Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа

Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Шин Хаймин Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь Г.Занданшатарт баяр хүргэлээ.

Тэрбээр хоёр орны хамтын ажиллагаа бүхий л салбарт хурдацтай хөгжиж, улс төрийн итгэлцэл гүнзгийрч, хүмүүнлэгийн солилцоо шинэ түвшинд хүрсний гадна хоёр орон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд ч хамтран идэвхтэй оролцсоор байна. Энэ онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэхүү арга хэмжээ нь уламжлалт харилцаагаа шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм гэв.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Элчин сайд Шин Хаймин нар саяхан хоёр талын Хүмүүнлэгийн солилцооны механизмын хамтарсан зөвлөлийн II хуралдаан, Гадаад харилцааны яамдын стратегийн яриа хэлэлцээний уулзалт Бээжин хотноо амжилттай болж, хамтын ажиллагааны олон чухал асуудлаар санал нэгдсэнд таатай байгаагаа тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийх Төрийн айлчлал хоёр талын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг шинэ агуулга хэлбэрээр урагшлуулан хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, хоёр орны парламентын Дэд дарга нарын ахалсан байнгын уулзалтын механизм тогтмолжиж, Парламент дахь бүлгүүдийн харилцаа идэвхжиж байгааг сайшаав.

УИХ-ын дарга Г.Занданшатар БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаншу-д миний мэндийг уламжилж өгнө үү гэж Элчин сайд Шин Хайминээс хүсэв. Түүнчлэн ноён Ли Жаншу-г Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг дахин нотолж байгаагаа тэмдэглээд, боломжтой бол энэ оны эхний хагас жилд багтаан айлчлал хийнэ үү хэмээн урьж байгааг минь дамжуулж өгнө үү гэлээ.

Тэрбээр, “Энэ жил манай хоёр орны хувьд чухал онцлог жил. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд олон үр дүнтэй ажлууд хэрэгжиж, харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Үүнд ноён Элчин сайд Таны идэвх оролцоо чухал юм” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр талын парламентын Дэд даргаар ахлуулсан байнгын уулзалтын механизмын ээлжит хуралдаан энэ онд Улаанбаатар хотноо болно. Товыг ойрын үед тогтоож, бэлтгэлийг сайтар хангах нь зүйтэй. Өмнөх хуралдаануудаар тохирсон парламентын Тамгын газрууд, Байнгын хороод, орон нутгийн түвшинд солилцоог тогтмолжуулах, харилцан туршлага судлах зэрэг хамтын ажиллагааны хэлбэрүүдийг идэвхжүүлэх нь чухал юм гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Мөн бодит хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийг хугацаа алдалгүй, үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг онцлов. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл амжилттай хэрэгжиж эхэлсэнд баяртай байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийлээд, бусад төслүүд ноён Элчин сайд Таны болон танай хамт олны хүчин чармайлтаар бодит ажил хэрэг болж, хамтын ажиллагааны түүхэнд чухал хуудас нээнэ гэдэгт найдаж байна гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *