, эх хүүхдийнхээ сургалтыг явцыг аппликэйшнээр хянаад явчихна. Социалист нийгэмд төр засаг “Одооноос эхлээд хүүхдэдээ битгий санаа зов, төр хариуцна, зүгээр л хамтрал нэгдэл, улсын үйлдвэрийнхээ ажлыг хий” гэчихсэн. Тухайн үедээ зөв арга байсан бол одоо тийм биш. Гэтэл өнөөдөр аав, ээжүүд яг тэр үеийнхээрээ хүүхдээ сургуульд өгсөн л бол болоо гэж бодож байна. Тархи угаалт гэж ийм хүчтэй. Хүүхдийг нь сургаж байгаа боловсролын систем еврей, хятад, японы боловсролын системтэй харьцуулахад ямар хол хоцорсныг төсөөлөх ч үгүй, сонирхох ч үгүй явж байгаа. Боловсролын реформоор эцэг, эхчүүдийг хүүхэдтэйгээ тулж ажилладаг болгоно. Эцэг, эхийн үүрэг зорилгыг ухамсарлуулж, ойлгуулж, танин мэдүүлнэ. Хоёр, тав арван настай хүүхэдтэй яаж харилцаж, хүмүүжүүлэх, дурлал хайрын асуудалтай тулгарахад ямар зөвлөгөө дэм өгөх гээд сэтгэл зүйн бүх зэвсэглэл, технологиор эцэг эхчүүдийг хангаж өгнө.

-Ийм реформ дэлхийд өмнө нь хийгдэж байсан уу?

-Хийгдэж байгаагүй. Бусад улсын хувьд шинэчлэл хийгдэж байгаа. Америк, Англид маш алгуур, 200 жилийн турш хийгдэж яваа. Шинэчлэл гээд байгаагийн цаад утга нь энэ. Өөрөөр хэлбэл, угаасаа сайн системийг бага багаар сайжруулж явахыг шинэчлэл гэдэг. Дампуурсан системийг найман жилийн дотор дэлхийн түвшинд авчрах нь реформ.

-Таны яриад байгаа реформ наймхан жилийн дотор хийгдчих эд үү?

-Тэгнэ.

-Төдийгөөс өдий хүртэл засаг төрийн хэмжээнд анхаарч хараад шийдчихэж болоогүйн цаад шалтгаан нь юу юм бол?

-Үе үеийн төр засгийн лидерүүд энэ реформоос айж ирсэн. 2020 оноос лидерүүд маань үндэсний их зөвшилцөлд хүрээд хийчих байх аа. Юуны өмнө шинэ засаг гарахаараа л өмнөх засгийнхнаа барьж шоронд хорьж хийдэг муухай үлгэрлэлээ хаях хэрэгтэй. Шинээр дарга болвол өмнөхийнхөө бөгсийг ухах ёстой гэсэн сэтгэлгээнээсээ салмаар байгаа юм. Харамсалтай нь өнөөдөр бөгс ухалт соёл болох гээд байна л даа. Компанийн гүйцэтгэх захирал, төрийн дарга болохоороо хийдэг эхний ажил өмнөхийнхөө бөгсийг ухах, эрүү үүсгэж цагдаад өгөх болох гээд байгаа нь хатуухан хэлэхэд эмгэнэл. Бидний өмнө байгаа ажил бол боловсролын реформ. Түүнээс биш бидний ард үлдсэн өмнөх дарга биш. Мэдээж буруу зөрүү юм хийснийг нь өршөөж болохгүй. Хулгайлж, ууж, идсэн нь үнэн бол шийтгээд, шийдээд явах ёстой. Улстөрчийн байр суурь, хүрсэн өндөрлөгийг нь харвал туршлагаа хуваалцаж, зөвлөгөө өгөөд сууж байх ёстой нь тав, долоо, найман жилээр сэжигтэн, яллагдагч болчихдог жишиг газар авчихлаа л даа. Одоо байгаа дарга нартай уулзаад санаа, шийдэл ярья гэхээр өмнөх үеэ намнаад завгүй яваа юм шиг зураг харагдаад байгаа.

-Боловсролын реформ ярьсных нэг асуултыг үлдээж боломгүй байна. Сургуулийн сурагчдын дунд зохиодог олимпиадын тухайд та юу хэлэх вэ. Тооны олимпиадад түрүүлсэн нь сургуулийн од болоод бусад нь дарагдаад яваа анзаарагддаг. Таны яриад байгаа боловсролын реформ хийгдвэл олимпиад, элдэв уралдааны агуулга, хандлага бас дагаад өөрчлөгдөх байх..?

-Түрүүн онцолсон сэтгэл зүйн тав, зургаан хэв шинжид тохирсон таван өөр янзын уралдаан байх ёстой. Түргэн боддог сэтгэдэг нь хурдан бодолтоороо өрсөлдөг. Нухацтай удаан боддог нь сургуулийнхаа сайн сайхны төлөө нухаж бичсэн эссэгээрээ уралдаг. Тусч чанар, хүнлэг сэтгэлээрээ тодрог. Өнөөдрийн хувьд таны хэлсэн шиг математикийг томьёо сайн мэддэг, хурдан боддог хүүхэд түрүүлээд сургуулийн бахархал болоод явдаг. Гэтэл нохойны амь аварсан, мод тарьсан, усанд живж байсан хүүхдийг аварсан сурагч яагаад сургуулийн од болохгүй байгаа юм бэ гэдэг бодох л асуудал. Бид өнөөдөр тоочдыг бэлдэх гээд байгаа юм уу, улс орны лидер, хариуцлагатай иргэдийг бэлдэх гээд байгаа юм уу гэсэн асуултыг өөрсдөдөө тавих хэрэгтэй л дээ. Улс даяар тооны нэг аварга байна биз, тэр бидэнд тийм сонин биш. Миний хувьд улс даяараа, гурван саяулаа чаддаг чаддаг зүйлээрээ аварга байгаасай гэж хүсч байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *