Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хаалтын ажиллагаа боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд амжилттай хэрэгжүүлж, хаалтын ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

Хошууч генерал Т.Бадрал хэлсэн үгэндээ, “Төслийг хэрэгжүүлэхэд байгууллага, хоорондын уялдаа, холбоог сайжруулах, төслийн үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах үүднээс Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, төсөл хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудаас бүрдсэн Хамтарсан зохицуулах хороо, төслийн хэрэгжилтийг хангаж ажиллах 3 үндсэн хэсгийн 10 дэд ажлын хэсгийг байгуулж, Японы талаас 18 мэргэжилтэн, Монголын талаас 6 байгууллагын 47 ажилтан, албан хаагч хамтран ажилласан байна. Мөн төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, газар орон дээр танилцах, туршлага судлах, мэдлэг, ойлголт өгөх зорилгоор Япон Улсад 4 удаагийн сургалт зохион байгуулж, 44 хүн, 10 дэд ажлын хэсгээс Онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах алба, төрийн захиргааны байгууллага, боловсролын байгууллагын ажилтан албан хаагчдад нийт 35 удаагийн сургалт зохион байгуулж, 1065 хүнийг хамрууллаа. Энэхүү төслийг хэрэгжүүлэх явцад ажлын хэсгийн гишүүд та бүхний мэдлэг, чадвар, туршлага нэмэгдэхийн зэрэгцээ төслийн үр дүнг цаашид өөрийн салбартаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх итгэл, сэтгэл дүүрэн байгаа гэдэгт итгэж байна” хэмээн онцолсон юм.

Харин Хидэаки Мацүмото “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг гурван жилийн хугацаанд хамтран хэрэгжүүллээ. Энэ хугацаанд Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үндэс суурийг тавьж, цаашдын хөгжилд нь ихээхэн хувь нэмэр оруулсан болов уу гэж бодож байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн болон төрийн захиргаанаас гамшгаас хамгаалах төлөвлөгөө, газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээний аргачлал, гамшгийн мэдээллийн систем, гамшгаас хамгаалах боловсрол сургалт, Нийслэлийн иргэдийн гамшгийн сургалт, аргазүйн төвийн сургалтын материал зэрэг Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг цаашид хөгжүүлэх арга хэрэгслүүдийг уг төслөөр боловсруулсан зэргийг онцлон дурдмаар байна” гэлээ.

Төслийн хүрээнд гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг үнэлэх, гамшгийн үед байгууллага хоорондын хамтын ажиллагаа, үүрэг, оролцоог хангах, мэдээллийн санг бүрдүүлэх чиглэлээр 8 заавар, дүрэм журам боловсруулж, 11 байгууллагатай санамж бичгийг байгуулсан байна. Мөн Монгол Улс анх удаа гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг Монгол-Англи хэл дээр гаргаж олны хүртээл болгосон.


Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, интернетэд суурилсан гамшгийн орон зайн мэдээллийн системийг байгуулж, гамшгийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлсэн.

Барилга болон дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний газар хөдлөлт тэсвэрлэлийн үнэлэх, барилгыг хүчитгэх аргачлал, дүрмийг боловсруулж батлуулж, өрөгт болон цутгамал төмөр бетон, угсармал барилгыг хүчитгэлийн зураг төслийг боловсруулсан юм.

Мөн хүүхэд багачуудад гамшгаас хамгаалах боловсрол олгох зорилгоор “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөр боловсруулж батлуулан сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох сургалтын хөтөлбөрт оруулж, 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөж эхлээд байна.

Түүнчлэн Олон нийтийн гамшгаас хамгаалах боловсролын дээшлүүлэх “Бэлэн бай” сургалтын багц, “Хэн, хэзээ ч, хаана, бэлэн” буухай тэмцээний гарын авлагыг боловсрууллаа. Мөн гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны багийг байгуулж, гамшгаас хамгаалах сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулсан юм.

Төслийн хүрээнд барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийг хэмжих 5 нэр төрлийн 5 багц багаж, тоног төхөөрөмж, газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрэх тоног төхөөрөмжийг Монгол Улсад нийлүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл” хэрэгжинэ

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Уг төслийн хамтарсан зохицуулах хорооны зургадугаар хуралдаан өнөөдөр ОБЕГ-т болж байна.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, “Жайка” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Эрико Тамүра нарын албаны хүмүүс оролцлоо.

Хурлын үеэр төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй ажлын хэсгүүд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулах юм.

Уг төслийн хүрээнд Нийслэлийн Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд суурилуулах газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх төхөөрөмж, барилгын газар хөдлөлтийн тэсвэржилтийг үнэлэх багажийг нийлүүлэхээр тусгагдсан. Өнөөдрийн хуралдаанаар дээрх тоног төхөөрөмжийг суурилуулах хуваарь, Нийслэл болон Завхан аймагт олон нийтийн гамшгаас хамгаалах боловсролын сургалт явагдсан хороо, сумдын талаар хэлэлцэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *