Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Одбаярыг Монголд ирэх эсэхийг Солонгосын прокурор шийднэ

-ТЭРЭЭР 1-5 САЯ ВОНЫН ТОРГУУЛЬ ТӨЛӨӨД НУТАГ БУЦНА-

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр нар Солонгосын авиа компанийн нислэгийн үеэр үйлчлэгч бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэх дуулиан дэгдээд 11 хонож байна. Олон улсын Цэцийн гишүүдийн хуралтай холбогдуулан БНСУ-ын Инчеоны Цагдаагийн газрын шалгалт албан ёсоор энэ сарын 6-наас эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Д.Одбаяр олон улсын хурлаа дуусган Солонгост буцаж очиж мэдүүлэг өгч эхэлсэн юм.

Тэрээр “Би согтуу байсан учраас болсон явдлыг санахгүй” байна гэх утгатай мэдүүлэг өгсөн тухай бид өмнөх дугаартаа онцолсон. Түүнээс гадна анхны мэдүүлгийн үеэр орчуулга хийж байсан KAL-ын монгол ажилтныг заналхийлснээ хоёр дахь удаагийн мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрснийг Солонгосын хэвлэлүүдэд бичжээ. Харин тэрхүү заналхийлэлд өртсөн монгол орчуулагч Цэцийн даргыг шийтгүүлэхийг хүсэхгүй байгаагаа уламжилсан байна.

Д.Одбаярын холбогдсон хэргийг Инчеоны цагдаагийн газраас шалгаж дуусаад Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд Олон улсын цагдаагийн газарт шилжүүлжээ. Ингэхдээ Д.Одбаярыг гадаад улсын иргэн, урд нь Монгол Улсад гэмт хэрэгт холбогдож, ял эдэлж байгаагүй зэргийг харгалзаж үзсэн гэжээ. Ингэснээр торгуулийн арга хэмжээ авагдах боломжтой гэж үзэж байгаа аж. Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн тохиолдолд 10 сая хүртэлх вонын торгуультай байхаар заажээ.

Тэгвэл Цэцийн даргыг дээрх торгуулиа төлөөд өнгөрсөн баасан гаригт Монголд ирсэн тухай зарим хэвлэл мэдээлсэн юм. Гэвч үүнийг Гадаад харилцааны яам болон Үндсэн хуулийн цэцээс тодруулахад “Мэдэхгүй” гэсэн хариултыг өгч байв. Мөн БНСУ-д Д.Одбаярыг сулласан, Монгол руу буцсан талаарх албан ёсоор хууль хүчнийхэн болон хэвлэлүүд мэдээлээгүй байна. Нөгөө талаар уг хэрэг албан ёсоор эцэслэн шийдэгдээгүй байгааг онцлох ёстой. “Д.Одбаяр Монголд ирээгүй. Түүнийг хилээр гаргах эсэхийг прокурор шийднэ. Одоогоор прокурорын шийдвэр гараагүй байна” хэмээн эх сурвалж онцолсон юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын авиа компанийн үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээллийг анх тус улсын цагдаа болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд албан ёсоор мэдээлж, өнгөрсөн 11 хоногийн хугацаанд тасралтгүй энэ талаарх шинэ мэдээллүүдийг ар араасаа дэлгэж байв. Анх Д.Одбаяр нар нислэгийн явцад үйлчлэгч бүсгүйн биеийн хориотой хэсэгт хүрч бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан гэсэн анхны шуугиан дэгдсэн бол үргэлжлүүлэн Д.Одбаяр нар согтуу байсан, дипломат дархан эрхээр далимдуулан хэргээс зугтсан, монгол орчуулагчийг дарамталсан зэргээр үргэлжилсэн юм.

Тэгвэл зарим хэвлэл, олон нийтийн сүлжээнд гарч буй мэдээллээр Д.Одбаярыг бусдыг заналхийлсэн, айлган сүрдүүлсэн буюу нислэгийн аюулгүй байдлыг зөрчсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэхээр төлөвлөсөн гэгдэж буй. Гэвч одоогоор уг хэрэг Солонгост хэрхэн үргэлжилж байгаа албан ёсны мэдээлэл олон нийтэд ил болоогүй байна. Хамгийн сүүлийн мэдээллээр бол Д.Одбаярт торгуулийн арга хэмжээ авах боломжтой гэдгийг онцолжээ.

Уг хэрэгт холбогдсон өөр нэг иргэн бол Монгол Улсын харьяат 42 настай А гэдгийг БНСУ-ын Инчеоны нисэх буудлын Цагдаагийн газраас зарласан байдаг. Түүнийг хэрэг гардаг өдөр мэдүүлэг өгөхгүйгээр Сингапур руу ниссэн. Тиймээс Солонгос дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан албадан ирүүлэхийг мэдэгдэж байв. Тун удалгүй А-г олон улсын Инторполоор эрэн сурвалжлахаар болсон гэсэн юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн А гэх иргэний нэрийг Солонгосын тал андуурсан, өөр нэртэй хүн байгаа гэж байгаа юм.

Дугаар шилжих мөчид Д.Одбаярт “Цагдаагаас ирүүлсэн хэргийн материал дээр суурилж, шүүх хурал хийхгүйгээр торгуулийн арга хэмжээ авч 1-5 орчим сая вонын торгууль төлөөд нутаг буцах төлөвтэй байна” гэсэн мэдээлэл ирэв.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *