Categories
мэдээ соёл-урлаг

​“Цаг хугацааны машин”-ыг бүтээсэн Монгол зураач

Монголын уран зургийн ертөнцөд шинэ өнгө төрхийг бийрийнхээ үзүүрээр бүтээж чадсан зураач С.Заяасайханы бие даасан “Time machine” үзэсгэлэн “Q Art gallery”-д нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнгийн куратороор Торонтогийн үндэсний урлагийн музейн куратор, Осака хотын Soho Art галерейн захирал Селио Барратто ажилласан байна.

Тэрбээр Монголын Соёлын элч зураач бөгөөд Англи, Америк, Австрали, Япон, Хятад, Араб зэрэг дэлхийн 20 гаруй оронд өөрийн үзэсгэлэнгээ дэлгэж байсан юм.

Энэ удаагийн үзэсгэлэндээ урьд өмнө нь нийтэд дэлгэж байгаагүй 20 гаруй бүтээлээ үзэгчдэд сонирхуулсан байна. Тэрбээр 2001 онд Германы элчин сайдын яаманд, 2002 онд Монголын Урчуудын Эвлэлийн хороотой хамтарсан үзэсгэлэн гаргаж бажээ.

С.Заяасайхан Япон улсад ажиллаж амьдарч, уран бүтээлээ туурвиад багагүй хугацааг өнгөрөөсөн аж. Хамгийн анхны бие даасан үзэсгэлэнгээ 2016 онд “Маршал арт” галерейд гаргаж байжээ. Тухайн үед Монгол хатдыг, монгол эмэгтэйчүүдийг бишгүүр хөгжим барьж буйгаар тун сонирхолтой, өнгөлөг байдлаар дүрсэлсэн нь олон ч хүний анхаарлыг татсан гэнэ.

Түүний уран бүтээлээс эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, мөн чанар, байгалийн шүтэлцээ,монгол ахуйг орчин үеийн хэв маяг, олон өнгөний хоршлоор илэрхийлсэн байгаа нь харагддаг бөгөөд бүтээлээ уламжлалт болон контемпорари арга барилыг ашиглан зурдаг гэлээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр түүнтэй хэдэн хором ярилцлаа.

-Өмнө нь дэлгэж байсан бүтээлүүд одоо танилцуулж байгаа бүтээлүүдийн ихэнх нь Монгол эмэгтэйг тал талаас нь дүрслэн харуулсан байна. Заавал яагаад Монгол эмэгтэйг өөрийн уран бүтээлдээ тусгах болов?

-Аливаа зураачид уран бүтээлээрээ дамжуулан бусдад түгээх гэсэн санаа, нөлөөлөл байдаг. Миний бүтээлийн бусдад хүргэх гэсэн гол агуулга нь эрт үед амьдарч байсан монгол эхнэр, монгол бүсгүйчүүдийн эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг нийтэд таниулах болон өвөг дээдсийн өв соёл, монгол ахуйг өөрийн уран бүтээлийг материал болгож ашигладаг юм. Энэ нь нэг талаараа эх орноо дэлхийд таниулж буй хэрэг.

– Яаж урлагтай холбогдов? Хэрхэн уран бүтээлч болсон талаараа бидэнтэй хувцаалцахгүй юу?

-Анх урлагт ороход аав маань их нөлөөлсөн. Миний аав арван жилийн сургуульд зургийн багшаар ажилладаг байсан. Зураг хэрхэн бүтэж байгаа, хэрхэн амилж байгааг харж өссөн нь зураг зурах сэдлийн өдөөж өгсөн. Нэг удаа “Цагаан дарь эх” бурхныг шөнөжингөө зураад яг аавынхаа нүдэнд харагдахаар газарт тавьж унтаад өглөө боссон чинь “Миний хүү чинь зураач болчихжээ” гэж хэлсэн одоо ч мартагддаггүй.

Таны хувьд энэ үзэсгэлэнгийн онцлох бүтээл аль нь вэ?

-Энд хүрэлцэн ирж буй хүмүүсийг үзэсгэлэнгийн хаалгаар орж ирэхэд л “Хөгжимчин бүсгүйчүүд” бүтээл угтаж байгаа. Энэ бүтээлд монгол үндэсний хувцасаар бүрэн хувцасласан монгол эмэгтэйчүүдийг хийл, бүрээ зэрэг сонгодог хөгжмийн зэмсэг тоглож буйгаар дүрсэлсэн юм. Харин үзэсгэлэн үзэж дуусаад гарахад “Олны танил хүн” зургаар үдэж байгаа. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэнгийн гол онцлох бүтээл нь матар толгойтой, гар хуруугаа хөдөлгөсөн өөртөө итгэлтэйгээр урдаа суух эмэгтэйтэй ярьж буй костюм өмссөн бизнесмен залуугийн зураг юм. Орчин үед хүмүүс өөрөө байхыг бус амжилттай яваа хүнийг дагадаг, тэднийг дуурайн ярьдаг болсон. Мөн цахим мэдээллийн хэрэгслүүд нь хүний амьдралын хэв маягийг ихэд өөрчилж, бусдын анхаарлыг татах сэдлийг нь өдөөх болсон. Мөн өөрийн гэсэн дэмжигчидтэй болохын тулд хүн өөрийгөө алдаж байгаа талаар энэ зурагт тусгасан. Зураг дотор талд толь байрлуулсан нь үзэгчидзурган дотроос өөрийгөө олж харж болох юм.

-Уран бүтээлийн санаа хэрхэн төрдөг вэ. Мөн эх орноо дэлхийд таниулахын тулд уран бүтээлээрээ дамжуулан ямар зүйлсийг хийж байна?

– Өгөгдлөөсөө хамаараад маш олон төрлийн бүтээл туурвих сэдэл төрдөг. Өнөөдрийн миний хийж буй зүйл бол суурь уран зураг, гэхдээ бидний амьдарч байгаа үеийг контемпорари үе гэж нэрлэдэг. Энэ утгаараа уран бүтээлдээ энэ чиглэлийг тусгадаг. Мөн зарим бүтээлдээ японы зурах техникийг ашигладаг. Японд амьдарч байх хугацаандаа эх орноо дэлхийд сурталчлахыг хүсдэг. Энэ ч утгаараа Япон Монголыг холбосон олон ч найз нөхөдтэй болсон. Үзэсгэлэнд ч мөн Японы зарим телевизээс хүрэлцэн ирсэн.

Мөн тэрбээр “Өмнө нь туурвисан бүтээлүүд маань дараа дараагийнхыг аа хийх урмыг өгдөг. Ер нь бүх юмны сэдэл нь чи өөрөө байх ёстой гэж боддог. Хэн нэгнээс болоод сайн юм уу муу байж болохгүй. Бас гэр бүлээсээ урам зориг авна. Яаж ч бүтэлгүйтсэн хүүхдүүдээ унтаж байхыг хараад сэтгэл дүүрээд явчихдаг. Байгалийн сайхнаас мэдээж урам зориг авна. Бусдын гоё сайхан бүтээлүүдээс урам авдаг” гэж өөрийн бүтээл туурвих сэдлээ хэрхэн авдаг талаар нэгэн ярилцлагадаа хэлж байжээ.


З.СУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *