Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сүнжид: Шинэ Үндсэн хуулиар аймаг, нийслэлд бус сум, дүүрэгт татварын эрхийг өгөхөөр тусгасан

Үндсэн хуулийн төсөлд Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт бий. Яг ямар өөрчлөлтүүд төсөлд тусгагдсан талаар хуульч Д.Сүнжидтэй ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд багийн Засаг даргыг хэрхэн сонгохоор тусгаж байгаа вэ?

-Одоогийн процесс нь Иргэдийн хурлаас санал болгоод дээд шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн тухайд Ерөнхий сайд нь томилдог. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга нь шууд томилохоор тусгагдсан.

-Тэгвэл сум, дүүргийн Засаг даргыг хэрхэн сонгох вэ?

-Сум, дүүргийн Засаг даргыг иргэд нь өөрсдөө сонгоно. Иргэдийн хувьд орон нутгийн хэмжээнд нэг л сонгууль өгнө. Тэр нь сумынхаа Засаг даргыг бас Иргэдийн хурлын төлөөлөгчөө сонгох юм байна. Харин аймаг, нийслэл дээр өнөөдөр үйлчилж байгаа систем хэрэгжинэ. Иргэдийн хурлаасаа санал болгоод Ерөнхий сайд нь томилохоор байгаа.

-Өмнөх тогтолцоонд ямар алдаа, мадаг байна гэж үзсэн бэ. Яагаад ингэж өөрчлөхөөр болов?

-Илүү тогтвортой, хөлөө олчихсон намуудаас Иргэдийн хуралд төлөөлөгчөөр нэр дэвшдэг. Тиймдээ ч Засаг даргыг томилох үйл явцад улстөржилт ихээхэн өрнөдөг. Манай нутаг ус, сум, дүүргийн эрх ашиг гэж харахаасаа илүүтэйгээр улс төрийн талбар болгочихдог. Угтаа бол Үндсэн хуульд нутгийн иргэдийн эрх ашгийг та бүхэн нийлж илэрхийлэх, төлөөлөх, хамгаалах ёстой гэдэг үүднээс зохицуулалт хийсэн байдаг юм. Гэхдээ бодит байдал дээр дүүргийн гэхээс илүү тэнд төлөөлж байгаа намын асуудал хурцаар тавигдаад байдаг. Түүний жишээг ч бид Баянзүрх дүүргийн өнөөдрийн хүртэл Засаг даргагүй байгаа байдлаас харж болно. Мөн Дорнод, Сүхбаатар зэрэг аймгуудад ч ийм үйл явдал болж л байсан. Энэ байдалд иргэд хамгийн ихээр хохирдог. Үүнийг шийдэх гарц гаргалгааг л яриад байгаа юм.

-Нутгийн удирдлагын тогтолцоог ингэж өөрчилснөөр улстөржилт улам нэмэгдэнэ гэх байр суурьтай хүмүүс ч байна. Сөрөг тал нь юу вэ?

– Иргэд Засаг дарга, Иргэдийн хурлаа сонгоно. Улмаар тэдний төлөөллөөс аймаг, нийслэлийн иргэдийн хурал бүрдэнэ. Энэ нь улстөржилтийг шууд багасгана. Сайн талыг нь дурдах юм бол ийм байгаа. Учир нь төлөөлөгч орон нутаг, сумаа төлөөлөөд л сууна. Тэнд нам, эвсэл хамаагүй болж, орон нутгийнхаа нийтлэг эрх ашгийнхаа төлөө дуугарна гэсэн үг. Ямар ч зүйл төгс байдаггүй юм байна. Хүмүүс ярьж байгаачлан сөрөг тал байхыг үгүйсгэх аргагүй. Монгол Улсад нам төлөвшөөгүй, намын санхүүжилт нь ил тод биш байна. Намын төлөвшил муу байгаа нь төрийн институтыг хямралд хүргэж, асуудал үүсгэж байгаа. Гэхдээ ямар нэгэн бүтэц зохион байгуулалтыг бий болгож байж л Засаг дарга нь сонгогдож таарна. Хэн нэгэн ирээд Засаг дарга болъё гэхэд нутгийн иргэд шууд зөвшөөрөөд сонгохгүй нь лавтай. Мөрийн хөтөлбөр боловсруулна, иргэдэд танилцуулна. Ингээд бодохоор ямар нэг зохион байгуулалт хийх л ёстой. Нам хүссэн, эс хүссэн ч зохион байгуулалтын субьект байна.

Үүний зэрэгцээ мөнгөтэй холбоотой ашиг сонирхол зонхилох вий дээ гэх болгоомжлол байгаа. Эдийн засгийн бүлгүүд зохион байгуулалтад орж магадгүй. Хамаатан, садан олонтой нь ялахыг ч үгүйсгэхгүй. Энэ мэтчилэн бүхнийг тоочих юм бол бид өнөөдрийнхөө асуудлыг бүрэн шийдэж чадах уу гэдэгт шууд тийм гэдэг хариулт өгөхөд түвэгтэй байгаа.

-Аль нэг намын хүнийг иргэд сум, дүүргийн Засаг даргаар сонголоо гэхэд ИТХ-д өөр нэг намын төлөөлөгчид олонх болчихвол төрийн ажил гацах юм биш үү?

-Энэ маш чухал асуулт. Сумын болон дүүргийн түвшинд сонгогдсон Засаг дарга, ИТХ хоорондын ажиллах журам, харилцааг ердийн хуулиар тэнцвэрийг нь хангах байдлаар зохицуулж өгөх хэрэгтэй. Маш тодорхой нарийвчлан журамлах шаардлагатай болно.

-Сум, дүүргийн Засаг дарга нар иргэдээс сонгогдсон гэдэг дээрээ дулдуйдаж эрх мэдлээ урвуулан ашиглах нөхцөл байдал үүсэх үү?

-Сум, дүүргийн Засаг даргыг иргэдээс сонгочихлоо гэж бодъё. Гэтэл “Би иргэдээсээ мандат авсан хүн юм чинь” гээд бүрэн эрхийн хугацаандаа дураар шийдвэр гаргана гэсэн үг биш. Хуулиас давсан, зөрчсөн зүйл яриад, хийгээд байж болохгүй. Өнөөдөр ч ийм жишээ тохиолддог. Улсын хэмжээнд нэгдмэл бодлого эрхэлдэг яам, агентлаг нь зөвшөөрөл өгчихсөн байхад өнөөх сум, дүүргийн Засаг дарга “Сайд, агентлагийн даргын тушаал надад хамаагүй” гээд сууж байдаг. Үүнийгээ “Би иргэддээ амлалт өгсөн” гэж зөвтгөдөг юм. Тэгэхээр сум, дүүргээс сонгогдсон Засаг даргын хувьд ингэж ярих тун болзошгүй. Иймд салбар хуульд шалгуурыг маш тодорхой заах ёстой болж байгаа. Эрхийг нь нэгэнт нээчихэж байгаа тохиолдолд хяналтыг нь тавих нь зүйн хэрэг.

-Сум, дүүргийн Засаг даргыг иргэдээс сонгосон ч дээд шатны Засаг дарга нь томилно, огцруулна гэж заасан. Энэ нь хэр зөв шийдэл юм бэ?

-Хариуцлага алдаж, хууль биелүүлээгүй тохиолдолд дээд шатны Засаг дарга нь огцруулчихъя гэж байгаа юм. Сум, дүүргийн Засаг даргыг огцрууллаа гэхэд ахиад сонгууль явуулна гэж байхаар л дээд шатны Засаг даргад нь хариуцлага тооцох эрхийг нь өгчихвөл яасан юм бэ гэж байгаа хэрэг. Сум, дүүргийн Засаг даргыг иргэдийн мандаттай болгож байгаа юм бол яагаад дундаас нь дээд шатны Засаг даргад огцруулах, томилох эрхийг нь өгдөг юм бэ, энэ бол зөрчил мөн гэх шүүмжлэлийг хэлэх хүмүүс байгаа. Үүнд үндэслэл бий. Хэн нэгэн Засаг даргыг огцруулахаар иргэд олноороо саналаа нэгтгэж, зохион байгуулалтад орно гэдэг цаг, зохион байгуулалтын хувьд хүндрэлтэй байж магадгүй. Тийм учраас дээд шатны Засаг даргад нь энэ эрхийг өгчихье гэсэн санааг гаргасан хэрэг.

УИХ-ын гишүүд өөрсдөө хэлэлцэх, томьёоллоо батлах эрхтэй. Нутгийн удирдлагын туршлагатай, тэнд ажиллаж үзсэн, зовлон жаргалыг нь мэдэх олон хүмүүс байгаа юм билээ. Тиймээс томьёоллыг нь сайжруулаад явчих байх гэж бодож байна. Харин сайжруулахдаа тогтолцоо, зарчим гээч зүйлийг барихгүй бол үг, үсэг хөөцөлдөж явсаар юу ч биш болгочих эрсдэл байдгийг бас санах учиртай.

-Сум, дүүрэг бол Үндсэн нэгж юм гэж зааж өгчээ. Ингэснээр ямар өөрчлөлт гарах вэ?

-Сум, дүүрэг, аймаг, нийслэл дээр нийтлэг чиг үүрэг нь давхцахаар байдаг. Аймаг, сумын бүрэн эрхийг нь нийтлэг бүрэн эрх гэдгээр хуульд цуг заасан. Ихэнх ерөнхий чиг үүргийн хувьд аймаг, сум аль аль нь эрхтэй юм шиг болчихдог. Мөн чанар дээрээ аймаг төвлөрүүлэх талдаа уламжлалтай. 2018 оны Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн судалгаагаар тодорхойлсон энэ асуудлыг шийдвэрлэхээр сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн эрхийг тусад нь зааж өгч байгаа. Дүүргүүд 100-150 мянган хүн амтай байгаа. Гэтэл хамгийн их хүн амтай сум байсан ч тав, арван мянгаас хэтрэхгүй. Тиймээс ингэж холбоо үгээр нэрлэж, байнга зэрэгцүүлэхээ больё гэдэг зүйлийг судлаачид хэлж байгаа юм. Ингээд нэг талаасаа 1992 оны Үндсэн хуулийн эдийн засаг, нийгмийн цогцолбор байх зарчмыг тодруулж, нөгөө талаас чиг үүргийг оновчтой ялгаж зааглахын тулд иргэнд ойр сум, дүүргийг үндсэн нэгж гэж томьёолох нь ач холбогдолтой гэж үзэж байна. Ингэснээр аймаг, нийслэлд бус сум болон дүүрэгт өмчийн татварын эрхийг төвлөрүүлэх юм.

-Дураараа татвар тогтоох нөхцөлийг бий болгочихож байгаа хэрэг биш үү?

-Татварын асуудлыг тодруулахад дээр “зөвхөн хуулиар тогтоосон хүрээнд” гэдэг хязгаарлалттайгаар томьёолсон. Мэдээж хүрээ хязгааргүй байж таарахгүй. Социализмын үед хүүхэдгүйн татвар гэж байдаг байсан. Магадгүй энэ мэт татварыг зохиогоод аваад байхыг үгүйсгэхгүй. Тиймээс зөвхөн хуулиар л сум, дүүрэг ямар төрлийн татвар хураах боломжтойг тогтооно. Түгээмэл тархацтай ашигт малтмалаар татвар тогтоож болно гэдэг ч юм уу эрхийг нь өгөх юм. Магадгүй дээд хязгаарыг нь ч тогтоож өгч болно.

Ер нь бид 1992 оны Үндсэн хуулиас хойш маш их болгоомжилсон. Гэтэл эцсийн дүндээ бид урагшилж, ахиж, тулгамдсан асуудлаа даруй шийдээд хөгжиж чадаж байна уу, үүнийгээ бодох цаг болсон. Улсын төсөвт нэмэр болдог битгий хэл эдийн засгийн хувьд бие даасан, татаасгүй ажилладаг аймаг, сум хэдхэн байсаар ирсэн. Гэсэн хэрнээ бид хөгжмөөр байна гэж яриад байдаг. Ийм учраас болгоомжлохын сацуу боломжийг нь өгөх ёстой.

-Авсан татвараа хэрхэн зарцуулах вэ?

-Татварыг юунд зарцуулахыг иргэд заана. Жишээ нь, түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга, дайргад татвар тогтоолоо гэж бодоход олсон татвараа байгалийг нөхөн сэргээхэд зориулаарай гэх мэт. Мөн боловсролд тэдэн хувийг нь зарцуулах ёстой гэж нарийвчилж ч зааж болно. Энэ бол эргээд хяналт тавихад маш тодорхой боломжтой арга.

-Зарим аймгуудыг хот болгох боломжийг хуулиар нээж өгч байгаа. Үүний давуу тал нь юу байна вэ?

-Хотын эрх зүйн байдлын тухай хууль огт хэрэгжсэнгүй, энэ хуулийг амьдруулах нь зүйтэй гэдгийг судлаачид хэлж, дүгнэж байгаа. Хот тосгоноо хөгжүүлье гэж байгаа бол эхлээд хуулиа өөрчлөх шаардлагатай. Хүн амын тоогоор нь аваад үзсэн ч нэн тэргүүнд Эрдэнэт, Дархан хоёр улсын зэрэглэлтэй хот болох боломжтой юм. Энэ асуудал Үндсэн хуулийн төсөл яригдах болгонд орж ирж байсан. Гэхдээ хот гэдэг статусыг өгчихөөр л тухайн нутаг шууд хөгжөөд сайхан болчихгүй. Хот гэдэг нь хүн ам, эдийн засгийн нөөц, аж ахуй үйлчилгээ төвлөрсөн, Б.Чимид багшийн хэлснээр нэг төрлийн кропораци л юм. Иргэдээ хэвийн амьдруулах нь л хотын хариуцах асуудал байдаг. Ногоон байгууламж, гэрэл гэгээ, зогсоол, тайван амгалан орчинг бүрдүүлэх нь л хотын үүрэг. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улсын болон аймгийн зэрэглэлтэй хот нь хэвээрээ, үүнийхээ өөрийн удирдлага, зохион байгуулалтын үндсийг нь салбарын хуулиар тогтооно шүү гэдгийг тодруулсан. Тусдаа өөрийн удирдлагатай байгаагүй нь манай улсын тулгамдсан асуудал болоод байна. Одоо бол ихэнхдээ хотын юмуу тосгоны захирагч бөгөөд Засаг дарга гэж хамт явдаг. Угтаа бол захирагч, Засаг дарга нь тус тусдаа өөр хүмүүс байх ёстой. Хотын юмуу тосгоны захирагчийн үүрэг туйлын тодорхой. Ердөө л хотын хэвийн байдлыг хангахад анхаарлаа хандуулна. Зам талбай, гэрэлтүүлэг, бизнес, үйлчилгээ гэх мэт.

Харин засаг захиргааны нэгжийн хэмжээнд хүргэх төрийн үйлчилгээг тухайн шатны Засаг дарга хариуцаж байх учиртай юм. Энэ асуудлыг зохицуулах боломж олгоно. Хэрэв аймаг, сум эсвэл хот тосгоны хилийн цэс давхцаж байвал заавал тусдаа удирдлага байхгүй, нэгэнд нь шилжүүлэх асуудлыг салбарын хуулиар зохицуулах суурийг заасан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *