Categories
мэдээ нийгэм

Валютын ханш өсөж, түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар энэ он гарснаас хойш дизель түлшний үнэ 451 төгрөгөөр, АИ-92 бензиний үнэ 432 төгрөгөөр, АИ-95 бензин 414 төгрөгөөр тус тус нэмэгджээ. Өнгөрөгч зургадугаар сарын 1-нд АИ-92 бензин 1680 төгрөг байсан. Харин өдгөө 100 айл худалдааны төв дэх “Петровис”-ын салбарт АИ-92 бензин 1985 төгрөг болж нэмэгдээд байгаа юм. Түүнчлэн дизель түлш 2385 төгрөг, АИ-95 бензиний үнэ 2345 төгрөг байна. Хөдөө орон нутгийн “Петровис”-ын салбарт АИ-92 бензин 2200 төгрөгт хүрчээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Петровис”-ын шатахуун түгээгүүрийн газарт энэ сарын 3-ны байдлаар АИ-92 бензиний үнэ 1920 байсан бол өчигдөр 2000 төгрөг болж нэмэгдсэн байна.

100 айл худалдааны төв дэх “Петровис”-ын салбарт очиход “Sonata 5” маркийн машин түрж харагдах Т.Мөнгөнхүлэг гэх залуутай таарав. Машиных нь бензин дуусч ийнхүү шатахуун түгээх газар бараадсан гэнэ. Тэрээр “Би хувийн такси үйлчилгээ эрхэлж өдрийн орлогоо олдог хүн. Харин одоо таксинд явж амьжиргаагаа залгуулна гэж байхгүй боллоо. Миний автомашин 100 км-т 12-13 литр бензин зарцуулдаг. Ер нь шатахууны үнийг төр засгаас барих хэрэгтэй гэж боддог. Иргэн хүнийхээ хувьд төр засаг дутуу ажиллаад байна уу гэж харж байна” гэсэн юм. Ийнхүү бензиний үнэ нэмэгдэж буйтай зэрэгцэн валютын ханш ч өссөөр байна. Тодруулбал, өчигдөр 15:00 цагийн байдлаар “Найман шарга” валютын зах дээр ам.долларын ханш 2568 төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн зургадугаар сарын 1-ний өдрөөс 158 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм.

“Алтан тариа” компанийн гурил 60-250 төгрөгөөр нэмэгдсэн байна

Шатахуун, валютын үнэ өсч буй энэ үед өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаад байна. Манай сурвалжлах баг хүнсний томоохон худалдааны төвүүд дээр очиж энэ талаар сурвалжиллаа. “Хүчит шонхор” худалдааны төвд өчигдөр өглөөний 11:00 цагт очиход худалдан авагчгүй хоосон орчин угтав. Гурил, будааны төрөлжсөн лангуун дээр очиж худалдагч Т.Батцэцэгтэй ярилцлаа.

-Танай лангуунд ирж байгаа гурилын үнэ хэр нэмэгдсэн бэ?

-Өнгөрсөн долоо хоногт “Алтан тариа”, “Улаанбаатар” компаниудын гурилын үнэ нэмэгдэж ирсэн. “Алтан тариа” гэхэд нэг кг нь 60-250 төгрөгөөр нэмэгдсэн. “Алтан тариа” дээд гурилын 25 кг нь үйлдвэрээсээ 27750 төгрөгөөр ирдэг байсан бол одоо 29250 төгрөгөөр ирж байна. Нэгдүгээр гурил нь нэг кг нь зуун төгрөгөөр нэмэгдсэн. Дээдийн дээд нь 250 төгрөгөөр нэмэгдчихээд байна. Түүнчлэн “Улаанбаатар” дээд гурил нэг кг нь 100 төгрөгөөр нэмэгдэж ирсэн. Нэмэгдээгүй гурил гэхэд 30 мянган төгрөгийн үнэтэй байна даа. Намайг энд долоон жилийн өмнө анх худалдагчаар ирж байхад 25 кг-ын гурил 10 мянган төгрөгийн үнэтэй байсан.

-Гурилын үнэ яагаад нэмэгдээд байна вэ?

-Мэдэх юм алга. Бензиний үнийн нэмэгдэлтэй холбоотой юм болов уу гэж бодож байна. Тэрнээс бид нар нэмээд байгаа юм биш. Цаанаасаа нэмэгдэж ирээд байна. Бид лангуу түрээсийн мөнгө, бараа зөөгч хөлсөлнө гээд зарлага ихтэй байдаг. Нэг шуудай гурил дээр 1000 төгрөг л нэмж зарж байна гэв.

Өнгөрсөн зургадугаар сарын 1-нд “Алтан тариа” дээдийн дээд гурил 25 кг нь 40000 төгрөгийн үнэтэй байжээ. Харин өдгөө 5000 төгрөгөөр нэмэгдсэн байна. “Бөмбөгөр” худалдааны төвд “Алтан тариа” дээдийн дээд гурил 45000 төгрөгийн үнэтэй байна. “Алтан тариа” дээд гурил нь өнгөрөгч зургадугаар сарын 1-нд кг нь 1350 төгрөг байсан бол одоо кг нь 50 төгрөгөөр нэмэгдэж 25 кг дээд гурил 31500 төгрөгийн үнэтэй болжээ. Нарантуул худалдааны төвд ч мөн энэ сарын 1-нээс эхлэн “Алтан тариа”, “Улаанбаатар” компанийн гурил 50-250 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Хоолныхоо шөлөнд өнгө оруулдаг юм уу гээд л яс түүгээд зогсож байнагэв

“Нарантуул-2” худалдааны төвийн мах худалддаг лангуун дээр бид очлоо. Тус зах дээр хонины ястай мах нэг кг нь 5200 төгрөг, хонины цул мах 6300, адууны цул мах 5800, адууны ястай мах 5500, үхрийн ястай мах 6500, үхрийн цул мах нэг кг нь 6800 төгрөгийн үнэтэй байна. Эндхийн мах бэлтгэлийн төвд хонины гулууз мах кг нь 3800-4200 төгрөг, үхрийн гулууз мах кг нь 5200 төгрөгийн үнэтэй ирдэг аж. Энэ талаар “Нарантуул-2” худалдааны төвийн худалдагч Б.Ганбаяр “Махны үнэ хэвийн түвшинд байгаа. Яагаад гэвэл хятад ченжүүд мах ихээр худалдан авч байна. Гэхдээ махны үнэ өвөл болохоор өсчихдөг. Идэш тэжээлийн цаг болохоор тэгдэг байх. Махны үнэ өдөр бүр л хэлбэлзэж байдаг шүү дээ. Манай найз “Хүчит шонхор”-т хонины гулууз мах зардаг. Өнөөдөр гэхэд тэр хонины гулууз махаа кг нь 4500-4600 төгрөгийн үнэтэй зарж байна. Хоёр хоногийн өмнө намайг очиход 4100 төгрөгөөр зарж байсан” гэлээ. Харин “Хүчит шонхор” худалдааны төвийн махны үнэ “Нарантуул-2” худалдааны төвтэй ойролцоо байна. Тодруулбал, хонины ястай мах кг нь 5500 төгрөг, хонины цул мах 6100 төгрөг, адууны мах 5800, үхрийн ястай мах 6000, үхрийн цул мах 6500 төгрөгийн үнэтэй байна. Харин “Бөмбөгөр” худалдааны төв дээр махны үнэ харьцангуй өндөр байлаа. Тодруулбал, хонины ястай мах 6500, хонины цул мах 6800, адууны ястай мах 7000, адууны цул мах 7500, үхрийн ястай мах 8000, үхрийн цул мах 9000 төгрөг байна.

Манай сурвалжлах баг “Нарантуул-2” худалдааны төвийн мах бэлтгэлийн цехт очсон юм. Тэнд шулсан махны ясыг түүж шуудайлж буй Р.Буяндэлгэртэй таарлаа. Тэрээр махтай харагдах яснуудыг шуудайлан зогсож байв. Түүнтэй энэ талаар ярилцлаа.

-Та энэ ясыг юунд хэрэглэдэг вэ?

-Хүнсэндээ хэрэглэдэг. Махны үнэ тэнгэрт хадаж манай гэрийнхэн туйлдаад байна. Хоолныхоо шөлөнд өнгө оруулдаг юм уу гээд л яс түүгээд зогсож байна. Би нэг компанид цэвэрлэгч хийдэг. Сарын 300 мянган төгрөгийн цалинтай. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөд гар дээр 250 мянган төгрөг л авдаг. Өвөл ирж байна. Нүүрсний үнэ тэнгэрт хадчихлаа. Тиймээс мах авах мөнгөгүй болчихсон. Хүнсний ногооны үнэ хямдхан байгаа болохоор шулсан ястай буцалгаад идчихдэг. Энэ яснуудыг эндхийн худалдагчид кг-ийг нь 500 төгрөгөөр зардаг.

-Тэгэхээр эндээс яс авахыг хориглодог хэрэг үү?

-Тийм ээ. Намайг эндээс яс авч байхыг харчих юм бол хөөж туух байх. Гэхдээ зарим худалдагч хайрцагт хэдэн яс хийгээд гаргаж ирж өгдөг шүү. Манай улс дэлхийд хамгийн олон малтай гэдэг шүү дээ. Махны үнэ яагаад хямдардаггүй юм бол гэж боддог.

-Танайх ам бүл хэдүүлээ вэ. Танаас өөр ажил хийдэг хүн байгаа юу?

-Манайх ам бүл дөрвүүлээ. Нөхөр өнгөрөөд гурван жил болж байна. Хүүхдүүд маань цэцэрлэг сургуульд явдаг. Хамгийн бага нь таван настай. Том нь тавдугаар анги гэв.

Ард иргэд ийнхүү туйлдаж байхад талхны үнэ нэмэгджээ. Өнгөрөгч зургадугаар сарын 1-нд “Атар” талхны үнэ 100 төгрөгөөр, “Мишээл” хэрчсэн талхны үнэ 200 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. “Хүчит шонхор” худалдааны төвд цагаан будаа нэг кг нь 2500 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна. Харин хүүхдийн будаа 1490 төгрөг болжээ. Өндөг ширхэг нь 290-320 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин өнгөрөгч зургадугаар сарын 1-ний байдлаар 250 төгрөг байсан гэнэ. Харин задгай сүү литр нь 1900 төгрөгийн үнэтэй байна.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *