Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга шатрын спортын аварга тамирчдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга, Монголын Шатрын холбооны Хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар өнөөдөр /2019.05.08/ сурагчдын болон ахмадын дэлхийн аварга, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн, дэлхийд данстай тамирчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын эхэнд Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр хүрэлцэн ирсэн тамирчдын амжилтын талаар танилцуулав.

Турк улсад 2019 оны дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд болсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс сурагч Э.Энхрий, Х.Баясгалан, О.Өлзийхишигжаргал нар алтан медаль, Б.Ананд, Д.Мөнхзул, Н.Наран-Эрдэнэ нар мөнгөн медаль, Д.Сүхбат хүрэл медаль хүртжээ. 33 орны 392 тамирчин оролцсон тус тэмцээнд багийн дүнгээр Монгол Улсын сурагчид аваргалсан байна. Грек улсад 2019 оны дөрөвдүгээр сарын 12-20 ны өдрүүдэд болсон Ахмадын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангиллын тэргүүн байрыг 65+ насны эмэгтэй тамирчид, эрэгтэйчүүдийн ангиллын хоёрдугаар байрыг 50+ насны эрэгтэй тамирчид эзэлсэн байна. Эмэгтэйчүүдийн ангилалд эх орноо төлөөлж өрсөлдсөн спортын мастер С.Хандсүрэн, Д.Сэржмядаг, П.Бүжинлхам нар хүрэлцэн иржээ. Багийн ахлагч спортын мастер Б.Мягмарсүрэн хүндэтгэх шалтгааны улмаас ирж чадаагүйг дуулгав. Эдгээр ахмад тамирчид 2018 оны амжилтаа давтаж, хошой аварга болсон байна. Түүнчлэн, 2019 оны дөрөвдүгээр сарын 1-10-ны өдрүүдэд Шри Ланк улсад болсон Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Ц.Анударь, хүрэл медаль хүртсэн Л.Очирбат нар иржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *