Categories
мэдээ цаг-үе

Маяагийн түүхт Мексик нутгаар

Маяагийн эртний соёл иргэншлийн түүхт туурь, үр сад нь болох индианчуудын аж байдлыг үзэх олон жилийн хүсэл минь Гватемал улстай хил залгах, Мексикийн Чиапас мужийн төв болох Туксгла Гутиериз хот руу хөтөлсөн билээ.

МЭӨ 2000-МЭ 1500 онд маяачууд энэхүү нутагт суурьшин амьдарч байсан юм. Өдгөө Зокас, Мамес, Цоизил, Цэлтал гэх зэрэг 13 өөр овог төрлийн индианчуудын 34.41 хувь нь Чиапас мужаар тархан амьдардаг. Мехсикийн индианчууд уугуул нутгийнхаа үзэсгэлэнт өндөр сүрлэг уулс, өтгөн шигүү сэрүүн ойн гүнд бүлэг, бүлгээрээ суугуул амьдардаг учир явуулын бид байтугай, нутаг нэгтнүүд нь ч тэр бүр очоод байдаггүй юм билээ.

Чиапасын Туксгла Гутиериз хотод амьдардаг найз С.Наран маань, мехсик бүсгүй Мэрилүтэй хамтран “Цэлтал” хэмээх индианчуудын “дунд” орж, амьдралыг нь мэдрэх ховор аяллыг зохион байгуулж өгсөн юм. Цэлтал гэдэг үгийн утгыг махчлан орчуулбал “Ажиллаж буй эрчүүд” гэсэн утгатай. Эртний маяа үг. Чиапаст ирсэн оройныхоо маргааш нь эртлэн босч, холгүй зайтай Окосинго хэмээх газрыг зорьцгоов.

Жижигхэн биетэй, алаг нүдэн царайлаг Мэрилү хүүхэн хэдэн машин, хэсэг хүмүүсийн хамт замд тосон уулзав. Өндөр уулын энхэл донхол замаар өгсөх машинууд ар араасаа цуварч өтгөн ойн гүн рүү явсаар байлаа. Гүн рүү орох тусам нуруугаа үүрэн алхах ганц нэг өндөр настан, хүүхдээ тэвэрч хөтөлсөн бүсгүйчүүд хаа нэгхэн таарах нь нүдэнд содон. Индианчууд гайхал төрүүлэм улс. Зүг чигээ баримжаалахад бэрх, араатан амьтан элбэг ширэнгэн ойд ганц нэгээрээ явган явахдаа төөрнө гэж үгүй. Айж цочиж, ядарч цуцахыг хэзээнээсээ л мэддэггүй мэт.

Бид шургааган хайс, сараалжин хашаа үе үехэн нүднээ торох уулын бяцхан тосгоны Аилийн Гомез хэмээх үр хүүхдүүдтэйгээ цугаар амьдрах өнөр өтгөн айлд буулаа. Хямд төсөр мод банз хооронд нь залгаж барьсан хэдэн байрныхаа урдах шороон талбайг усалж байгаад цэмбийтэл шүүрдчихэж. Гэрийнх нь ойролцоох моддын сүүдэрт илжиг зүүрмэглэх мэт хэвтэж, гахай, тахиа хоол эргүүлэн гүйлдэнэ. Туранхай, номхон бололтой хоёр нохой үүдний довжоо хавиар эргэлдэнэ.

Гэрийнхээ хамгийн ахмад нь болох буурал үстэй, монхордуу том хамартай бор эмэгтэй биднийг угтлаа. Үсээ нямбайлан шодойтол сүлжсэн жаахан охид, нүүрээ угааж үсээ тослон самнасан хөвүүд бидний авчирсан чихэр, боов, бэлэг сэлтийг харж баярлан хөөрцгөөнө. Жаахан охидын зарим нь их л гоёсон бололтой, саатай гялгар жижиг цүнх мөрөвчилжээ. Томдсон шинэ шаахай нь гүйх тоолонд нь сугарч харагдана. Гэр гэрийнхээ үүд хаалгаар булталзаж, баярласан нүдээр биднийг цоо ширтэх хүүхдүүд энэ тосгоны онцолж хэлэх өхөөрдөм зураглалын нэг юм.

Тосгоны бүх эрчүүд үүрийн гэгээтэй уралдан эрдэнэшиш, шош буурцаг, хөвөн, халуун чинжүү, жимс, ногооны талбайд ажиллахаар явцгаана. Гэрийн ажлаа түүртэлгүй амжуулах, цэлтал овгийн намхан чийрэг биетэй, бор бүсгүйчүүд урт хар гэзгээ хоёр салаа сүлжээд, өөрсдийнхөө хатгасан улаан ногоон, цэнхэр шар цэцэгтэй цагаан цамц, уртавтар юбка өмсөцгөөнө.

Аилийн Гомез гэх энэ айлын садан төрлийн хүүхнүүд хоорондоо маяа хэлний ч’олан–цэлталан аялгаар ярьж, биднийг гарынхаа хоолоор дайлав аа. Гал тогооны саравчнаас уур утаан дотроос түмпэн шиг том аяга дүүрэн тахианы мөч, бутартал чанасан чихэрт төмстэй, амт сайхантай шөлөөр дайлав. Уулын тосгоныхон цахилгаангүй. Задгай галын уугих утаан дунд хоол цайгаа бэлддэг учраас эмэгтэйчүүдийн нүд өвчлөх нь түгээмэл гэнэ. Нялх охиноо тэвэрч, хүүгээ хөтөлсөн хүүхэнтэй үг солилоо. Дөнгөж л хорь хүрч байгаа ажээ. Нутгийн индианчууд испани хэлээр бараг ярихгүй юм. Охид хүүхнүүд өдрийн турш хатгамал, утас ээрэх, маяагийн уламжлалт хээ загвартай эд зүйлсийг нэхэж сүлжинэ. Хамаг байдгаа овоолж аваад зах явж, тэндээс олсон багахан мөнгөө амьжиргаандаа нэмэрлэдэг байна.

Гудас хөнжил хаясан модон наар, хэдэн сандал, хананд өлгөсөн хүүхдийн хувцас, малгай сэлт айлуудын онгорхой хаалгаар үзэгдэнэ. Цэлтал хүмүүс бидэнд ургаж буй кофены модод, цөөрөм дэх загасны жижигхэн аж ахуй, эрдэнэшишийн талбай, шинээр барьж байгаа сүмээ хүртэл үзүүлж олон сайхан түүх ярьсан юм. Тариаланч маяачууд, хаа тэртээх МЭӨ 2500 онд наранцэцэгийн үр, арвай буудай, хөвөн, арчилгаа ихтэй халуун чинжүү, хулуу, хар, цагаан өнгийн олон төрлийн шош тариалж, гадил жимс, какао, зөгийн бал боловсруулдаг байсан тухай сонирхолтой зүйлс уншсан минь тодхон санагдав.

ТОНИНА ПИРАМИД

Маяагийн эртний соёл иргэншлийн үеийн барилга байгууламжууд гайхам сүрлэг. Чулуу өрж пирамидууд босгохдоо металл огт оруулаагүй нь анхаарал татдаг. За тэгээд хийц уран, чимэглэл чамин гэж ирээд яривал шагших сайхан ихтэй. Үүний нэгээхэн жишээ дурсгал нь Окосинго хотод байдаг Тонина юм. Маяачууд халуун дулаан бүс нутгийн их ой, моддыг цэвэрлэн тариалангийн том талбайнууд гаргаж, талбай доогуур услах байгууламж барьсан түүхтэй билээ.

71 метрийн өндөр сүрлэг чулуун пирамид Тонина нь өнөөг хүртэл сайтар хадгалагдаж ирсэн бөгөөд авирсаар орой дээр нь гарч суухад сэрүүн сайхнаас гадна эргэн тойрны зүйлс алган дээрээ байгаа мэт ив илхэн дурайдаг. Нов ногоон тэгшхэн талбайд эртний чийрэг маяа эрчүүд дөрвөн кг жинтэй резинэн бөмбөгөөр тоглон халз үзэж ялаад хүчирхэг эзэн хаандаа “өөрийн амиа өргөдөг” байж. Энэ тоглоомын дүрэм журмыг өнөөг хүртэл тайлж чадаагүй ажээ. Манай тооллын VI-IX зуунд хамаарах олон сайхан сийлбэр, чулуун хөшөөндөө бөмбөгт тоглоомыг дүрсэлсэн нь өнөөг хүртэл хадгалагдан иржээ. Маяачууд жижиг тосгодод амьдардаг байсан бөгөөд том баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд ёслолын гол төвдөө цуглаж нааддаг байжээ. Ийм түүхтэй газрууд орхигдон хаягдаж эхэлснийг газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлтээс болсон гэж таамагладаг ч нууцлаг хэвээрээ байгаа билээ. X зууны үеэс эхлэн соёл иргэншилт маяа уналтад орж, төв Мексик орчмын овог аймгуудын довтолгоонд жижиг суурингууд эвдрэн сүйдэж, халуун дулаан нутгийнхаа ширэнгэн ойд хучигдан дарагдаж, хамгийн сүүлчийн хот нь1697 онд испаничуудад эзлэгдэн мөхсөн гунигт түүхтэй.

Үргэлжлэл бий

Д. Аззаяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *