Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Яндан бий болсноор монголчууд ямар ч гэсэн улцан нүднээсээ салсан юм гэсэн шүү

Улаанбаатарын өвлийн утаа нийслэлчүүдэд зовлон болоод удаж байна. Өнөө жил утаагүй өвөлжихийн тулд гэр хорооллын 100 мянган айлын янданд шүүлтүүр тавина гэж байгаа. Энэ нь бидний өмнө хэрэглэж байсан энгийн нэг шүүлтүүр биш. Цахилгаан индукцийн аргаар утаанд агуулагддаг хорт бодисыг бүрэн шатаах төхөөрөмж юм. Нэг ширхэг нь таван зуугаад мянган төгрөгийн үнэтэй бөгөөд шинжлэх ухаанаар баталгаажсан технологийн шийдэл гэсэн. Үүнд зориулж улсын төсөвт 54 тэрбум төгрөг суулгаад байгаа. Тэгвэл янданд суурилуулах энэхүү индукцин төхөөрөмж нэлээд хэл ам дагуулах болов. Хамгийн түрүүнд “Яндангийн шүүлтүүр нэрээр улсаас их хэмжээний мөнгө хуслаа” гэж салбарын сайдыг цоллож байна. Бас “Индукцин шүүлтүүр нь тогоор ажилладаг гэсэн. Хэрэв цахилгаан тасарчихвал угаартаж үхнэ”, “Гэр хорооллын айлуудад энэ янданг суурилуулахаар тогны ачаалал дийлэхгүй унана. Шинэ станцууд барих шаардлагатай”, “Яндандаа зориулж байгаа цахилгаанаар гэрээ халаасан нь дээр” гэх зэрэг шүүмжлэлээр булж, нийгэм даяар шуугьж байна.

Яндангийн тухай ийм дуулиан шуугиан монголчуудын хувьд цоо шинэ үзэгдэл биш. Өнгөрсөн зууны 40, 50-иад онд яг өнөөдрийнх шиг шүүмжлэл давалгаалж байсан юм гэнэ лээ. Тулганд галаа ноцоодог байсан манай ард түмэн зуух, яндангийн талаар төсөөлөлгүй байсан цаг үе болохоор аргагүй л дээ. Тиймдээ ч хуучцуул “Муу ёрын цаг ирнэ. Морины туурай тооноор цухуйна” гэж шинэ цагийнхныг айлгаж, зуух янданг хүчтэй эсэргүүцэж байсан гэдэг. Тухайн үед энэ суртал ухуулгыг сөрж чадсанаар монгол гэр болгоны тооноор яндан гарч ирсэн юм. Гэр дотор хөшиглөж байсан задгай тулганы битүү утаа байхгүй болов. Яндан, зуухны талаарх шинэ цагийн уриа дуудлага ийнхүү соёлт байдлын илэрхийлэл болж байлаа. Үнс нурам пургиж, хоолой, нүд хорсгосон хуучин цаг ард хоцров. Гэр доторх түнэр харанхуй утаа алга болсноор улаан нүдэн монголчууд улцангаасаа салж, хар нүдэн монголчууд бий болсон билээ. Энэ бол тэр үедээ монгол түмний хувьд том хувьсгал байв.

Одоо цагт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын албан тушаалаа барьцаалан байж шаталтыг бүрэн дэмжигч индцукин төхөөрөмж нэвтрүүлэх гэсэн чин хүслийг нь хараад байхад сая өгүүлсэн яндангийн хувьсгалтай адил санагдаж байна. Өнөөдөр гэр хороололд 220-иод мянган өрх амьдардаг гэсэн статистик байдаг. Орчин үеийн технологийн дэвшлээр халаалтын асуудлаа шийдсэн айл нь тун цөөхөн. Бас дулаалга сайтай гэр, байшингууд ч ховор. Ямар нэгэн байдлаар гал түлж л байгаа бол тэндээс утаа гарч л таарна. Эхний удаад 100 мянган айлын янданд индукцин төхөөрөмж суурилуулаад үлдсэн өрхүүдээ сайжруулсан түлшээр хангачихвал Улаанбаатарын утаа 50 хувь багасна гэсэн амлалтыг салбарын сайд өглөө. Хэрэв түүний хэлснээр хотын утаа буурахгүй бол хариуцлагыг нь хүлээнэ гэдгээ ч мэдэгдсэн. Ингэж албан тушаалаа барьцаалж ажил үүргээ гүйцэтгэж буй төрийн түшээг сүүлийн үед дуулаагүй юм байна.

Монгол улс утаанаасаа салах гэж өчнөөн янзаар оролдож үзлээ. Бүхэл бүтэн хөтөлбөр хэрэлжүүлж утаагүй зуухыг Улаанбаатар даяар тараасан боловч үр дүнгээ өгөөгүй. Утаагүй түлшний үйлдвэрлэлд 14 тэрбумыг зарцуулсан ч үйл ажиллагаа нь явагдаагүй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэд хэдэн бүсэд дэд бүтэц, орон сууцны ажлуудыг хэрэгжүүлж байгаа хэр нь богино хугацаанд утаанаас сална гэдэг амаргүй болоод байна. Ер нь утаанаас бүрмөсөн салах төгс шийдэл нь гэр хорооллын айлуудыг орон сууцанд оруулах гэдэгтэй бүх нийтээрээ санал нийлдэг. Харамсалтай нь их хэмжээний хөрөнгө мөнгө шаардсан энэ ажилд хугацаа нэлээн шаардагдана.

Утаа бол яндангаас л гардаг. Зуухан дахь түлшний шаталтыг нь сайжруулж, дэмжих төхөөрөмжийг яндантайгаа холбочихвол эндээс хорт утаа суунаглахгүй болно. Н.Цэрэнбат сайдын нэвтрүүлнэ гээд яриад байгаа энэ төхөөрөмж бол Монголын хөрсөнд нэлээд тохирсон эд бололтой. Дэлхийд цахилгаан барааны брэнд болж чадсан “Haiеr” компанийн үйлдвэрлэсэн технологийн дэвшил гэсэн. Үүнийг Монголд нэвтрүүлэхээр багагүй хугацаанд туршилтын ажлууд хийсэн юм билээ. Тиймээс хотын утааг 50 хувь буурна гэсэн Н.Цэрэнбат сайдын гарсан ам итгэл үнэмшилтэй харагдаад байна. Ер нь залуу сайд Н.Цэрэнбатыг дэмжвэл яасан юм бэ. Яндандаа тэр төхөөрөмжийг нь суулгаад үзээд алдъя. Богино хугацаанд хорт утаанаас салах өөр сонголт одоогоор алга. Ямартаа ч гурван жил ажиллах баталгаа өгсөн индукцин яндангаа хэрэглэж байх зуур дэд бүтэц, орон сууц барих ажлаа эрчимжүүлнэ гэсэн төлөвлөгөө энэ Засгийн газарт байгаа юм билээ.

Тэртээх он жилүүдэд зуух, яндагийн хувьсгал болж монгол гэр доторх бүрхсэн утаанаасаа салсан. Утаа үгүй болж, монголчууд улцангаасаа салсан. Одоо энэ яндангийн хувьсгал Улаанбаатарын гудамжийг утаанаас салгаж мадагүй байна. Тэгвэл монголчууд уушгины өвчлөл, уур уцаарнаасаа ч ангижирна даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *