Categories
мэдээ цаг-үе

Филипп Лаянхарт: Европыг эрчим хүчээр холбосон туршлагаа Азид хэрэгжүүлэхээр Монголд ажиллаж байна

Зүүн хойд Азийн Монгол Улс, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг таван улсыг холбосон эрчим хүчний нэгдсэн сүлжээг бий болгох зорилготой Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги төслийн уулзалт ирэх сарын 1-нд Улаанбаатарт болох гэж байна. Монголоос Азийн том эдийн засаг бүхий орнуудад цахилгаан эрчим хүч экспортлох зорилготой энэ санаачилгын олон улсын уулзалт Ерөнхийлөгчийн ивээл дор болох нь. Уулзалтын үеэр Азийн супер сүлжээтэй холбоотой сүүлийн үеийн судалгаануудын үр дүнг танилцуулах аж. Шинэ мэдээлэл хүргэх хүмүүсийн нэг нь Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны төслийн багийн ахлагч Филипп Лаянхарт. Түүнтэй ярилцлаа.


-Азийн супер сүлжээний гол оролцогч бол Монгол. Та Азийн хөгжлийн банк, Эрчим хүчний яамны хамтарсан судалгаан дээр ажиллаж байгаа голлох хүний нэг. Судалгаа хэзээ дуусах вэ. Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний төслийн тухайд манай улсад ямар давуу талууд байна вэ?

-Судалгаа маань хоёр жилийн турш үргэлжилж байна. Ирэх тавдугаар сард дуусна. Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний төсөл эдийн засаг, дэд бүтцийн талаасаа бодит ажил болох боломжтой. Монгол Улс Хятад, Орос, Япон, Солонгос гэсэн дөрвөн улсад сэргээгдэх эрчим хүч экспортлох боломжтойг аль хэдийнэ тогтоочихсон. Зүүн хойд Азийн бүс нутгийн яг төвд байрладаг нь танай улсын маш том давуу тал. Монголын дараагийн онцлог давуу тал бол Орос, Хятад гэсэн том зах зээл бүхий хөршүүдтэй. Эдгээр улсуудынхаа дэмжлэгийг авч чадвал зах зээлийн бүрэн боломж харагдаж байна. Дамжуулах холбооны хувьд техникийн хувьд бүрэн боломжтой. Өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн шугам ашиглана.

– Өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн шугамын давуу талыг онцлооч?

-Өндөр хүчдэлийг хол зайд хамгийн бага алдагдалтайгаар дамжуулдгаараа давуу талтай.

-Та Европын эрчим хүчний бизнес эрхэлдэг том компани болох Францын EDF-ийг төлөөлж Азийн супер сүлжээний судалгаанд оролцож байгаа. Танай компани Европтоо хэдэд жагсдаг вэ?

-EDF Европтоо гуравт орох том компани. Манай компани нүүрсхүчлийн хийг аль болох бага хэмжээнд ялгаруулахыг зорьж ажилладаг. Цөмийн эрчим хүч үйлдвэрлэсэн туршлага ихтэй ч цаг хугацааны өөрчлөлтийг дагаж сэргээгдэх эрчим хүч рүү хандаж байгаа. EDF сэргээгдэх эрчим хүчний тусдаа компанитай. Европ, дэлхийн эрчим хүчний холболтын тухайд гээд яривал хийсэн ажил ихтэй. Өргөн туршлагатай. Бага нүүрсхүчлийн хий ялгаруулах талд онцгой анхаардгаа давтан хэлмээр байна.

-Танай компанийг атомын цахилгаан станцуудын төслүүдэд ажилладаг, Европын орнуудыг эрчим хүчээр холбосон туршлагатай гэж сонссон. Атомын цахилгаан станцынхаа онцлог, Европын улсуудыг эрчим хүчээр холбосон ажлынхаа түүхээс сонирхуулаач?

-Манай компанийн барьж гүйцэтгэсэн цөмийн эрчим хүчний станцууд өнөөгийн байдлаар хамгийн хэмнэлттэй сайн ажилладгаараа онцгойрдог. Англи, Франц, Итали, Герман зэрэг Европын орнуудад эрчим хүчний олон улсын сүлжээ үүсгэсэн. Тэр утгаараа Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас тендер зарлахад бид оролцсон юм. Өнгөрсөн хугацаанд бий болгосон арвин туршлагаа Зүүн хойд Азийн зах зээлд авчирч буйдаа баяртай байгаа. Энэ зорилгыг маань биелүүлэхэд хамгийн том нөлөө үзүүлж, гүүр болж яваа газар бол Азийн хөгжлийн банк. Азийн хөгжлийн банкнаас зарласан тендерт шалгараад судалгааны ажлыг нь гүйцэтгэж байгаа нь манай компанийн хувьд олзуурхууштай хэрэг. Энэ төслийн хүлээн авагч тал нь Монгол Улсын Эрчим хүчний яам гэдгийг бас онцолмоор байна.

-Судалгааны сүүлийн үеийн үр дүн сонирхолтой санагдаж байна?

-Бид энэ төслийн судалгааг 2017 оны тавдугаар сард эхлүүлсэн. Тэр үед анх удаа Монголд ирж байлаа. Манай судалгаа гурван үе шаттай. Гурван мастер төлөвлөгөөнд хуваагдаж байгаа. Эхний үе шат нь Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц, хүчин чадлыг судлахад чиглэж байна. Нар, салхины эрчим хүчний нөөц хэр байна вэ гэдгийг судлах үе шат гэсэн үг. Энэ үе шатандаа хамгийн орчин үеийн, хамгийн сайн гэсэн тоног төхөөрөмж, технологи ашигласан.

Хоёрдугаар үе шат маань зах зээлийн судалгаа. Зүүн хойд Азийн зах зээлийг судалж байна. Энэ төслийг хэрэгжүүлж, бүтээн байгуулалт өрнүүлж, Монголоос эрчим хүч экспортлоход зах зээлийн хувьд хэр ашигтай вэ гэдгийг тооцож үзэж байгаа юм. Дамжуулах шугамынхаа төлбөрийг төлөх процесс хэр хялбар вэ гэх мэт олон асуудалд анхаарч байна. Гуравдугаар үе шатны хувьд дамжуулах шугамтай холбоотой. Бөгжин дамжуулах шугамын бүх л боломжит хувилбаруудыг судалж үзлээ. Яг ямар шугам байх, аль орон руу яаж холбогдох гээд бүх зүйлийг тооцож гаргаж байна.

-Ирэх тавдугаар сард сүүлчийн уулзалтаа хийнэ гэлээ. Тэгэхээр энэ удаагийн уулзалт дээр бараг эцсийн үр дүнгээ танилцуулах нь ээ?

-Эцсийн үр дүн гарах хугацаа ойртож байна. Энэ оны тавдугаар сард болох сүүлчийн уулзалтын өмнөх буюу урьдчилсан уулзалтаа хийх гэж байгаа тухай би ярианыхаа эхэнд онцолсон. Хамгийн сүүлчийнхээ модулийг бичиж байгаа гэсэн үг л дээ. Ер нь онцолж хэлэх хоёр гол зүйл бий. Нэгдүгээрт, эрчим хүчний худалдаа. Хоёрдугаарт, ямар байгууллагаар зохицуулагдах вэ гэсэн асуудал.

-Худалдаа гэдгээ тодруулахгүй юу?

-Эрчим хүчээ хэрхэн экспортолж, импортлох вэ гэдэг асуудлын хүрээнд яригдах асуудлыг хэлж байгаа юм.

-Ямар байгууллагаар зохицуулагдах вэ гэдэг эрчим хүч экспортолж, импортлох ажлыг хариуцах газрыг хэлээд байна уу?

-Ерөнхийдөө тэгж ойлгож болно. Эрчим хүч экспортолж, импортлохын тулд ямар байгууллага хариуцаж ажиллах ёстой, тэр байгууллагыг хэн хэн хамтарч хаана байгуулах, хаагуур дамжуулж түгээвэл илүү үр ашигтай вэ гэх мэтэд анхаарна.

-Та олон төсөл дээр ажилласан инженерийн хүн. Өмнө нь Европт ажиллаж байсан бол одоо Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ төсөл дээр Азийн хөгжлийн банк, Эрчим хүчний яамтай ажиллаж байна. Энэ төслийн юу нь таны сонирхлыг татаж байна вэ?

-Зүүн хойд Азийн бүс нутаг дэлхийн нийт ДНБ-ий 25 хувийг үйлдвэрлэдэг. Энэ бол маш том тоо. Хоёрдугаарт, энэ бүс нутаг дэлхийн нүүрсхүчлийн хийн 40 хувийг дангаараа ялгаруулдаг. Гуравдугаарт, түрүүн дурдсан таван орнууд Орос, Хятадыг эс тооцвол өөр хоорондоо эрчим хүчний хувьд огт холбогдоогүй. Эдгээр сорилт миний сонирхлыг их татсан. Би Европт маш олон төсөл дээр ажилласан туршлагатай. Европын улсуудыг хооронд нь эрчим хүчээр холбосон төслүүд дээр ажиллаж байсан л даа. Бүгдээрээ л сонирхолтой төслүүд. Европыг эрчим хүчээр холбосон туршлагаа Зүүн хойд Азийн бүс нутагт хэрэгжүүлэхээр Монголд ажиллаж байна даа. Монголын хувьд нар, салхины эрчим хүч бол зардлын хувьд хамгийн хэмнэлттэй эх үүсвэр. Ирээдүйд сэргээгдэх эрчим хүчний энэ төслийн тухайд шавхагдах нөөцтэй нүүрс гэх мэт хатуу түлшээр ажилладаг эрчим хүчийг бүрэн орлох потенциал бий. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр Зүүн хойд Азийн бүс нутгийн таван улс Парисын хэлэлцээрт хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл бүрдэнэ гэдэг маш том давуу тал.

-Өмнөх уулзалтуудыг Япон, Хятад, Солонгост хийсэн байх аа?

-Судалааны үе шатны хамгийн эхний уулзалтыг Монголд хийсэн. Хоёр дахь нь Өмнөд Солонгост болсон. Гурав дахь уулзалт Токиод болж өнгөрсөн юм. Дөрөв дэхийг нь Бээжинд хийсэн л дээ. Тав дахь удаагийн уулзалт нь Улаанбаатарт болох гэж байна. Өөрөөр хэлбэл Монголд хоёр дахь удаагаа болох гэж байгаа нь энэ. Ингэж удаа дараа уулзалдаж байгаагийн гол шалтгаан нь барих юмтай тайлан, судалгаа хийхэд чиглэсэн. Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яаманд үзүүлэх бодит судалгааны тайланг бий болгохын тулд хийж байгаа хурлууд гэж ойлгож болно.

Бид бүс нутгийн зах зээлийн судалгааг хийхдээ одоогоос хорин жилийн дараа бүс нутгийн зах зээлийн төлөв байдал ямар байх тухай прогноз судалгааг иж бүрнээр нь хийсэн. Нэг зүйлийг нэмж хэлэхэд орон орны эрдэм шинжилгээний хүрээлэн, Засгийн газрын байр суурийг авахын тулд дээр дурдсан улсуудад зохион байгуулсан.

-Ирэх тавдугаар сард судалгаагаа эцсийн байдлаар танилцуулсны чинь дараа ямар процесс өрнөх бол?

-Засгийн газар, Эрчим хүчний яам бидний судалгааны үр дүнтэй танилцаад дараагийн шийдвэрээ гаргана.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *