Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн Дуут сум сүү, цагаан идээ боловсруулах цехтэй боллоо

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газрын Secim төслийн хүрээнд Ховд аймгийн Дуут сум сүү, цагаан идээ боловсруулах цехтэй боллоо. Тус цехийн ажилчид одоогийн байдлаар 8 төрлийн 12 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, илүү өргөн хүрээтэй ажиллахаар төлөвлөж байгаа ажээ.

Дээрх цех нь хоногт 500 хүртэлх литр сүү боловсруулах чадалтай юм байна. Одоогийн байдлаар ямаа, үхэр, сарлагийн аарц, масло, цөцгийн тос, хэвтээ ааруул, жимстэй, цөцгийтэй тараг болон сурагчийн сүү зэргийг үйлдвэрлэж байна. Тус цех үйлдвэрлэсэн бүтээгдхүүнээ борлуулахад бэлэн болжээ. Сүү цагаан идээ боловсруулах цехэд 60 хүний бүрэлдэхүүнтэй саальчин эмэгтэйчүүдийн бүлэг сүүгээ шууд үйлдвэрт нийлүүлж эхлээд байна. Үүнээс гадна 6 саальчин бүсгүй тус цехэд ажиллаж байгаа юм. Энэхүү цех байгуулагдсанаар сум, аймгийн иргэд нутгийн үйлдвэрийн цагаан идээг байнга хэрэглэх боломжтой болсон төдийгүй хөдөөний малчид тогтвортой орлоготой болж байгаа гэдгийг төслийн зохицуулагч онцоллоо.

Энэ тухай Secim 2 төслийн Ховд аймаг дахь зохицуулагч Н.Батцагаан ”Цехийн ажилчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ эхний ээлжинд сургууль, цэцэрлэг болон нутгийн иргэдэд хүргэж эхэлж байна. Мөн “Нэвт” амралтын газартай гэрээ байгуулж бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр болоод байна “гэв.

Тэд одоогоор 12 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол цаашдаа олон төрөл болгож, сумынхаа бүтээгдэхүүнийг брэнд болгохыг зорьж байгаа юм байна. Харин “Алтайн цэнхэр уулс” хоршооны дарга А.Отгонбаяр “НҮБ-ы Хүнс, хөдөө аж ахуйн газрын Secim төслийн хүрээнд Ховд аймагт олон төрлийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, эхнээсээ үр өгөөжөө өгсөөр байгаа. Үүний нэг нь Булган, Дуут сумдад хэрэгжиж байгаа төсөл юм. Дээрх төсөл нь манай аймгийн Булган суманд хэрэгжиж байгаа. Булган сумын гэх тодотголтой бүтээгдэхүүнүүд аль хэдийн аймгийн төвд борлуулагдаад эхэлсэн байна” гэлээ.

Малын гаралтай сүү нь хүний бие махбодийг тэжээлийн чухал бүх бодисоор хангадаг цорын ганц хүнсний бүтээгдэхүүн юм. Мөн уураг, тос, нүүрс ус зэрэг үл орлогдох биологийн 100 гаруй нэгдэл агуулдагаараа бусад хүнсний бүтээгдэхүүнээс давуу талтай юм гэнэ. Түүнчлэн орчин үеийн шинэ технологиор сүү цагаан идээ боловсруулах нь уламжлалт гар аргаар боловсруулахыг бодвол цаг хугацаа хэмнэдэг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *