Увс нуурын хотгор хил дамнасан дархан газрын Монгол-ОХУ-ын хамтарсан комиссын хуралдаан Увс аймгийн Улаангом хотноо боллоо.
Хуралдаанаар Увс нуурын хотгорын хил дамнасан дархан газрыг бүхэлд нь “Дэлхийн хүн ба шим мандлын хөтөлбөр”-т бүртгүүлэх талаар ярилцлаа. Ингэхийн тулд тус дархан газарт судалгаа шинжилгээг нэгдсэн арга зүйгээр явуулах, хяналт шалгалтыг сайжруулахаар тогтов. Мөн цаашид хил дамнасан тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалыг хөгжүүлэх, маршрут батлах талаар хэлэлцсэн байна.
Увс нуурын хотгорын хил дамнасан дархан газар байгуулах тухай хоёр орны Засгийн газар хоорондын 2011 оны тавдугаар сарын 31-ний хуралдаанаар шийдвэрлэсэн хэлэлцээрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг зохицуулах, түүний биелэлттэй холбоотой ажлыг шийдвэрлэх үүрэг бүхий Монгол-Оросын хамтарсан Холимог комиссын хуралдааныг хоёр тал жил бүр амжилттай зохион байгуулж байна.
Энэ удаагийн 6 дахь хамтарсан хуралдаан Монголын талаас зохион байгуулсан бөгөөд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Э.Сансарбаяр, Увс нуурын хотгорын хил дамнасан дархан газрын хамтарсан комиссын ОХУ-ын талын дарга Д.К.Балбан-Оол, ОХУ-ын ШУА-ийн Увс нуур судлалын төвийн дарга, профессор С.С.Курбатская, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Мөнхчулуун, ШУА-ийн Газарзүй-Геологийн хүрээлэнгийн салбарын дарга, доктор Б.Оюунгэрэл, Увс нуур болон Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын захиргаадын удирдлага оролцлоо.
Хуралдаанаас мөн Увс нуурын хотгорын хил дамнасан дархан газруудын хамтарсан менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2019-2020 онд хэрэгжүүлэх үндсэн арга хэмжээний хөтөлбөр, хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.