Categories
мэдээ цаг-үе

Ш.Пүрэвсүрэн: Харийнхнаас авлига авч газар шороогоо өгнө гэдэг чинь эх орноосоо урвасан гэмт хэрэг

Г.ЖАМЪЯН (МУГЗ)


“Монголын Ногоон загалмай” нийгэмлэгийн тэргүүн, доктор Шаравын Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Тэрээр ХАА-н дээд сургуульд Агрономын факультетын декан гэсэн хариуцлагатай албыг, мөн Их, дээд сургуулиудын консерциумын анхны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн юм.


-Сайн байна уу. Пүрэвсүрэн доктор оо. Таныг монголчууд андахгүй. Гэлээ ч бага залуу насны тань амьдрал, манай уншигчдад сонин болов уу. Эндээс яриагаа эхлэх үү?

-Бололгүй яахав. Би чинь Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул “Хаминдаа Шаравынх” хэмээн нутаг олондоо хүндлэгдсэн, олон хүүхэдтэй айлын дунд хүү. Аав Шарав маань цэргийн алба хааж ирээд сумын эмнэлэг, яслид нярав (хаминдаа)хийж байгаад 84 сүүдэр зооглоод таалал төгссөн. Их л уран хүн байсан даа. Мод, төмөр, мөнгөөр бол юу л бол юу хийнэ. Ээж Маамуу насаараа цэцэрлэгийн асрагч хийсэн. Тэр үеийн сумын хүүхдүүд манай хоёрыг Турууны өндөр аав, ээжүүд гэдэг байлаа. Ийм нэг дуу хүртэл гарч байсан:

… Хол л явлаа даа, хүүхдүүд чинь

Хонхтой бойтог нь үлдлээ дээ

Машин хөлөглөөд явлаа даа

Маамуу ээж нь үдлээ дээ .. гэж дуулдаг байсан.

Баруунтурууны хүүхдүүд, аавын минь урласан мөнгөн хонхтой бойтог өмсдөг байж. Ээж минь насаараа цэцэрлэгийн хүүхдүүдийг өвөр энгэртээ тэвэрч өсгөсөн. Аавын минь “хонхтой бойтог” өмсөж, ээжийн минь саальтай энгэрт тэврүүлж өссөн мянга мянган хүүхдүүд сайн яваа. Монгол Улсын аварга Мөнхбатын аав Сүхбаатар, хөдөлмөрийн баатар дэлхийн аварга Сумъяагийн аав Доржсүрэн гээд Турууны хүүхдүүд олоон олон. Бид хэд аав ээжээсээ есүүлээ. Манайх гэж хүний өөрийн арван хэдэн хүүхэд бужигнасан, аяга таваг нь бүгдээрээ сэтэрхий айл байсан даа.

-Та ийм нөхцөлд өсөж өндийж. Сургууль номоо хаана дүүргэлээ?

-Би Баруунтурууны арван жилийн дунд сургууль төгсөөд Москвагийн их сургуульд суралцаж “хөрс судлагч, хөрсний химич” мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгсөж ирээд 1982 онд Хөдөө аж ахуйн яаманд газар тариалангийн хэлтсийн мэргэжилтнээр орж ажил амьдралын гараагаа эхэлж байлаа. Суралцсан, ажилласантайгаа нийлээд 40 гаруй жил газар шороотой амьдралаа холбож явна даа.

-Хөдөө аж ахуйн яаманд анх ажилласан гэв үү?

-Би Содномдорж сайдын үед, энэ яамны босго алхсан хүн. Газар тариалан эрхэлсэн шадар сайд маань Б.Бадамжав гэж сайхан хүн байлаа. Эндхийн хүмүүстэй гар нийлээд сайхан ажиллаж байсаан. Нэг л юманд сэтгэл дундуур байлаа. Яаманд өдөр болгон алба ажил хөөцөлдөнө. Би болохоороо, үзсэн харснаа амьдралд хэрэгжүүлж, сурсан мэдсэнээ залууст хүргэмээр судалгааны ажил хиймээр, эрдмийн зэрэг цол хамгаалмаар санагдаад байдаг. Энэ тухайгаа сайд дарга нартаа удаа дараа үглэж байж ХААДС руу шилжсэн юм. Эндхийн хоолыг 20-иод жил хороосон доо. Энэ үедээ их зүйлийг мэдэж, судалгааны овоо их материал цуглуулж аваад эргээд МГУ-даа очиж эрдмийн зэрэг хамгаалсан юм. Ирээд ХАА-н дээд сургуульдаа Агрономийн факультетийн декан гэсэн хариуцлагатай хашиж байж, профессор С.Ичинхорлоо тэргүүтэй нөхөрсөг хамт олны дунд, оюутнуудтай ажиллалаа. Олон ч шавьтай болсон, олон ч хүүхдийг гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Ингэж байтал 1995 онд манай факультетийг Дархан хот руу нүүлгэнэ гээд баахан бужигналаа. Бид ч нүүхгүй, явахгүй гэж зүтгэсэн, олон ч хүн намайг дэмжиж байсан нь санаанд тод байна. Удалгүй тэр үеийн нэрээр МУИС, УБДС, ПДС, АУДС ХААДС гээд таван дээд сургуулийг нэгтгэсэн ПДС-ийн захирал асан Бадарч доктор тэргүүнтэй Их, дээд сургуулиудын консерциум байгуулж би анхных нь гүйцэтгэх захирлаар ажилласан юм. Удалгүй Бадарч захирал ЮНЕСКО-д алба хашихаар Москва явж, би ч энэ ажлаа өгөн шинэ тутам хөгжиж байгаа аялал жуулчлалын салбарт нэг хэсэг хүчээ сорьсноо орхиж, байгаль орчноо хамгаалахад нэмэр хандив болъё гэсэн сэтгэлээр “Монголын Ногоон загалмай нийгэмлэг” ТББ үүсгэн байгуулж сүүлийн 20 гаруй жил энэ үйлсэд зүрх сэтгэлээ зориулж явна.

-Хоёулаа одоо ярианыхаа үндсэн сэдэв рүү оръё. Би тантай анх 2006 онд Д.Сүхбаатарын талбайд уулзан танилцсан. Тэр үед УИХ-ийн гишүүн асан Д.Энхбатын удирдсан иргэний хөдөлгөөн ид хүчээ авч байсан үе. Д.Энхбат гэдэг маань миний эртний танил цогт эх оронч Дангаасүрэнгийн хүү. Эцэг нь шударга үнэний төлөө зоримог тэмцсэнээсээ болж МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр даргаасаа чөлөөлөгдөн “сэхээтний төөрөгдөл” гэх хилс хэргээр арга хэмжээ авагдан зовж зүдэрч явсан хүн. Д.Энхбат яг эцгийгээ дуурайсан эх оронч залуу. Тэр хөдөлгөөнд таны адил олон шударга эх орончид нэгдсэн байсан. Тэгээд л би та нартай нийлж бичиж, сурвалжилж явсан л даа. Энэ хөдөлгөөн яаж эхлээд, ямар зорилго тавьж байв ?

-Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй эх оронч хүмүүс нэгдэж, энэ хөдөлгөөнийг байгуулахдаа цөөн хэдэн хүн эрх мэдлээ ашиглан гадаадынхантай хуйвалдаж эх орноо хэсэглэн худалдаж байсныг зогсоох гэсэн зорилготой байсан. Нэг үгээр хэлбэл тэд баялагтай газар нутгийг сорчлон хувааж авангаа гадаад дотоодгүй лицензийн “хар зах” ажиллуулан Монгол орны тал хувийг зарчихсан юм. 1997 онд УИХ-ийн эрх мэдэлтнүүд хуйвалдан “Ашигт малтмалын хууль” гэгч хаа ч байдаггүй “сонгомол” хуулийг гадныхны захиалгаар баталснаар энэ ажил маш эрчимтэй хүрээгээ тэлсэн. Биднийг юугаа ч мэдэхгүй алмайрч явахад “Үндсэн хуулиа” зөрчин энэ хуулийг баталж байхад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хэн байсныг та санаж байгаа байх. Энэ ашигт малтмалын хуулинд хамгийн баялаг орд газруудаа үнэгүй, хүссэн хүн болгонд хүссэн хэмжээгээр нь өгч болохоор хуульчилсан юм. Тухайлбал өөрсдөө аваад зогсохгүй гэр бүлийнхэн, ах дүү төрөл саднаараа Монголын сор болсон газар нутгуудыг хуваагаад авчихсан. Нэг лицензээр 450 мянган га хүртэл талбайг авах эрх олгогдож байсан гээд бод доо. Өмнөговь аймаг л гэхэд 137 мянган км.кв нутагтай манай хамгийн том аймаг. Гэтэл үүнээс том нутгийг нэг хүнд өгчихөж байсан юм шүү. Тэр “Айвонхоу Майнзын” эзэн албин чөтгөр “хорт Боб” хочит Фридланд олон улсын нэг томоохон хурал дээр “Би Монголд Калифорниос том, эрдэнэсийн нутаг эзэмшдэг” хэмээн сайрхаж байсантай таарч байлаа. Япон нөхөртэй нэг монгол хүүхэн ганцхан өдрийн дотор 70 гаруй лиценз авчихдаг байлаа. Энэ мэтээр л Монголын газар нутгийг гадныхантай эвсэн тонон дээрэмдэх ажиллагаа эхэлсэн юм даа. Газрын лицензийг ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын удирдлагуудаас эхлээд төрийн эрх мэдэлтнүүд эхлээд 60 жилээр олгож, дараа нь хоёр удаа хорь хорин жилээр сунгаж 100 хүртэл жил эзэмшихээр хуульчилж зарим хүмүүс өнөөдөр дэлхий даамгүй баяжсаны товч түүх гэвэл энэ. Үүний эсрэг иргэний хөдөлгөөнүүд тэр үед тэмцээд хүчин мөхөсдсөн дөө. Их мөнгө харсан шуналын туламнууд одоо хүртэл төр засгийг эзэгнэсээр сууна.

-Оюу толгойн гэрээний асуудал ч үүнтэй холбоотой биз дээ?

-Тэгэлгүй яахав. Энэ бүлэглэлүүд чинь улсаа худалдаж, эх орноосоо урваж баяжсан л байхгүй юу. Улсаа худалдаж дээрэмдсэн, барьцаалсан бүлэглэлүүдийн гол удирдагчид өнөөдөр бидний толгой дээр зайдалсан учраас, бэлэн баримт байсаар байхад МАНАН бүлэглэлийн ганц нэг хүнийг барьж тавин муур хулгана болон тоглосоор л байна. Гадаадынхантай үгсэн хуйвалдаж газар нутгаа худалдаж буй явдал чинь эх орноосоо урвасан гэмт хэрэг юм шүү. Оффшор данстнуудыг сайн шалгавал Монгол Улсын энэ их өрийг дарчих хэмжээний хуримтлал тэнд элбэг бий болсон юм шиг ээ.

-Та “Ашигт малтмалын хууль” гарсан 90-ээд оны төгсгөл үеэс л эх орон ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр тэмцэж байгаа. Дэлхийн 30 гаруй оронд болсон байгаль орчны хуралд оролцож, 20 гаруй ном, 200 шахам нийтлэл бичсэн таныг монголчууд байтугай дэлхий таньдаг болсон. Газар шороо, байгаль орчныхоо төлөө тэмцсэн олон жишээ бий. Дархан-Уул аймгийн Хонгорын аймшигт хордлогын үеэр та тэнд л байсан. Дорноговийн нутгийг ураны цацраг идэвхтээр хордуулж байхад та мөн л тэнд явдаг байсан. Одоо Ноён уулынхаа төлөө та сүүлийн хэдэн олон жил тэмцэж олон нийтэд мэдээллийг цаг алдалгүй хүргэж байна. Энэ бүхнийг ярих гэвэл та бид хоёрт олон хоног хугацаа хэрэгтэй.

-Ноён уулаа үлдээх хоёр гол шалтгаан бий. Нэгдүгээрт, энэ уул чинь Монгол орны хойморт залардаг гол шүтээн. Эртний Хүннүчүүдийн сүнс шингэсэн байгалийн үзэсгэлэн төгс газар нутаг шүү дээ. Тэгээд монголчууд ноёд хаадынхаа алтан шарилыг энэ хайрханаа бараадуулж тавьдаг байж. Тийм онгон дагшин газар нутагтаа харийн луйварчдад сүйтгүүлмээргүй байгаа юм. Хоёрдугаарт, энэ уул, ойр орчмын газар доор хүнцэл (мышъяк) гэдэг аймшигт хор дүүрэн. Би хөрс судлаачийн хувьд энэ нутаг орны олон газарт судалгаа хийсэн. Лабораторийн шинжилгээ судалгааны цуглуулсан материал ч байна. Энэ уулын газар шороог хөндсөнөөс болж өнөөдөр Хараа гол руу жилд 3,3 тонн хүнцэл орж байгаа талаар Германы эрдэмтэн судлаачийн дүгнэлт бий. Хүнцэл ихэсвэл уул ус газар нутгийг хордож, яваандаа тэр хавийн хүн, мал үлдэхгүй дуусна гэсэн үг. Дээр үед хаад ноёдууд энэ л хороор бие биенээ хордуулж алж байсан юм. Би энэ тухай зөндөө л ярьж бичиж байгаа. Байгалийн ийм их хор хөнөөлтэй газрыг ухах гэлээ гэж л иргэний хөдөлгөөнийхөн хамтарч тэмцээд байгаа юм. Шүүхэд хандаад гурван жил гаран боллоо, 40 шахам удаа шүүх хуралдлаа. Олон улсын шүүхийн практикт ийм олон удаа хойшилсон хурал байхгүй, Гиннесийн номонд орохоор рекорд тогтлоо. Олон түмэн бол, их мөнгөтэй хүмүүс, авлигач шүүгчдэд нөлөөлж хойшлуулаад байна гэж үздэг. Манайх шиг тэрбумтан шүүгчидтэй орон олон байхгүй дээ. Арай л дэндэж байна.

-Та чинь нэг хэсэг БОАЖЯ-нд сайдын зөвлөх болчихсон яваа биз дээ?

-Тэгсэн. С.Оюун сайд мэргэжлийн хүний чинь хувьд тантай гар нийлж ажилламаар байна гэсэн. С.Оюун сайдын ах талийгаач С.Зоригтой хамт МГУ-д сурч байсны хувьд бид бие биенээ сайн мэдэх хүмүүс. Гар сэтгэл нийлэн сайхан ажиллаж байсаан. Одоо чинь тэгээд алба ажил болгон хугацаатай, хувь хүнээс үл хамаарах болж. Нам ялбал байж л байдаг, нам нь ялагдвал хэн ч байсан халагдаж солигддог хэцүү үе болжээ. Хувь хүнийг ажил мэргэжлээр нь бус аль намын, аль бүлэглэлийн, аль аймгийн, төрөл садан мөн үү, биш үү гэдгээр хэмжин, ямар ч мэдлэг мэргэжилгүй, бичиг үсэг мэддэг ч юмуу, үгүй ч юм уу хүмүүс алба хаших болж дээ. Хайран Монгол төр минь хогийн тантан болчихлоо.

-Таныг байгаль орчин, аялал жуулчлалын сайд С.Оюуны зөвлөхөөр ажиллахад, хүмүүс “ганц нүдээ оллоо” хэмээн их дэмжиж байсан. Тэгсэн чинь нэг л мэдэхэд халагдчихсан. Юу болчихов?

-Та мэднэ дээ, ер нь би чинь алба хэргэмд хэзээний дургүй огт шуналгүй хүн шүү дээ. Тэгээд ч ийм ороо бусгаа цагт яам тамга бараадах нь онцгүй санагдаж байлаа. Тэгэхдээ мэргэжлийн дагуу юм гэж бодоод очсон. С.Оюун сайд тал бүрийн мэдлэгтэй, их эвлэг ааш зантай сайн хүн. Одооны яам гэдэг газар чинь, янз бүрийн өв ургамал холилдсон, тэр дундаа хогийн өвс ургамал нь дийлэнх талдаа болчихсон газар юм билээ. Мөнгөний төлөө, албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй хүмүүс хааяагүй байна. Улсад юм бүтээе гэхээсээ, уут саваа яаж дүүргэх вэ гэсэн хүмүүстэй хамт ажиллах амаргүй юм билээ.

-Ганц хоёр баримт хэлж болох уу?

-Бололгүй яахав. Яам болгоны дэргэд улсын төсвөөс санхүүждэг олон сан байдаг юм. Эдний хамгийн жижиг БОАЖЯ-ны дэргэдэх “Байгаль хамгаалах сан” гэхэд л улсын төсвөөс жилд зургаан тэрбум төгрөгөөр санхүүждэг байлаа. Яамны сайд гарын үсэг зураад л дураараа зарлагаддаг сан. Би анх ажилд орохдоо энэ яамны дэргэдэх санг ийм маягаар ажиллуулж болохгүй гэдгээ сайдад шууд хэлдэг байлаа. Хэрвээ заавал байх шаардлагатай юм бол Сангийн тэргүүн болох сайд нь удирдах зөвлөл байгуулан зарлага орлого тооцдог, тайлангаа тавьдаг, ил тод сан байх ёстой гэж тэмцээд олон хүний дургүйг хүргэсэн. Голдуухан, тэр сангаас ямар нэг байдлаар хувь хүртдэг хүмүүс л эсэргүүцээд байдаг юм билээ. Харин С.Оюун сайд бол миний саналыг дэмжиж удирдах зөвлөл байгуулаад ил тод болгосон л доо. Яамны дэргэд ямар нэг сан байхыг би үгүйсгэхгүй. Гол нь улсын төсвөөс санхүүждэггүй, үйл ажиллагаа нь ил тод л байх ёстой. Одоо энэ ЖДҮ-ийг хар л даа. Яам тамгын газруудад ийм муухай зүйл үүрэлчихсэн байсан болохоор тэр доороо халагдаад чаддагаараа “Монголын Ногоон загалмай” нийгэмлэг ТББ-аа түшин ажил үйлчилгээ явуулж байна даа. Дэлхийн олон улс оронд ийм нэртэй 30 гаруй байгууллага байдаг юм. Байгаль хамгаалах чиглэлийн өргөн цар хүрээтэй ажил үйлчилгээ явуулдаг юм. Олон улсын төв нь Швейцарьт. Дэлхий нийтэд тулгамдаад байгаа асуудлууд ялангуяа хүн гэж араатнаас байгаль орчноо хамгаалах зорилготой байгууллага.

-Монголын газар шороо, уул, ус, хэдхэн жилийн дотор сүйрч гүйцэж байгаагийн эсрэг л тэмцэнэ гэсэн үг биз дээ?

-Тэгэлгүй яахав. Гадныхантай гар ганзага нийлсэн мафийн гэмээр болчихсон бүлэглэлүүд чинь Монгол орноо даанч хайрлах сэтгэлгүй сүйтгэлээ. Та хөдөөгүүр явахдаа тал нутагаа хараад сэтгэл тань өвддөг байх. Хаа л ухсан нүх, овоолсон шороо. Арайхан амь тавиагүй байгаа гол мөрнүүд нь улаан булингар татуулан урсаж байна. Түүнээс хүн, мал уугаад өвчилж, үхэж үрэгдэж байна. Монгол Улс 60-70 сая толгой малын бэлчээр хумигдаж байна. Байгаль орчны энэ гайхалтай мөлжлөгийг харж хандах, хамгаалж өмгөөлөх төр засаггүй боллоо.

-Таны бичсэн олон арван ном зохиол, кино, сургамжтай зүйлүүд бий. Тэр дундаас би “Хорвоогоор аялахуй” номыг чинь хэд дахин уншсан. Миний ширээний ном л доо. Та гадаадын олон хэл мэддэг, дэлхийн олон орноор аялж, тэндхийн жирийн амьдралыг нүдэнд харагдахаар бичдэг болохоороо нэн сонирхолтой. Тэр бүхнийг уншихаар дэлхий тойроод ирсэн юм шиг бодогддог шүү?

-Баярлалаа. Төр түмний буянаар би дэлхийн 50 гаруй орноор аялаж үзсэн. Голдуухан хурал зөвлөгөөний хүрээнд л дээ. Гэхдээ би очсон газар болгондоо хуралд суугаад, алба ажлаа хөөцөлдөөд ирдэггүй. Чөлөө зав л гарвал хот, хөдөөгөөр нь явж, жирийн олны амьдралыг их сонирхдог. Айл хунараар ордог. Янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүстэй хуучилж, зовлон жаргалаа хуваалцдаг. Тэр бүхэндээ зураг авна, бичлэг байнга хийнэ. Энэ бүхэн маань миний номны материал болдог юм. Энэ төрийн төлөөлөгчид ихэнхдээ хуралд сууж, бэлтгэсэн үг хэлчихээд, тансаг зочид буудалд хоол цайны дээдээр дайлуулчихаад ирж байгаа шүү дээ. Би түүнийг жаахан өөр өнцгөөс харъя л гэж боддог хүн. Манайхан чинь нэг зочин төлөөлөгч ирэх л болвол аль эртнээс бэлдээд хөдөө нэг баяныхаар оруулж цайлж дайлаад, эхнэртэй нь ижил зүсмийн морь унуулж зургийг нь авахуулаад “Монгол Улс ардчиллын замаар үлгэр жишээ хөгжиж байна” гэсэн сэтгэгдэлтэйгээр л буцаадаг шүү дээ. Одоо тэдний үгэнд итгэх хүн даанч байхгүй болж дээ. “Алт бидний ирээдүй мөн үү”, “Монголдоо сайхан амьдаръя” гэхчлэн 2006 онд гарсан баримтат кинонуудыг та үзсэн болов уу. Мөн л байгаль орчныг хамгаалахтай холбоотой сэдвүүд. Лицензийн наймаа, мөнгөн ус, циан, хүнцлийн хорны талаар нэлээн хурц асуудлуудыг дэвшүүлж тавьдаг учраас хүмүүс сонирхдог юм.

-Сэдвээсээ нэлээн гажиж нэг зүйл асууя. Та УИХ-ын гишүүнд миний мэдэхээс хоёр удаа нэр дэвшиж байсан. Хүмүүс таныг яасан ч гараад ирнэ гэж хардаг байсан боловч, чаддаггүй байсан. Яагаад тэгсэн юм бол?

-Миний бодол бол УИХ-ын гишүүн болчихвол байгаль орчны талаар хүчтэй дуугарч, дэмжлэг авч болох юм л гэж боддог байсан. Шалдан гуялсан намайг “Ногоон намын” нөхдүүд УИХ-ын сонгуульд өрсөлд гэж бараг хүчээр шахалт үзүүлж байсан юм. Би ялаагүй ч гэсэн сонгууль гээч юмны мөн чанарыг сайн ойлгосон. Сонгуулийн өмнөх уулзалтууд дээр “таны төлөө санал өгнө “ гэж мөн ч олон хүн амласан даа. Дүн гарахад нөгөө л их мөнгө, эд бараа тараасан, цайлж, дайлсан, худлаа амласан хүмүүст саналаа өгчихсөн байдаг юм билээ. Дархан хотод тэндхийн дарга байсан, одоо энэ УИХ-ын гишүүн байгаа Д.Хаянхярваатай өрсөлдөөд ялагдчихсан. 2012 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт Д.Тэрбишдагва, Н.Алтанхуяг, Л.Эрдэнэчимэг нарын хүмүүстэй өрсөлдөөд ялагдсан. Нэг найз маань надад “Банкиндаа зургаан сая төгрөгтэй хүн, зургаан тэрбум төгрөгтэй хүмүүстэй өрсөлдөж яахнав дээ” боль гэж байсан. Үнэн л юм билээ.

-Гэр бүлийн амьдралаа сонирхуулах уу?

-Эхнэрийнхээ хамт амьдардаг. Эхнэр Д.Батбулгаа багш-сэтгэл судлаач хүн. Багшийн сургуульд багш, сэтгэл судлаачаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Хүү, охин хоёртой, хоёулаа тусдаа гарчихсан. Одоо зургаан ач зээ, банди нар л бужигнаж байна. Сагсны сайн багтай болох байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *