Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батжаргал: Зээлийн хүүг хууль баталж хүчээр буулгавал зээл хумигдаж, эдийн засаг агшина

Улаанбаатар хотын банкны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал Г.Батжаргалтай ярилцлаа.


-Зээлийн хүүг хүчээр бууруулах агуулгатай хуулийн төсөл яригдаж байна. Зээлийн хүүг арилжааны банкууд хүчээр барьсаар ирсэн гэх шүүмжлэл дуулддаг. Үнэхээр тэгээд байна уу, эсвэл өөр шалтгаан бий юу?

-Зээлийн хүү гэж юу болохоо мэдэхгүй байна л даа. Банкууд зээлийн хүү тогтоодог юм шиг яриад байгаа. Ер нь зээлийн хүү өндөр гэдэг нь үнэн. Гэхдээ шууд хууль тогтоомж, захиргаадлын аргаар бууруулах нь буруу. Учир нь бид чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс. Зээлийн хүү бол монгол төгрөгийн үнэ цэнэ. Зээлийн хүүг бүрдүүлж буй олон хүчин зүйлээс алинд нь зохих арга хэмжээ авбал хүү буурах вэ гэдгээ л олох ёстой. Хүүнд хамгийн том нөлөө үзүүлдэг нь хадгаламжийн хүү. Банкуудын иргэдээс татаж байгаа эх үүсвэр дунджаар 13-14 хувийн хүүтэй. Тэгэхээр зээлийг үүнээс дээгүүр хүүтэй олгох шаардлагатай гэсэн үг. Банкны хувьд ажилчдын цалингаас эхлээд үйл ажиллагааны зардал гэж бий. Банкуудын зардлаас гадна зээлийн эрсдэлийг шингээдэг. Энэ бүхний эцэст зээлийн хүү тогтдог юм.

-Зээлийн хүүнд хамгийн том нөлөө үзүүлж байгаа хадгаламжийн хүүг бууруулахын тулд яах ёстой вэ?

-Хадгаламжийн хүүнд гадаад валютын ханш, инфляци гэдэг хоёр том хүчин зүйл нөлөөлдөг. Инфляци 7.5 хувьтай байна. Инфляцийн хувь ийм байхад мөнгөний бодлогын болон хадгаламжийн хүү үүнээс өндөр тогтох шаардлагатай. Тэгэхээр дараагийн асуудал инфляци болчихож байна. Инфляцийг нам дор түвшинд барихын тулд яах ёстой вэ гэдэгт анхаарах шаардлага үүснэ гэсэн үг. Тэгэхээр инфляцид нөлөөлж буй хүчин зүйлүүдийг эргэж харах шаардлага гарч ирч байна. Мэдээж инфляцид гадаад валютын ханш багтана. Манай улс нефтийн хэрэглээгээ бараг тэр чигт нь ОХУ-аас импортолдог. Тооцоог нь валютаар хийдэг.

-Инфляцид гадаад валютын ханш, тэр дундаа нефтийн үнэ нөлөөлдөг гэхээр хадгаламжийн хүүг бууруулах амаргүй юм биш үү?

-Шатахууны хувьд өөрсдөө үйлдвэрлэдэггүй учраас гаднаас импортлохоос аргагүй. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөөд байвал мэдээж хэцүү. Долларыг ч бид үйлдвэрлэдэггүй. Бүтээгдэхүүн экспортлох юм уу, гадаадын хөрөнгө оруулалт татаж байж л ам.доллар олдог. Доллар орж ирдэг хоёрхон том урсгалтай гэсэн үг. Тэгэхээр эдийн засагтаа маш том бодлогын өөрчлөлт хийж байж зээлийн хүүг өөрчилнө.

-Хууль гаргаад зээлийн хүүг бууруулах боломжгүй гэж ойлголоо…?

-Хууль тогтоомжийн аргаар өөрчлөх боломжгүй.

-Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өснө гэсэн таамаг голлож байна. Нефтийн үнэ өсөхөөр өргөн хэрэглээний барааны үнэ өснө. Өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөөр инфляци цойлно. Ийм нөхцөлд зээлийн хүүг хууль гаргаж хүчээр буулгах арга хэмжээ авбал эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Нефтийн ханш дагасан өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт инфляцийг өсгөчихөөр бодлогын хүү нэмэгдэхээс аргагүйд хүрнэ. Бодлогын хүү өндөр тохиолдолд хадгаламжийн болон зээлийн хүү дагаж өсөхөөс аргагүй. Салгаж ойлгож болохгүй уялдаатай зүйл. Энэ мэт эдийн засагт үүсч байгаа олон арга механизмыг араа шүд болгоноор нь ярихгүй бол болохгүй. Зээлийн хүүг тусад нь тасдаж авч ярьж, шийдэх боломж угаасаа байхгүй. Хар ухаанаар бол эргэж байгаа хүрдийг шууд зогсоох арга хэмжээ авах гээд байна л даа. Хэрвээ зээлийн хүүг хүчээр буулгавал иргэдэд олгох, тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд очих зээлийн хүртээмж эрс багасна. Одоо яригдаж буй хуулиар банк бус санхүүгийн байгууллагад ч бас хүүг нь тогтоож өгч байгаа. Банк санхүүгийн байгууллагын зээлийн жигнэсэн дундаж хүү 30-40 хувь. Сарын 2.5-3 хувийн хүүтэй гэсэн үг. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг 24 хувь дээр барина гэсэн заалт хуулийн төсөлд туссан юм билээ. Банкуудын эх үүсвэрийн хүрээ хязгаарлагдмал. Зөвхөн дотоодын иргэдийн хуримтлал дээр тогтдог. Манай улс зах зээлд шилжээд 30 жил л болж байна. Эдийн засгаа тэтгэхээр хангалттай хуримтлал хурааж амжаагүй яваа. Мөнгө хомсдолтой ийм цагт зээлийн хязгаарлалтад орвол хэцүү. Банкууд урт хугацаанд харилцсан, найдвартай хүмүүстээ л зээл олгож эхэлнэ. Шинээр бизнес эрхэлж байгаа ч юм уу, эсвэл тодорхой эрсдэлтэй байж мэдэх бизнес эрхлэгчдэд зээл олгох бололцоо шууд хумигдах эрсдэлтэй.

-Шинэ болон тодорхой эрсдэлтэй бизнес эрхлэгчдэд зээл олгохоо болиод эхлэхээр эдийн засаг хумигдах эрсдэлд орох нь ээ?

-Тэгнэ. Эдийн засгийг хүний биеэр төсөөлбөл зээл бол судсаар гүйж буй цус. Биеийн аль нэг хэсэгт тодорхой хэмжээний тасалдал үүсвэл эрхтэн систем гэмтэж эхэлнэ. Яг тэрэнтэй адил процесс эдийн засагт үүснэ. Мөнгө хэрэгтэй байгаа хувь хүмүүс, жижиг дунд аж ахуйн нэгжүүд мөнгөний эрэлд гарна. Эрсдэлтэй гээд зээл авч чадахгүйд хүрэх бизнес эрхлэгчид элгээ эвхээд суухгүй нь тодорхой. Зээл авч чадахгүй аж ахуйн нэгж, иргэд ломбард ч юм уу, өндөр хүүгээр зээл олгодог хүмүүст хандаж эхэлнэ. Банкнаас бусад зээлдэгчдэд хандаж эхэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл зохицуулалтгүй санхүүгийн хэрэгсэл рүү мөнгө урсах эрсдэл үүснэ. Ингэснээр иргэд хүүний дарамтад орно. Ингээд зогсохгүй бизнесийн төслүүд ч ийм дарамтад орох нь тодорхой.

-Хуримтлал байхгүй учраас зээлийн хэрэгцээ өндөр байдаг гэсэн гарцаагүй шалтгаан ч бий шүү. Ингэхэд зээлдэгч, хадгаламж эзэмшигчийн харьцаа хэр зөрүүтэй байдаг вэ?

-Зээлдэгчдийн тоо хадгаламж эзэмшигчдийнхээс хоёр, гурав дахин өндөр. Зээлийн хүүг энгийнээр хэлбэл бүтээгдэхүүний үнэ шүү дээ. Эрэлт, нийлүүлэлтээс хамаардаг гэсэн үг. Гэтэл өнөөдөр нийлүүлэлт буюу хуримтлал нь бага байна. Харин эрэлт буюу зээлийн хэрэгцээ асар их байна. Хуримтлал буюу нөөц нь бага учраас үнэ нь өсөөд байгаа хэрэг.

-Хуримтлалыг нэмэхийн тулд яах ёстой вэ?

-Хуримтлалыг өсгөх нь төрийн ажил. Иргэдийнхээ цалин орлогыг нэмэх талд анхаарсан бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр иргэдийн авч буй цалин хэрэглээндээ хүрэхтэй үгүйтэй байна. Хөгжилтэй улсуудын иргэдийн хувьд олсон мөнгөнийхөө илүү гарсаныг хуримтлуулдаг. Иргэдийнх нь хуримтлал өндөр учраас зээлийн хүү нь бага байгаа юм. Өмнө нь хуримтлалыг дэмждэг төрийн бодлого байсан. Хадгаламжийн хүүний орлогыг татвараас чөлөөлдөг байсан бол өнөөдөр хадгаламжийн хүүнээс арван хувийн татвар авч байгаа. Татвар аваад эхлэхээр хуримтлуулах сонирхол багасчихсан тал бий.

-Төгрөгийн зээлийн хүүнд гадаад валютын ханш ямар хамаатай юм бэ гэсэн шүүмжлэл дуулддаг. Үүнд тайлбар хэлээч?

-2016 оны сүүлээр төгрөгийн ханш огцом суларч, доллар огцом чангарсан. Энэ үед ханшийг хязгаарлах нэг арга хэмжээг Монголбанкнаас авсан юм. 10.5 хувь байсан бодлогын хүүг шууд 15 хувь болгож огцом өсгөсөн. Хүүнд гадаад валютын ханш нөлөөлдгийг харуулсан хамгийн бодитой жишээ л дээ. Ам.долларын ханш өсөнгүүт хүмүүс төгрөгийн хадгаламжаа ам.доллар руу шилжүүлж эхэлдэг. Үүнээс сэргийлэхийн тулд төгрөгийн өгөөжийг шууд 15 хувь болгож өсгөсөн гэсэн үг. Зах зээл дээр хиймэл эрэлт үүсч, долларын хэрэгцээ шаардлагагүй хүмүүс гадаад валют худалдаж аваад эхлэхээр ханшийн зохиомол хөөсрөлт үүсдэг. Энэ тохиолдолд яаралтай арга хэмжээ авах ганц арга нь бодлогын хүүг өсгөх. Товчхондоо гадаад валютын ханш цаад утгаараа зээлийн хүүтэй шууд холбоотой.

-Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг санаачлагчид бусад улсад хэрэглэдэг жишиг гэсэн тайлбар хэлээд яваа нь ямар учиртай юм бол?

-Бусад улсад ашигладаг нь үнэн. Гэхдээ яаж хэрэглэж байна вэ гэдгийг нь нарийвчилж харах ёстой. Яг нарийндаа манай улсад ч тодорхой хэмжээнд хэрэгжиж байгаа. Хамгийн энгийн жишээ нь найман хувийн ипотекийн зээл. Энэ хүүг банкууд тогтоогоогүй. Улс даяар хэрэгжиж буй Монголбанкны оролцоотой хөтөлбөр. 2013 оноос хойш хэрэгжсэн энэ зээлийн хүртээмж өнөөдөр багасчихсан. Найман хувиар олгох хангалттай хэмжээний хямд санхүүгийн эх үүсвэр байхгүй учраас хумигдсан юм. ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж буйтай холбоотойгоор Монголбанкийг төсвийн гадуур хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж шүүмжилж байгаа. Ийм шалтгаанаар импотекийг Засгийн газарт шилжүүлж байх жишээний. Засгийн газарт энэ зээлийг санхүүжүүлэх хангалттай эх үүсвэр байхгүй. Өөрөөр хэлбэл ашиглалтад орж буй орон сууцнуудыг бүгдийг нь найман хувийн эх үүсвэрт хамруулах боломж Засгийн газарт өнөөхөндөө лав алга. Зээлийн хүүг хязгаарласан энэ хөтөлбөрийг эргээд харахаар ийм л дүр зураг ажиглагдаж байна. Ямар ч зээл эргээд заавал эх үүсвэртэйгээ уялддагийн тод жишээ бол найман хувийн ипотек. Хямд эх үүсвэр олох ч юм уу, валют орж ирдэг тогтмол урсгалтай болсон цагт зээлийн хүү хүссэн хүсээгүй буурна. Заавал хууль батлах шаардлагагүйгээр, банкууд зээлийн хүүгээ буулгаж эхэлнэ. Бүр тодруулж хэлбэл зах зээлийнхээ жамаар зээлийн хүү буурна.

-Зээлийн хүү зах зээлийнхээ жамаар буурсан тохиолдол байна уу?

-Байгаа. Тоо баримттай жишээ дурдъя. 2017 оны үед арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 20 хувь байсан. 2019 оны гуравдугаар сарын байдлаар 17.1 хувь байна. Бараг гурван хувиар буурчихсан. Буурч байгаа шалтгаан нь тодорхой. Сүүлийн хоёр жилд экспортод гаргаж буй нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр өндөр байлаа. Зэсийн үнэ ч ялгаагүй тэгтлээ буурсангүй. Долларын урсгал энэ мэтээр нэмэгдэж, эдийн засагт тодорхой хэмжээний сэргэлт ажиглагдангуут 20 хувьтай байсан зээлийн хүүгээ банкууд 17 хувь руу оруулсан. Тэгэхээр зээлийн хүү буурна гэдэг ямар нэг банк ч юм уу, хэн нэг улстөрчөөс хамаардаггүй процесс.

Улс төрийн болон эдийн засгийн маш тогтвортой бодлого хэрэгжүүлэхгүй бол инфляци, гадаад валютын ханш, хадгаламжийн хүүний асуудал эерэгээр шийдэгдэхгүй. Үүнээс гадна хөрөнгийн зах зээлийн хөгжил хангалттай түвшинд хүрээгүй яваа. Энэ бүгдийг багцлаад харахаар өнгөрсөн 30 жилд хэрэгжүүлсэн бодлого төдийлөн үр дүн өгч чадахгүй байна. Нэг Засгийн газар гарч ирээд бодлого хэрэгжүүлж эхэлдэг. Дараагийн Засгийн газар өнөө бодлогыг нь үгүйсгээд өөр бодлого ярьдаг. Энэ мэт бие биенээ үгүйсгэсэн тогтворгүй байдал гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчдыг ч тодорхойгүй байдалд оруулж байна. Үүний үр дагавар нь зээлийн хүүн дээр гарч байгаа. Тэгэхээр зээлийн хүү, гадаад валютын ханшийг өнөөгийн эдийн засгийн байгаа байдал гээд ойлгочихож болно. Өөрөөр хэлбэл зээлийн хүү, гадаад валютын ханш бол эдийн засгийн индикатор.

-Улстөрчдийн төдийгөөс өдий хүртэл явуулж ирсэн бодлогын буруугаас болж зээлийн хүү буурах боломж бүрдэхгүй байгаа гэсэн үг үү?

-Ер нь тийм. Өөрсдийнх нь хэрэгжүүлж ирсэн бодлогын алдаанаас үүдсэн асуудал. Бодит шалтгаан ийм байхад бусдаас буруу хайж, эрх мэдлээ ашиглаж хуулийн аргаар зээлийн хүүг шууд шийдэж болохгүй л дээ.

-УИХ дээр яригдаж буй хуулийн төсөлд банкны салбарынхны санаа оноог хэр сонссон бол. Банкныхан санал, хүсэлтээ өгсөн үү?

-Хуулийн төсөл өргөн баригдахад Монголбанкнаас ч санаа оноо өгч хандсан. Арилжааны банкууд ч холбоогоороо дамжуулж удаа дараа санал хүсэлтээ хүргүүлсэн. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Банкууд хүү бууруулахыг эсэргүүцээд байгаа юм биш. Бууруулах ёстой гэдэгтэй санал нийлж байна. Зээлийн хүүний хэмжээнд хуулиар шууд хориг тавьж буй арга механизм нь буруу гээд байгаа юм.

-Сүүлийн асуулт. Хууль эрх зүйн орчны хүрээнд зээлийн хүүг бууруулах өөр ямар арга байж болох вэ?

-Олон гарц бий. Банкууд иргэд, аж ахуйн нэгжийг зээлээ төлөхгүй байна гээд шүүхэд ханддаг. Энэ тохиолдолд зээл авсан тал тав хүртэлх жил шүүхдэлцэх эрх зүйн орчин өнөөдөр үйлчилж байгаа. Хууль эрх зүйн энэ орчин зээлийн хүүг өсгөөд байна. Шүүх дээр очсоноос хойш нэг жилийн дотор бүх процесс дуусдаг болчихвол байдал өөрөөр эргэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *