УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандантай ярилцлаа.
-Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хаяглан шүүмжилсэн үгс тань олны анхаарлыг татаж байна. Гэнэт яагаад шүүмжлэх болов гээд олон хүн гайхаж байна л даа…
-У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад үндсэндээ нэг жил боллоо. “Хариуцлагын хувьсгал хийнэ” гэж байсан шүү дээ, У.Хүрэлсүх. Ман-ын бүлэг 32, 33-аараа хуваагдаад Засгийн газраа байгуулж чадахгүй байхад нь “Шударга ёсны хайчийг хөдөлгөнө” гэхээр нь Засгийн газрыг нь ан-ын бүлэг дэмжиж байгуулж өгсөн юм аа. Засгийн газар байгуулагдаад нэг жил болсон энэ хугацаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.нямдорж нараас би гурван зүйл л хүсч байгаа. нэгдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой будлианыг нэг тийш нь болгож өгөөрэй. Худалдан авалтаас эхлээд 51 хувийг нь барьцаанд тавьж хувийн хэвшил зээл авсан, 49 хувийн хуудуутай асуудлыг шийдээрэй гэсэн ч ахиц гарсангүй. Би ямар ч хүнтэй зарчим дээр нөхөрлөдөг. Хоёрдугаарт, С.Зоригийн хэргийг илрүүлнэ, захиалагчийг нь зарлана, хэргийг ил тод болгоно гэж Засгийн газар байгуулагдсан. нэг жил болчихлоо. Одоо шийдэхгүй юм уу. Гуравдугаарт, хуульт ёсыг тогтооно, шударга ёсны хайчийг хөдөлгөнө гэж энэ Засгийн газар байгуулагдсан. Нэг жил боллоо. Хуулийн хайч, шударга ёсны хайч хөдөлж байна уу. Хууль хяналтын байгууллагын улстөржсөн байдлыг арилгана гэж энэ Засгийн газар байгуулагдсан. Ахиц гарахгүй байна. Эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдсан хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ гэж энэ Засгийн газар байгуулагдсан. Эмч, багш нар сэтгэл хангалуун бус байгаа. Миний хувьд аливаа Засгийн газар байгуулагдсаны дараа нэг жил чимээгүй хардаг. Болж өгвөл дэмждэг. Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ташуурдах цаг болсон. Ажил хиймээр байна.
-Таны итгэл алдарсан гэсэн үг үү?
-Засгийн газар ажлаа хийх ёстой. Хийж чадахгүй бол хариуцлага тооцож огцрох ёстой гэдэг АН-ын улс төрийн бодлогын шийдвэр гарсан. Би Ардчилсан намын бүлгийн дэд даргын хувьд улс төрийн бодлогын шийдвэртэй санал нэг байгаа. Шударга ёсны хайчаа ажиллуул, Эрдэнэтийн асуудлаа нэг талд нь гаргаж шийд гэж У.Хүрэлсүхийн Засгийн газраас шаардаж байна. Түүнээс бус би хэн нэгэнтэй муудсан, хувийн ашиг сонирхлын үүднээс асуудалд хандаагүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар, Ц.Нямдорж сайдаас шударга ёсны хайчаа ажиллуулахыг шаардаж байна. Оффшорын асуудлуудыг цэгцэлнэ гэсэн яав. Нэг жил чимээгүй харлаа. У.Хүрэлсүхийн Засгийн газарт итгэл алдарлаа. Ажлаа хий, амласан хувьсгалаа эхлүүл. Чадахгүй бол хариуцлагаа хүлээ гэх байна даа.
-Энэ бүхнийг хийж чадахгүй бол яах юм. Засгийн газар огцрох ёстой юу?
-Ардчилсан намын бүлгийн шийдвэр “У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох нөхцөл бүрдлээ” гэж гарсан. Төрийн албанд хариуцлагагүй байдал газар авлаа. Амлалтаа хэрэгжүүлэхгүй байна гэж иргэд бухимдаж байна шүү дээ. “60 тэрбумтай хариуцлага тооцно” гэж У.Хүрэлсүх амласан. Одоо 60 тэрбумтайгаа эвлэрчихсэн ганзага нийлээд явж байна. Төрийн албан тушаалыг худалддаг, худалдан авдаг хуучин систем рүүгээ буцаад орчихлоо. Шударга ёсны төлөө явдаг залуусыг ганцаардуулдаг хуучин арга барил руугаа ороод эхэллээ, тэд. Нийтийн сонсгол явуулахыг дэмжиж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг дэмжиж би гарын үсэг зурсан. Ээлжит бус чуулган зарлагдах болов уу гээд өдөр бүр өрөөндөө хүлээх юм. Гишүүд ажилдаа орохгүй юм уу. Наадмын дараа намар гэдэг. Сургууль, цэцэрлэгийн тендерийн дөнгөж 50 гаруйхан хувь нь зарлагдсан байна. Сургууль, цэцэрлэгийнхээ бэлтгэлийг хангахгүй юм уу. Саяын борооноор улсын хэмжээнд 100 гаруй зам, гүүр, дэд бүтэц эвдэрсэн. Үүнийгээ засч, янзлах төсвийг батлахгүй юм уу. УИХ, Засгийн газар өвлийн бэлтгэлдээ орох ёстой. Түүнээс биш би хэн нэгнээс өс хонзон авах гэж, мууг нь үзэх гээд байгаа юм биш.
-Сошиал сүлжээнд Ж.Батзандангийн төрийн албанд хамаатнуудаа шахсан ургийн мод гээд явж байсан. Таныг ах, эгч нараа төрийн өндөр албан тушаалд томилуулсан гэдэг шүүмжлэл явж байна. Үнэн үү?
-Оюу толгой төрийн алба биш. Миний эгч Оюу толгойг байгуулагдсан цагаас нь хойш ажилласан. Би ганцхан эгчтэй. Эгч маань Австралид мастер, доктор хамгаалсан маш өндөр боловсролтой. Тэр хүн надаас дэмжлэг авах нь бүү хэл намайг дэмждэг. Олон улсын олон байгууллагад өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. Би дээрээ олон ахтай. Надад малчин ах бий. Мал хариулах төрийн алба уу. Жолооч ах байна. Жолоочийг төрийн алба гэдэггүй юм. Их сургуулийн багш, профессор ах маань байдаг. Үүнийг төрийн алба гэдэг юм уу. Нэг ах маань надаас өмнө намайг оюутан байхад төрийн албанд агентлагийн даргын түвшинд ажиллаж байсан. Би 2004 онд улс төрд орж ирсэн бол манай ах 1995 оноос хойш төрд өндөр албан тушаал хашиж ирсэн. Миний аав намайг төрөхөөс өмнө Сүхбаатар аймгийн прокурор, Улсын прокурорт өндөр албан тушаал хашиж явсан. Өвөө маань намайг сураггүй байхад Х.Чойбалсангийн хажууд ажиллаж байсан юм шүү. Надаас ах, надаас өмнө төрд ажиллаж байсан ах маань надад тусалдаг болохоос би тэр хүмүүст тусалдаггүй. Тэгээд ч надаас тусламж авахаар тийм дорой, буурай хүмүүс биш. Ж.Батзандангийн хамаатнуудын албан тушаалын ургийн мод ч гэнэ үү зураг гаргаад тавьсан байна лээ. Тэнд гурван доктор, аравдугаар ангиа алтан медальтай төгссөн гурав, аравдугаар ангиа онц дүнтэй төгссөн гурван хүн байна. Тэд надаар амьдралаа заалгадаггүй. Би айлын бага. Миний малчин, жолооч ах нар ч гэсэн надаас тусламж, дэмжлэг авдаггүй. Өөрсдийн амьдралаа аваад явчих хэмжээний бардам, бахдам хүмүүс. Нэг ах маань төрийн албанд ажиллаж байгаад сая ажлаа өгсөн байна лээ. Би зөв гэж бодож байгаа. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай. Ер нь төрийн албанд зүтгэж буй хүн бүр эрх мэдэлтэй байхдаа төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх хэрэгтэй. Цаг нь ирэхээр үг дуугүй ажлаа өгөөд явдаг байх ёстой. Талийгаач ах маань 2012 онд төрд ажиллаж байхад нь жижиг сажиг асуудал дуулдангуут нь би Төрийн өмчийн хороо руу албан бичиг явуулаад ажлаас нь гаргаж байсан. Сая үер усны аюул боллоо ахыг чинь чөлөөлөх гэж байна гэхэд нь би “Чөлөөл өө” л гэсэн. Би өөр юу хийх ёстой юм бэ.
-Тань руу яагаад гэнэт ийм дайралтууд шил дараалан ирэх болов?
-Хөөрхий дөө, атаархагчид болон сул дорой хүмүүс хүн рүү дайрах дуртай байдаг. Батзандан өдөр бүр ажил хийдэг тул атаархахдаа дайрдаг болов уу гэж боддог. Өнөөдөр (өчигдөр) Төрийн ордонд надаас өөр нэг ч гишүүн алга. Би эмч, багш нараа хүлээж авч уулзаад, холбогдох сайд албан тушаалтнуудтай ярилаа. Засаглалын реформ, Үндсэн хуулийн шинэчлэл хийх ард нийтийн санал асуулга явуулах гэж байна. Би зүгээр сууж чаддаггүй хүн. Жингэр нохой хуцаж л байг, жингийн цуваа явдгаараа явна. Батзандан ажлаа хийнэ, нохдууд бооролж л бай.
-Засаг руу хандсан ширүүхэн үгний тань хариу юм биш үү?
-Би 2004 онд иргэний хөдөлгөөн байгуулан иргэний нийгмийн улс төрөөр дамжиж Монголын улс төрд орж ирсэн. Эрх баригч нам намайг барьж аваад шоронд хорьж, цаазын ял хүртэл өгч байсан. Гэхдээ үнэнд гүйцэгддэг юм. Үнэн үгний үнэ цэнийг хэн ч дарж чаддаггүй юм шүү дээ. Үнэний төлөө тэмцэж байгаа улстөрчийг хэн ч айлгаж, зогсоож чадахгүй. Батзандангийн тэмцлийг мохоох гэж олон арван жил эсэргүүцэж, улдан чангааж байгаа ч үнэн ялна. Дөрвөн жилийн өмнө намайг оффшорын эсрэг хууль санаачилахад бүгд эсэргүүцэж байлаа. Эцэст нь хэлбэрийг нь өөрчлөөд баталсан. 10 жилийн өмнө авлигын эсрэг тэмцэл эхлүүлэхэд тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Монголд авлига байхгүй” гэж байсан л даа. Гэсэн ч өнөөдөр өөрөө авлигатай тэмцэнэ гээд явж байна. 12 жилийн өмнө иргэний нийгмийн зохион бай-гуулалтыг дэмжиж иргэний хөдөлгөөнийг байгуулахад иргэний хөдөлгөөн шиг муухай юм байхгүй гэж байв. Гэтэл аймаг, сум, баг бүрт иргэний нийгмийн байгууллага бий болж иргэд үзэл болдоо илэрхийлдэг болсон. Иргэд эх орныхоо төлөө л дуугарч эхэлсэн. Энэ гайхамшиг. Би ард нийтийн санал асуулгын хуулиа өргөн барих гэж байна. Засаглалын хэлбэрээ өөрчилье гэдэг санал оруулж байгаа. Бид парламентын засаглалаар явах уу, Ерөнхийлөгчийн засаглал руу орох уу, сонгодог Канцлерийн буюу хүчтэй Ерөнхий сайдын засаглал руу явах уу гэдгээ монголчууд шийдэх ёстой. Өнөөдрийн үлгэн салган тогтолцоогоор урагшаа явах боломжгүй гэдэг нь ойлгомжтой болсон.
Ямар ч Засгийн газар гарч ирээд Монголыг өөрчилж, аварч чадахгүй юм байна гэдэг нь харагдлаа. Миний итгэл У.Хүрэлсүхийн Засгийн газраар төгсгөл болж байна. Би У.Хүрэлсүхэд итгэж байсан. Түүний Засгийн газар юу ч хийж чадахгүй юм байна гэдэг нь өнөөдөр харагдлаа. Үүнээс хойш мянга мянган Засгийн газар байгуулагдаад Монгол өөрчлөгдөхгүй гэдэг нь ойлгомжтой боллоо. Улс төрийн энэ завхралаас гарах гарц нь улс төрийн реформ, Үндсэн хуулийн өөрчлөлт юм аа. Үүний төлөө би нийгмийг уриалан дуудна. Үүний төлөө нийгмийг хамарсан том тэмцлийг би эхлүүлнэ. Ноход хуцаж л байг. Би Монголыг аврах гэж ирсэн. Монголыг өөрчлөх гэж би төрсөн юм. Над шиг мянга мянган эх оронч байгаа гэдэгт итгэж байна.
-Таныхаар Монгол Улсад ямар засаглалын хэлбэр нь илүү тохиромжтой гэж?
-Өнөөдөрийн холимог, тодорхойгүй засаглалын хэлбэр манайд тохирохгүй гэдэг нь батлагдлаа. 28 жилийн турш харлаа. Засаглалын тогтворгүй хэлбэрээр цаашид явах боломжгүй гэдэг нь нотлогдож байна. Ядуурал 30 хувьд хүрлээ. Монголын дийлэнх тэр дундаа газрын хэвлийн баялаг харийнхны гарт очиж, хэдхэн хүн баяжиж, Монголын ард түмэн ядуурлаа. Энэ нь улс төрийн болоод засаглалын хямралтай шууд холбоотой. Бид уг хямралаас гарахын тулд ард нийтээсээ асуух ёстой. Ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй. Сонгодог парламентын засаглал руу орох уу, сонгодог Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, хүчтэй Ерөнхий сайд буюу Канцлерийн тогтолцоо руу явах эсэхээ асуух хэрэгтэй. Ард түмнээсээ асуулгүйгээр 76 гишүүн Төрийн ордонд шууд шийдэх боломжгүй. Учир нь энэ 65 гишүүн 60 тэрбумаар гарч ирсэн гэдэг нь тодорхой болсон. 60 тэрбумаар гарч ирсэн 65 гишүүнээр ч гэсэн цаашид удирдуулах боломжгүй гэдэг нь харагдаж байна. Миний бие ард нийтийн санал асуулгын тухай УИХ-ын тогтоолыг удахгүй өргөн барина. Хямралаасаа гарцгаая. 60 тэрбумаар засаг төрийг байгуулбал бие биенээ алдаг юм байна, авлига хээл хахууль нь дийлддэггүй юм байна гэдэг нь харагдлаа шүү дээ. Төр зарчим, хуульт ёсон дээр тогтдог. Монголын төр мөнгөн дээр биш үнэт зүйлтэй, түүн дээрээ тогтох ёстой юм. Мөнгөн дээр тогтсон төр ямар байдгийг хангалттай харлаа. Цаашаа яаж явахаа бид ярих ёстой. Монголын төр, төрийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх цаг нь болсон.
-Зам, тээврийн хөгжлийн яаман дээр газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан. Цаашид ийм хэрэг гарахгүй гэх баталгаа алга байна. Яах ёстой вэ?
-Төрийн албаны сүүлийн 10 жилийн түүхийг харахад АТГ-ын дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга амиа алдлаа. Хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө яамны газрын дарга нэг нөхрийнхөө гарт амиа алдаж байх жишээтэй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын шударга ёсны хуулийн хайч хөдөлсөн бол ийм хэрэг гарахгүй байсан. Би өнгөрсөн нэг жилийн дотор хоёр хүнээс заналхийлэл авлаа. УИХ-ын гишүүн хүнийг өрөөнд нь орж ирээд ална, хядна гэж заналхийлж байна. Би нийтийн сонсгол зохион байгуулсныхаа төлөө “Орондоо хөнөөлгөнө шүү” гэдэг заналхийллийг хоёр удаа авсан. Тагнуулын дарга байсан хүн УИХ-ын гишүүнийг заналхийлсэн. Эрдэнэтийн асуудлыг ярьж байгаа бол “Тонилгоно шүү” гэж Ерөнхий сайд байсан хүн заналхийлж байх жишээтэй. Азаар миний бие амьд байна л даа. Гэхдээ Монголын төр ийм болсон. Монголын төр олигархуудын гарт орсон. Олигархууд төрийн албан тушаалтнуудыг томилдог боллоо. Энэ нь төрийн хүн төрийн зарчмаар ажиллах боломжгүй болсны илэрхийлэл. Нийтийн сонсгол зохион байгуулна гэсэн Оюун-Эрдэнийг доромжилж, балбаж байна. Намайг нийтийн сонсгол явуулнсны төлөө элдэв гурваар нь дуудсан. Монголын төр дампуурсны илрэл энэ. Олигархын төрийг татан буулгах ёстой. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нэгийг бодооч ээ. Бид нэгнээ үгүйсгэж, доромжлоод энэ чөтгөрийн тойргоосоо гарч чадахгүй. Нэг нам нь нөгөө намаар солигдож, нэг засаг нь нөгөө засгаа унагах замаар энэ намаг балчигаасаа гарч чадахгүй ээ. Бид гуравдагч шинэ замыг хамтдаа хайх ёстой. Үүний төлөө хамтдаа явцгаая. Бидэнд боломж бий шүү.
Э.ЭНХБОЛД