858 жилийн түүхтэй, Францын хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг болох Парисын дарь эхийн сүм түймэрт автаж, дээврийн хэсэг нь бүхэлдээ сүйдээд байна. Түймэр орон нутгийн цагаар Даваа гарагийн оройн 18:50 цагт эхэлсэн бөгөөд сэргээн засварлах ажил явагдаж байсан дээврийн хөндийгөөс гал гарч эхэлжээ.
НУРАХ АЮУЛ НҮҮРЛЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
Одоогоор галыг намжаагаад байгаа ч сүмийн дээд хэсэг тэр чигтээ шатжээ. Галыг унтраахаар 400 гаруй гал сөнөөгч ажилласан байна.
Сүм бүхэлдээ шатаагүй нь сайн хэрэг боловч галыг унтраахад их хэмжээний ус ашигласан учир олон зуун жилийн настай чулуун байгууламжид ус шингэж хэтэрхий хүндэрснээс нурах аюул нүүрлэж магадгүй байгаа аж. Тиймээс аврагчид сүмийн үзмэрүүдийг аврах ажиллагааг явуулж байгаа гэв. Мөн сүмийн ойр орчимд амьдардаг иргэдийг нүүлгэн шилжүүлж, замуудыг түр хугацаагаар хаагаад байна.
СҮМИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ КАМПАНИТ АЖИЛ ӨРНҮҮЛНЭ
Франц улсын прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж. Түүнчлэн Ерөнхийлөгч Эммануэль Макрон төлөвлөсөн уулзалтуудаа цуцалж, сүм дээр ирж нөхцөл байдалтай танилцсан байна.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс, Ватиканы эрх баригчид, АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама зэрэг дэлхийн томоохон удирдагчид уг үйл явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ.
ХАНДИВ ЦУГЛАРЧ ЭХЭЛЖЭЭ
Тэгвэл энэ харамсалтай үйл явдлын дараа Францын тэрбумтан Франсуа-Хенри Пино сүмийг сэргээн засварлах ажилд гэр бүлийнхээ зүгээс 100 сая евро хандивлана гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр мэдэгдэлдээ “Миний бие болон эцэг минь Артемисын хөрөнгөөс 100 сая еврог гаргаж Нотр Дамыг бүрэн завсарлах үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахаар шийдлээ” гэсэн байна.
Франсуа-Хенри Пино нь “Kering” олон улсын группийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга, Францын тэргүүлэгч группуудын нэг болох “Artémis”-ийн Ерөнхийлөгчийн албыг хашдаг хүн юм. Тус групп нь Gucci, Yves Saint Laurent зэрэг олон тансаг брэндүүдийг эзэмшдэг билээ.