Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

KFC-гийн хоолноос болж гурваас 14 насны 20 гаруй хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

-ОДООГООР 50 ГАРУЙ ИРГЭНД ХООЛНЫ ХОРДЛОГЫН ШИНЖ ИЛЭРСЭН БӨГӨӨД ЭНЭ ТОО НЬ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ ГЭНЭ-

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2013 оны тавдугаар сард дэлхийн 135 оронд салбартай гэж тодотгогдсон түргэн хоолны KFC сүлжээ Монгол Улсад албан ёсоор үүд хаалгаа нээж байсан. Гэвч нээгдсэн цагаасаа эхлээд л олон асуудал, хэл амыг араасаа дагуулах болов. Цахим орчинд төдийгүй олны дунд хүртэл “KFC-гийн тахианаас өт гарч ирсэн, тахиагаа ханасан тосонд шардаг, Монголд байгаа салбарыг бусад орныхтой харьцуулбал хэмжээ, орцын хувь жижигхэн боловч үнэ нь өндөр. Жил ирэх тусам чанар нь муудаж, дэлхийн стандарт гэх тодотголоо алдаж байна. Зарим салбар нь иргэддээ хүйтэн хоолоор үйлчилсэн” зэрэг гомдлууд дараалан хөвөрдөг. Мөн дэлхийн нийтэд “KFC-гийн хэрэглэдэг тахианы мах нь мутацид орж, өөрчлөгдөн зургаан хөлтэй болсон. Эдийн засгийн хэмнэлт хийхийн тулд хүмүүст мутант тахиагаар хоол үйлдвэрлэн үйлчилдэг” гэх яриа хүртэл гарах болсон. Тэгвэл тэд саяхан дахин нэг асуудал дэгдээж, хэрэглэгчдээ хохироолоо. Тодруулбал, энэ сарын 11-ний өдрөөс эхлэн хөСҮТ-д гэдэсний халдварт өвчин, суулгалтын зовиуртай иргэд ихээр нэмэгдэх болсон байна. Учир нь хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Зайсан дахь KFC-гийн салбараар үйлчлүүлсэн иргэд идсэн тахиандаа хордож, эхний хоёр өдөрт 10 гаруй хүний биеийн байдал муудсаны улмаас эмнэлэгт хүргэгджээ. Бүр нэг гэр бүлийн таван хүн бүгд хордлогын шинж тэмдэгтэйгээр яаралтай хүргэгдэн ирсэн байна.

Тэд Зайсан дахь KFC-гийн салбараар үйлчлүүлсэн бөгөөд “Гэр бүлийн багц” авсан гэнэ. Хордлого авсан иргэдийн дийлэнх нь “Найзууд” багц захиалсан аж. Тухайн өдөр 300 гаруй багц худалдаанд гарсан гэдэг. ийм асуудал гарсан тул уг салбарт ажилладаг 27 хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна. Шинжилгээг энэ сарын 11-ний өдрөөс эхлэн авсан бөгөөд KFC-д хийгдсэн Мэргэжлийн хяналтын газар, эрүүл ахуйн газрын шинжилгээний хариу гараагүй байгаа ч бүтээгдэхүүнээс нь хүнсний бүтээгдэхүүнийг уртасгагч бодис илэрч болзошгүй гэнэ. Гэвч мэргэжилтнүүд шинжилгээний хариу гараагүй байхад урьдчилан дүгнэлт хийж болохгүй гэж үзэж байгаа аж.

ЗАЙСАНД БАЙРЛАЛТАЙ KFC-ГИЙН САЛБАРЫГ ТҮР ХУГАЦААНД ХААСАН БӨГӨӨД ХЭЗЭЭ НЭЭГДЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнээс тодруулахад “Өнгөрсөн даваа гаригаас эхлэн ХӨСҮТ-д хордлогын шинжтэй олон тооны иргэн гэнэт хүргэгдэх болсон гэсэн. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын газрын зүгээс тандалт судалгаа хийж, шинжилгээ авсан. Тэднээс асуулга асуухад ихэнх нь KFC түргэн хоолны газрын тодорхой салбараар үйлчлүүлсэн гэж мэдэгдсэн. Сэжиг бүхий нөхцөл бүрдсэн тул иргэдийн үйлчлүүлсэн гэх тус салбар дээр нь мэргэжлийн хяналтын шинжээчдийн баг ажиллагаа явуулж одоогоор үйл ажиллагааг нь түр зогсоосон. Хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна. Одоогоор 50 орчим хүнд хордлогын шинж илэрсэн гэж бүртгэгдээд байгаа. Иргэд ХӨСҮТ болон Интермэд эмнэлгүүдээр үйлчлүүлж, эмчилгээ, үзлэгт орсон. Өнөөдрийн байдлаар нэлээд хүн хоолны хордлогын улмаас хэвтэн эмчлүүлж байна. Гэхдээ энэ тоо нь албан ёсных биш. Учир нь иргэдээс авсан шинжилгээний хариугаар хүмүүс KFC-гийн тахианаас хордсон уу, эсвэл өөр ямар нэгэн зүйлээс болсон уу гэдэг нь баталгаатай гарч ирнэ. Өнөөдөр шинжилгээний хариу эцэслэн гарна. Тэгэхээр энэ тоо нэмэгдэх, эсвэл буурч болно” гэв. KFC-гийн тахиаг идэж хордлогын шинж тэмдэг илэрсэн иргэдийн ихэнх нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгааг мэдсэн тул уг төвөөс мэдээлэл авахаар очсон боловч “Мэдээлэл өгөх боломжгүй. Одоогоор тодорхой хэлэх зүйл алга” гэхчлэн бодит мэдээллийг авах гэж нэлээд удаав. Гэсэн ч ХӨСҮТ-ийн халдварт өвчин тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас хүргэгдэж ирсэн өвчтөнүүд анх ямар шинж тэмдэгтэйгээр ирсэн, тэдэнд ямар эмчилгээ хийлгэж буй талаарх тодорхой мэдээллийг авсан юм. Тэрбээр “Одоогоор хоолны хордлогын шинж тэмдэгтэй 20 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Үүний 10 гаруй нь 3-14 насны хүүхдүүд бол үлдсэн нь насанд хүрэгчид. Өвчтөнүүд эхлээд өндөр халуурсан, усан суулгалтын шинж тэмдэгтэйгээр хүрч ирсэн. Эмчилгээ хийсний үр дүнд хэвтэн эмчлүүлэгчдийн биеийн байдал мэдэгдэхүйцээр сайжирч байна. Тэдэнд хоолны хордлогын үед хийгддэг суулгалт намдаах, болон хордлого тайлах эмчилгээ хийж байна. Хордлогын шинж тэмдэгтэй иргэдээс шинжилгээ авч байгаа. Хэрэв нянгаар үүсгэгдсэн гэж үзвэл нэмж нянгийн эсрэг эмчилгээ хийнэ. Ер нь хоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлээд хордлогын адилхан шинж тэмдэгтэй хүмүүс ар араасаа ирсэн. Тэдний ихэнх нь ижилхэн газарт хооллож, улмаар хордлогод орсон байсан. Хордлогод орсон хүмүүс дунд нэг гэр бүлийн таван хүн ч бий. Иргэдийн хордлого авсан уг хоолны газар нь дотооддоо махаа бэлтгэдэг тоног төхөөрөмжтэй юм билээ. Ер нь иргэд өөрсдийнхөө идэх гэж буй хоол хүнсээ маш сайн анхаарч нягтлах ёстой. Учир нь манайхан хүнснийхээ он, сарыг нэг их анхаарч хараад байдаггүй. Тиймээс ямар ч төрлийн бараа авахдаа үйлдвэрлэсэн он сар, дуусах хугацааг нь шалгах хэрэгтэй. Түүнчлэн хүнсэндээ хэрэглэх зүйлсээ аль болох чанартайг нь сонгох учиртай” хэмээв.

АМЬДРАЛД ГАНЦ ТОХИОХ БАЯРЫН ӨДРӨӨРӨӨ НЭР ХҮНДТЭЙ ГЭХ КОМПАНИЙН ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ХОХИРЧ ҮЛДЛЭЭГЭВ

Хүргэгдэж ирсэн иргэдийг гэдэсний халдварт өвчний тасагт хэвтүүлжээ. Эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн заримаас нь мэдээлэл авах гэсэн ч гадны хүн оруулахыг хориглон, хорио цээр тогтоосон байлаа. Иймд хоёрдугаар сарын 9-ний өдөр KFC-гийн Зайсан дахь салбараар үйлчлүүлэн бие дэх махбод, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон иргэнтэй ярилцаж, зарим зүйлийг тодруулаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.


-KFC-гийн яг аль салбараар хэдүүлээ үйлчлүүлсэн бэ?

-Гадуур шуугиад байгаа KFC-гийн Зайсанд байрлалтай салбараар хоёрдугаар сарын 9-ний өдөр долуулаа үйлчлүүлсэн.

-Тухайн өдөр яг юу болов?

-“Зайсан хилл”-д кино үзэх гээд тухайн өдөр нөхөртэйгөө болон хамаатныхаа дүү нартай явж байсан. Учир нь тэр өдөр бид хоёр гэрлэлтээ батлуулах тухайгаа дүү нартаа дуулгахаар хамт явж байсан. Ингээд кино үзэхээр болоод цагаа хүлээж байхдаа өлсөөд байхаар нь хамгийн ойрхон байрлалтай KFC-гийн салбараар үйлчлүүлсэн юм. Түргэн хоолны газраас “Андууд багц”, “Өнөр бүлийн багц”-аас нь захиалсан. Мөн хүн бүрт буюу 12-22 насны долоон хүнд нэмж бургер захиалсан. Захиалга 25-30 минут болж байж ирсэн. Хүүхдүүд ч өлссөн байсан болохоор “гоё амттай байна” гээд л идэцгээсэн.

-Идсэн даруйд хордлогын шинж илэрсэн үү?

-Тухайн үед юу ч мэдэгдээгүй. Үзье гэсэн киногоо үзчихээд л өнгөрсөн. Гэтэл хоёр хоногийн дараахь оройноос нь эхлээд манай нөхрийн биеийн байдал муудаж эхэлсэн. Хоолны хордлого тэр даруйдаа илэрдэггүй 1-2 хоногийн дараа шинж тэмдэг нь мэдэгддэг юм билээ. Удалгүй үлдсэн хүмүүс нь бүгд зэрэг халуурч, гүйлгэх болсон. Хамгийн дээд тал нь 40C хүртэл халуурсан. Манай нөхөр, дүү хоёр нэлээд хүнд гүн шокны байдалтай халуун нь эм уугаад ч буухгүй, гүйлгэлт нь зогсохгүй байсан. Минийх тэгэхэд арай гайгүй байсан юм. Учир нь тухайн үед би тахианаас нь нэг их идэлгүй өнгөрсөн. Нөхрийн бие муудсан өдрийн маргааш нь бид хоёр гэрлэлтээ батлуулах байсан учраас би яахаа мэдэхгүй сандарч болохоо байхаар нь ХӨСҮТ дээр очин шинжилгээ өгсөн. шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа. Гэвч тухайн өдөр хамт явсан бүх хүмүүст яг адилхан шинж тэмдэг илэрч байгааг харахад KFC-гийн тахианаас болсон л гэж бодож байна.

-Эмнэлгийн зүгээс юу гэв?

-Шинжилгээ өгсөн даруйд хэвтэн эмчлүүл гэж байсан. Тэгэхээр нь үнэн учраа хэлээд маргааш гэрлэлтээ батлуулж, хуримаа хийх ёстой юм. Үүнийгээ дуусгаад буцаад ирье гэж гуйгаад эмчилгээ бичүүлэн гэртээ харьсан. Гэтэл эмнэлэгт үзүүлсэн тэр өдрөө бүр илүү ихээр халуурч, бөөлжөөд байхаар нь гэрлэлтээ батлуулахаа больчихдог ч юм уу, эрүүл мэндээ л бодъё гэж бодоод эмнэлэг рүү буцах талаар бодож байсан. Гэтэл хоёрдугаар сарын 13-ны өглөө буюу хурим болох өдөр миний бие хямраад эхэлсэн. Хуримын цаг болох гээд байхад дотор муухай оргиж, хоолны үнэр авахаар огиулан, суулгалт өгөөд босч чадахгүй, инээх үү, уйлах уу гэмээр л хэцүү зүйл тохиолдоод байна.

-Эмнэлэгт хэвтсэн үү?

-ХӨСҮТ-д гэр бүлээрээ буюу дөрвөн дүүтэйгээ, нөхөртэйгөө хамт хэвтэж байна. Хуримаа хийж, гэрлэлтээ батлуулчихаад шууд л эмнэлэгт ирсэн. Уг нь амьдралд ганц тохиох хуримын өдрөө дурсгалтай өнгөрүүлэх ёстой биз дээ. Гэтэл ийм байдалд орсондоо үнэхээр гомдолтой байна.

-Тухайн үед хоолноос нь ямар нэгэн эвгүй зүйл ажиглагдаагүй юу?

-Манай дүүд мэдэгдсэн гэсэн. Идэх гээд автал нэлээд удчихсан мах шиг зөөлрөөд, шалчийчихсан байсан гэж байна лээ. Гэхдээ хүүхэд л хойно гайгүй байлгүй гээд юу ч бодолгүй идчихсэн гэсэн.

-Одоогоор биеийн байдал нь ямархуу байна вэ?

-Өнөөдөр өглөө миний бие нэлээд хямарч бөөлжих гээд байсан. Бие эвгүй байна.

-Ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Өчигдөр оройноос эхлэн дусал хийлгэсэн. Биеийн байдал дээрдэж байгаа. Эмч нарынхаа өгсөн эмийг заавраар нь уугаад хоолны дэглэм барьж байна. Хамаагүй хоол идэж болохгүй. Зөвхөн эмнэлгээс өгсөн хоолыг л идэж байна.

-Гомдолтой байна уу?

-Үнэхээр гомдолтой байгаа. Тийм учраас энэ хэргийг зүгээр орхих бодол алга. Биднийг хэвтсэний дараа эмнэлэгт яг ижилхэн газарт хоол идсэн иргэд хордлогын шинж тэмдэгтэйгээр хүрч ирсээр байна. Гэрлэх ёслолын ажиллагааны үеэр нэр хүндтэй гэх газрын хариуцлагагүй үйлдлээс болж ийм байдалд орсондоо гомдолтой байгаа. Хордлогоос болж бие сульдаж, ядарч байгаа.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *